Бээжин хотноо өнөөдөр/2022.10.16/ Коммунист намын Ардын их хурал эхэллээ. Хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин стратегийн ач холбогдол бүхий технологийг хөгжүүлэхийн төлөөх тэмцэлд ялалт байгуулна гэж амлалаа. Түүний мэдэгдэл дэвшилтэт технологийн чип үйлдвэрлэх өрсөлдөөнөөс АНУ нь Бээжинг шахан гаргахад санаа зовниж буйг илэрхийлж байна гэж ажиглагчид онцолжээ.
“Бид үндэсний стратегийн ашиг сонирхолоо хамгаалахад анхаарч, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх судалгааг хийж, технологийн гол өрсөлдөөнд ялалт байгуулна” гэж мэдэгджээ. Коммунист намын 20-р их хуралд хэлэхдээ, Ши Жиньпин “дэлхийн хоёр дахь том эдийн засгийнхаа хувьд Хятад улс нь өрсөлдөөний гол хүчин зүйл болох инновацийг хөгжүүлэх хурдаа нэмэгдүүлж, том зураглалын, урт хугацааны ач холбогдолтой, стратегийн олон төслийг хэрэгжүүлж, хурдацтай ажиллана” гэв.
Ши Жиньпин Хятадын хүч нэмэгдсэн гээд “аюулт шуурга”-наас болгоомжлуулав. Түүний энэ мэдэгдэл нь, хагас дамжуулагч, суперкомпьютерээс эхлээд хяналтын систем, дэвшилтэт зэвсэг хүртэл өргөн салбарт эдийн засгийг хөгжүүлэх чадамжийг бууруулж болзошгүй технологийн экспортод шинээр хязгаарлалт тавьсан АНУ-тай Хятад улс шийдэмгий тэмцэхээр төлөвлөж байна гэж ажиглагчид тайлбарлав.
Энэ сарын эхээр АНУ-ын Худалдааны яам Хятадын компаниудад хагас дамжуулагч болон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдахыг хязгаарласан өргөн хүрээтэй журмыг танилцуулсан нь Бээжингийн өөрийн чипний үйлдвэрлэлийг бий болгох хүчин чармайлтад том саад болжээ.
“Эдийн засгийн хөгжил бол Коммунист намын үндсэн чиглэл” гэж Ши Жиньпин хэлэв.
Хагас дамжуулагч технологийн хүртээмжийг хязгаарлаж байгаа АНУ-ын хоригийг Бээжин шүүмжилж, нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, энэ сараас хэрэгжиж эхлэх арга хэмжээ нь шударга бус бөгөөд "АНУ-ын компаниудын эрх ашгийг ч хөндөх болно" гэжээ.
Ши Жиньпин намын их хурал дээр хэлсэн үгэндээ Хятад улс одоо дэлхийн шинийг эрэлхийлдэг агуу орнуудын нэг болсон гэж онцлон сансар судлал, биоанагаах ухаан зэрэг салбар дахь чадавхийг нь өндрөөр үнэлэв.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ