Сэлэнгийн хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргана

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргана

Сэлэнгийн хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт Сэлэнгэ аймгаар үргэлжилж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, хоршоод, төрийн албаныхан оролцож өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж,  200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13,4 центнер буюу 157358 тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан. Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэлтэй 154 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршооны 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9.2 хувь нь мал аж ахуй, 10.2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13.3 хувь нь газар тариалан, 15.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ. Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал Сэлэнгэ аймаг хүнсний ногоо, үр тариагаар аймгаа 100 хувь хангаж, бусад орон нутагт нийлүүлэх хүчин чадалтай ч хадгалах зоорь дутмаг байна. Ингэснээр тариаланчид намар ургацаа хямд өгч, хавар хүнсний ногооны хомсдолд орох нөхцөл үүсдэг гэв. Мөн өвлийн хүлэмж байдаггүйгээс зарим ногоочид орлогогүй болж, үйл ажиллагаа нь зогсоход хүрдэг. Сэлэнгэ аймагт чадварлаг боловсон хүчин зонхилж байна. Харин залуу үеийн төлөөлөл бага байдаг тул залгамж халаагаа бэлдэх шаардлагатай гэдгийг ч мөн хэлж байв.

НАРСАН ОЙ НАЙГАЖ БАЙНА
Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсэг Тужийн нарсан ойн нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцаж, мод тарилаа. Тужийн нарс Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар юм. Энэхүү байгалийн цогцолборт газар ой хээрийн түймэр болон хүний буруутай үйлдлээс болж ихээхэн сүйдээд байсан. Тиймээс УИХ-ын 39-р тогтоолоор 2002 онд тусгай хамгаалалтад авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаар нарсан ой өнөөдөр найгасаар байна.

ХӨДӨЛМӨРЧ ХҮН ЯМАР Ч ЦАГ ҮЕД САЙХАН АМЬДАРЧ ЧАДНА
Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд өрхийн тариалан эрхэлдэг С.Наранцогтын гэрт зочилж, жимсний мод үржүүлгийн талбайтай нь танилцлаа. С.Наранцогтын хувьд 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа, үлгэр жишээ иргэн юм. Түүний жилийн орлого 60 орчим сая төгрөг бөгөөд орон нутгийнхаа жимс, жимсгэнэ, модны суулгацын хэрэгцээг хангахаас гадна өөрсдийнхөө тарьсан эрүүл аюулгүй, шинэхэн хүнсийг хэрэглэж байна. Тэрээр мод үржүүлгийн талбайгаа танилцуулах үеэр, “хөдөлмөрч хүн ямар ч нөхцөлд, ямар ч цаг үед сайхан амьдрах боломжтой” гэж хэлсэн юм.

Сэлэнгэ аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун буцлаа. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилдэг тариаланч, үйлдвэрлэгчдэд шагнал гардууллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж