Сурвалжлага: ГИХГ Орос иргэдээр дүүрч байна

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: ГИХГ Орос иргэдээр дүүрч байна

Сурвалжлага: ГИХГ Орос иргэдээр дүүрч байна

Орос-Украины дайн ес дэх сардаа үргэлжилж, сүүлдээ бүр цөмийн зэвсэг яригдах болжээ. Хойд хөрш армиа зузаатгахын тулд хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлсэн нь Монголтой ойр Орос, Буриад, Халимаг, Тува залуусыг нааш “зугтаах” шалтгаан болов.

Монгол Улсад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 122 улсын 21539 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байгаагаас ОХУ-ын 4600 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх суралцагч, хөдөлмөр эрхлэгч, гэр бүлийн болон хувийн зорилгоор оршин сууж байгаа аж.

Нийслэл хотын гудамжаар, зах худалдааны төвүүдээр Оросоос ирсэн залуучууд олширч, элдэв асуудалд орооцолдож эхэлсэн учир тэднийг хэрхэн хянаж, ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахаар Гадаадын иргэн, харьяатын газрыг зорилоо.

Буянт-Ухаад байрлах тус байгууллага сүүлийн үед олны хөлд дарагдаж байгаа гэнэ. Хашааных нь үүдэнд Буриад, Халимаг, Орос, Якут, Тува залуус хэсэг хэсгээрээ зогсч, тамхилж, зогсоол дээр нь Дарханы замаар дамжин нийслэлд хүрсэн нь тодорхой харагдах тоос шороондоо дарагдсан, Орос дугаартай автомашинууд эгнэсэн байв. Харин дотор үйлчилгээний танхимд түм түжигнэж, бум бужигнаж байх агаад Орос, Англи үг, өгүүлбэр энд тэндгүй сонсогдоно. Энд Оросоос ирсэн иргэдээс гадна Хятад хүмүүс мэр сэр байлаа.

Гадаадын иргэн, харьяатын газрын өгсөн мэдээлэлд, 2022 оны есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар визгүй ирсэн ОХУ-ын иргэдээс 80 иргэн Монгол Улсад зохих хэлбэрийн оршин суух зөвшөөрлийн хүсэлт ирүүлснээс 80 иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ. Мөн Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй зорчих нөхцлөөр ирсэн ОХУ-ын 1872 иргэний Монгол Улсад байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан байна.Үүнээс гадна зохих ангиллын визтэйгээр ирсэн ОХУ-ын 227 иргэнд оршин суух зөвшөөрөл олгосон гэв.

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй зорчих нөхцөлөөр ирсэн иргэдийн дийлэнх нь 18-65 насны иргэд байна. Тодруулбал, 18-65 насны эрэгтэй 1674, эмэгтэй 130, хүүхэд 62 байна. 65-аас дээш насны 3 иргэн байна.

Хашааны үүдэнд тамхилан зогсох Прокофиев гэх Буриад залуутай хэсэг хором ярилцсан юм. Тэрбээр есдүгээр сарын 26-ны өдөр Монголд ирсэн бөгөөд Циркийн ойролцоо байр түрээслэн амьдарч байгаа гэнэ. Түүнээс Улаанбаатарт амьдрахад хүндрэлтэй зүйлс байгаа эсэх талаар асуухад “Хэл ойлголцоход хэцүү байна. “Google”-ийн орчуулагч туслаж байгаа. Мөн Орос хэл мэддэг залуустай таарах юм” гэлээ.

Прокофиев Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ Оростой харьцуулахад чанартай, хямд байна гэдгийг дурдсан. Хэрэв зардал нь ингээд болоод байвал энд ажиллах хүсэлгүй байгаагаа хэлж, хэд хоног сайхан амармаар байна гэсэн юм.

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд Оросоос ирсэн иргэдийг ажилд авах хүсэлтэй олон байгууллага, хувь хүн гарч ирсэн. Мөн хэлний төвүүд, их сургуулиуд дээр Монгол хэл сурах хүсэлтэй гадаадын иргэд ихээр хандаж байна. Тэгвэл ажиллах, суралцах хүсэлтэй гадаадын иргэдэд ямар шаардлага тавьдаг болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад “Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангасан иргэдэд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгохоор болсон. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэрүүд гарна” гэж хариуллаа.

Гадаадын иргэн, харьяатын автомашины зогсоол дээр Денис болон түүний найзуудтай цөөн үг сольсон юм. Тэд Монголд ирээд хоёр долоо хонож байгаа бөгөөд Монгол хүмүүс тусч, сайхан сэтгэлтэй гэдгийг онцолж, нэг таксины жолооч бүр тэднээс ямар ч төлбөр авалгүй зорьсон газарт нь хүргэж өгсөн гэдгийг хэлэв. Үүнээс гадна тэдэнд Баянгол дүүрэгт байр түрээслүүлж буй эзэн нь хямдрал үзүүлж, хэрэгтэй бүхнээр нь туслаж байгаа гэнэ. Гэхдээ Денис болон түүний найзуудад Монголын хууль, дүрэм журамтай холбоотой хэд хэдэн асуудал гарчээ. Тухайлбал, тамхи татаж болохгүй газар тамхилж, машинаа үлдээж болохгүй газар үлдээж бараг л ачуулах дөхсөн аж.

Денис эхнэрээ Оросоос ирсний дараа Монголд үлдэх эсэхээ шийднэ гэлээ.

Гадаадын иргэн, харьяатын зөрчил шалган шийдвэрлэх газар бүртгэлээр болон биечлэн хяналт шалгалтыг дээрх иргэдэд тогтмол хийж байна. Мөн гадаадын иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв.

Ер нь гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, үндэслэл тогтоогдсон тохиолдолд албадан гаргах хүртэл арга хэмжээ авах ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж