Ц.Цогтбаатар аварга болж, Э.Ариунболд, Л.Энхрийлэн цахиур хагалав

Хуучирсан мэдээ: 2022.10.16-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар аварга болж, Э.Ариунболд, Л.Энхрийлэн цахиур хагалав

Ц.Цогтбаатар аварга болж, Э.Ариунболд, Л.Энхрийлэн цахиур хагалав

Жүдо бөхийн энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-д таван тивийн 82 орны 571 жүдоч өрсөлдөж, медальтнууд, шинэхэн аваргууд төрөв. Их спортыг үндэслэгч Япон уламжлал ёсоор багийн дүнгээр тэргүүлсэн. Харин Монгол Улс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай дөрөвдүгээр байр эзэлсэн билээ.

Энэ нь Гүрж, Франц, Куба, Өмнөд Солонгос, Итали тэргүүтэй бөхийн хүчирхэг гүрнүүдээс илүү гарах үзүүлэлт юм.

Манай тамирчдаас Э.Ариунболд, Л.Энхрийлэн нар цахиур хагалж, таамаг эвдсэн. Дэлхийн аваргын өмнө гадаадын шинжээчдийн гаргасан тааварт тэднийг медаль хүртэнэ гэж нэрлээгүй байв. Гэвч тэд мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Э.Ариунболд гавьяат тамирчин Г.Болдбаатар дасгалжуулагчийнхаа амжилтыг давтаж, финалд үлдэж чадсан. Тэрбээр мөнгөн медальд хүрэх замдаа Чехийн Давид Пулкрабекийг, Нидерландын Торнике Тсжакадоеаг, Италийн Ангело Пантонаг, Узбекистаны Дилшодбек Баратов нарыг тус тус ялсан. Гэвч алтан медалийн төлөө Японы алдар цуут аварга Наохиса Такатод тахим буулгав.

27 настай Э.Ариунболд  өдгөө дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж байна.

Мөн эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Бараг л алтын дайтай хүрэл гэж тодорхойлж ч болохоор. Учир нь тэрбээр хэсэгтээ Канадын шилдэг жүдоч Криста Дэгүчиг, дагах барилдаанд Украины урдаа барьдаг Дарья Билодид хоёрыг дийлсэн. Түүнийг ганц ялсан нь Израилийн Тимна Нелсон Леви. Уг нь хоёр тамирчин Улаанбаатарт учраа таарахад манай тамирчин ялж байсан түүхтэй. Ямартай ч өдгөө дөнгөж 23 настай Л.Энхрийлэн дэлхийн медальтан боллоо.

Тэрбээр жингийнхээ чансааны наймдугаарт бичигдэж байна.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар олимпийн хүрэл медалиа, дэлхийн аваргын алтан медалиар ихэрлүүллээ. Энэ жингийн дархан аварга Японы Шохэй Оно барилдах боломжгүй болсон учир бүх жүдочдод боломж гарч ирсэн. Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидон, Италийн Мануэль Ломбардо, Японы Соичи Хашимото зэрэг амаргүй даваануудыг гэтэлж, энгэртээ алтан медаль зүүж, Хумо аренад эх орныхоо төрийн далбааг мандуулж, дууллаа эгшиглүүлсэн.

Ташкентын дэлхийн аваргад бүрэн задраагүй уухай бий. Тухайлбал, Ё.Басхүү, Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой нараас өндөр амжилт хүлээж байсан хүмүүс олон. Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Парисын олимп хүртэл хоёр жил гаруй хугацаа байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж