МАН-ынхнын матаачдаа “шагнах” хууль

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ынхнын матаачдаа “шагнах” хууль

МАН-ынхнын матаачдаа “шагнах” хууль

Монголын төр  сошиал дагаж, түүгээр дамжуулан ажлаа хийдэг болоод удаж буй. Сошиалд хэн чанга орилж, шүүмжилж чадна тэр хүний талд төр шийдвэр гаргах тохиолдлууд улам олшрох болов. Хэн нэгэн даргын ууртай бичлэг, ажилчидтайгаа зүй бус харилцаж байгаа яриа, дарга, төрд ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйгүй үйлдлүүд цахим орчинд тарж, иргэд маш ихээр шүүмжилбэл төр хариуцлага ярьдаг, ажлаас нь чөлөөлдөг.

Хамгийн сүүлд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдээ “ул”-ны айлууд гэж доромжилсон Д.Сарангэрэлийг сайдаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байв, төр. Түүний дараахан Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирлын ажилчидтайгаа ёс бус харилцаж байгаа бичлэг тарсны дараа мөн ажлаас нь халав.

Санаж байгаа бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхад “Дөнгөж төрсөн ээжийг тавчигтай эмнэлгээс” гаргасан мэдээллээс болж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан удаатай. Энэ мэтчилэн иргэд сошиал орчинд яаж шүүмжилж, яаж хашгирч байгаагаас Монголын улстөрчид “ашиг” хонжоо харж, чөлөөлдөг, халдаг байдал хэвшмэл болсон. Мэдээж ажлын хариуцлага алдсан, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг ч олон нийтийн шүүмжлэлээс айж, эмээж, эсвэл тэдний хандлагыг харж байгаа улс төрийн тоглолт хийж боломгүй.

Засгийн газраас “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хууль өргөн барьсныг удахгүй УИХ хэлэлцэнэ. Сайхан нэртэй ч сошиалаар ажлаа хийдэг улстөрчдөд бол “олз” болохоор хууль аж. Шүгэл үлээгчдийг 100 мянгаас 1,5 тэрбум төгрөгөөр урамшуулна гэх.

Хэн нэгнийг чөлөөлөх эсвэл өөрийн хүнээ томилохоор бол бас нэг цүнх баригчаа шүгэл үлээгчийн дүрд тоглуулаад л асуудлыг гартаа авчих тийм хөрстэй, Монголын улс төр. Мэдээж ардчилсан улсад, төр барьж буй улс төрийн намууд нь зөв төлөвшилтэй болж шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй юу гэвэл, маш хэрэгтэй. Гэхдээ нэг намынхаа ахыг таалагдахгүй байна хэмээн хүний, өөрийн намынхантай нийлээд Сүхбаатарын талбай дээр “шударга ёс” яриад л “өшөө”-гөө авчихдаг улстөрчидтэй цагт жинхэнэ шүгэл үлээгчид гарч ирнэ гэдэг юу л бол. Өнөөдөр тохойг нь түшиж байсан ах нарынхаа эсрэг зогсох нүүргүй,  эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцдаггүй, хэнтэй ч гар барьдаг, хэний ч хөнжилд ордог улстөрчидтэй цагт бол бүр ч үлгэр.

Шүгэл үлээгчийн хууль таван бүлэг 22 заалттай. Хуулийн үндсэн зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг нь дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх гэсэн гоё зорилготой. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг мэдээлж буй иргэн, аж ахуй нэгжид хамаарах хууль. Үндсэндээ манайхны одоо хийдэг “сошиал ажиллагаа”-г албажуулж, хуультай болгож байна гэж болно. “Сошиал яллагчид”-аас ялгаатай шүгэл үлээгчийн мэдээлсэн мэдээллийг прокурор, АТГ, Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаа, Гааль, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудад хүлээн авч, шалгана. Шүгэл үлээсэн мэдээллийг 30 хоногийн дотор хяналт, шалгалт явуулж, үр дүнг нь хариу мэдээлэх зохицуулалттай. Гэхдээ бас нууцад хамаарах, өмнө нь шалгуулж байсан, илт худал мэдээлэл, цахим орчин, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн бол хяналт, шалгалт явуулахгүй гэжээ.

Нийтийн эрх ашгийг хамгаалах, ашиг сонирхлоос ангид байх зохицуулалттай бие даасан байгууллага гэж бий, тэр нь Авлигатай тэмцэх газар. Нөгөө талд АТГ нь өөрөө улстөрчдийн гар хөл болж, улстөрчдийн заавраар яллагчийн дүрд тоглодог ийм цаг үед шүгэл үлээгч бүрийн гаргасан гомдлыг хэлэлцээд явна гэдэг юу л бол.

Ингээд бодохоор Шүгэл үлээгчийн хууль бидэнд хэрэгтэй боловч өнөөдрийн улс төрийн хөрс, эрх барьж байгаа намын хийж буй үйлдлүүд, хуулийн байгууллагын ажиллаж байгаа нөхцөл байдал, боловсруулсан хуулийн төсөл зэргийг харвал энэ хууль матаачдын нь л хууль болоод дуусах болов уу гэх хардлага төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж