Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан. Энэ дагуу 2019 оны нэгдүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн билээ.
Тус ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Олон улсын судалгаанаас үзвэл, мөнгөний үнийн таамаглал өөдрөг байгаа бөгөөд 2030 он хүртэл мөнгөний хэрэглээ өсөх хандлагатай байгаа юм.
Тус ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 1995 онд “Апекс Сильвер” компани, 1998 онд “Сибгипрозолото” компани тус тус хийж байжээ. “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн 2020 онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Мөн эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.
Засгийн газар ажлын хөтөлбөртөө Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх, 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх, 2024 онд бүтээн байгуулах ажлыг хийж, үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд уурхайн амуудыг нээж, технологийн дээж авах, малталтуудыг сэргээх туршилтын ажлыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж, ордыг хэрхэн ашиглах талаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийжээ.
Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглалаар, 2020 онд нэг кг мөнгө 700 орчим ам.доллартай тэнцэж байв. Ордыг ашиглах нөхцөлийн тухайд үр ашиг өндөр байх боломжит бүх хувилбарыг хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж, тохиролцох шаардлагатайг тухайн үеийн сайд Г.Ёндон хэлж байсан билээ.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал Г.Ганболд “Асгатын мөнгөний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Урьдчилсан тооцооллоор хөрөнгө оруулалт 127.3 сая ам.доллар, 500 ажлын байр бий болгоно, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, ажлын зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам.доллар гэж төсөөлж байна. Тал талаас нь судалж байна” гэж мэдээлж байв.
Асгатын мөнгөний орд Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн.
1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй.
Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрчээ.
Өнөөдрийн байдлаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ямар шатанд явна вэ? “Эрдэнэс Монгол” компанийн Төсөл, хайгуул, ашиглалт судалгааны хэлтсийн уулын ашиглалт, олборлолт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргал эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Асгатын орд газар нь хоёр улсын хилийн бүсэд, байгаль цаг уурын болон уул техникийн хүнд нөхцөл байршдаг. Хуучин хайгуулын үе шатанд нээгдсэн хэвтээ амуудад хүрэхийн тулд зайлшгүй хилийн зурвас нэвтрэх шаардлага үүсдэг.
Ордын нөөцийн үнэлгээ ОХУ-ын хуучин стандартаар боловсруулагдсанаас хойш дахин нэмэлтээр геологи хайгуул судалгааны ажил хийгдээгүй. Хуучны хайгуул судалгааны ажил нь одоогийн олон улсын стандарт шаардлагад нийцдэггүй. Хүдрийг баяжуулах, боловсруулах технологи нь эцэслэн тогтоогдоогүй. Манай компани дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
Ордын нөөцийг өнөөгийн Монгол Улсад ашиглаж байгаа Ашигт малтмалын нөөцийг үнэлэх журам стандарт болон олон улсын жишигт нийцүүлэн тооцох, шаардлагатай тохиолдолд нэмэлт геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, технологийн схемийг эцэслэн тогтоох, хоёр улсын хилийн зурвасыг нэвтрэхгүйгээр ордыг ашиглалтад бэлтгэх нөхцөл бүрдүүлэх зэрэг нэмэлт судалгааны ажил давхар эхэлсэн" гэж мэдээлсэн юм.
Mонгол Улсын талаас хүдрийн бүсэд нэвтрэх аж. ТЭЗҮ-ийн хувьд дээрх судалгааны ажлуудыг эцэслэн боловсруулсны үндсэн дээр хийж гүйцэтгэх нь эрсдэл багатай гэж "Эрдэнэс Монгол" компани үзжээ. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг одоогоор шууд хэлэх боломжгүй юм байна.
ТЭЗҮ боловсруулагдсаны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох аж. Урьдчилсан үнэлгээгээр 200 тэрбум төгрөг гэж байгаа боловч энэ дүн эцсийн хувилбар биш юм. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмэлт хайгуул хийх, нарийн судалгаа, шинжилгээний ажил "Эрдэнэс Монгол" компанийн түвшинд урагшилж байгаа аж.
Холбоотой мэдээ