УИХ-ын чуулган, тэр байтугай МАН-ын байраар эргэлдээд байдаггүй гишүүн Ц.Анандбазар өчигдөр /2022.10.14/ УИХ-ын чуулганы үеэр ирэх оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр үгийнхээ эхэнд ЗГХЭГ-ын даргад хандан Сангийн яамаар орж үзэхийг зөвлөлөө.
Тодруулбал “Юуны өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг, Сангийн яамаар орж үзээч ээ гэж зөвлөмөөр байгаа юм. Мөнгөн урсгал гэж Монгол Улсын амин чухал зүйл байна. Мөнгөн урсгалыг хэн барьж, хэн зохион байгуулж буйг байнгын хороон дээр олон удаа асуусан. Мөнгөн урсгалыг удирдана гэдэг санхүүгийн өндөр мэдлэг, аж ахуй тооцоо мэддэг хүний ажил байдаг. Олон хүн мөнгөний урсгалыг удирдана гэж байдаггүй юм. Тийм ч учраас төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирсэн нь өрийн таазыг нэмэгдүүлж, урсгал зардлаа нэмэгдүүлж, үргүй олон зээл авахаар орж ирж буй зүйл ажиглагдлаа. Авч буй зээл ажлын байр бий болгодоггүй, түргэн хугацаанд үр ашгаа өгдөггүй төслийг сонгоод байвал цаашдаа эдийн засаг улам хүндэрнэ. Тиймээс зарлагыг Сангийн яам төсвийн хүрээний мэдэгдлийг “бариулах” биш эдийн засгийн сайддаа голлож өгөх шаардлагатай байна. Урсгал зардлаа танах хэрэгтэй. Мэдсээр байж эсрэг юм хийгээд байвал эдийн засаг хүндэрнэ. 2024 онд улсаа дампууруулчихсан байдалд хүрмээргүй байна.
Д.Амарбаясгалан дарга идэвхтэй ажиллаж харагдсан. Гэхдээ ажлаа Сангийн яамнаас эхлүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
Ер нь төсвийг эргэн задлахгүй бол болохгүй гэж хөдөөгийн гишүүд үзэж байгаа. Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн танасан байна. Түгжрэлийг мөнгөөр болгодог эд биш. Түгжрэлийг шинэлэг санаачилга, IT технологиор бууруулах ёстой. Улаанбаатарт жил бүр 50 мянган оюутан нэмэгдэж байна. Нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлэх юм бол 50 мянган оюутан түгжрэл үүсгэхгүй. Сайд дарга нар нэмэгдсэнтэй холбоотой төсвийн урсгал зардал нэмэгдэж байна” гэлээ.
Ийнхүү орон нутгаас сонгогдсон гишүүд төсвөө тануулсан учраас чуулганы танхимд бухимдалтай сууж байна. Эргэн сануулбал, Ц.Анандбазар гишүүнийг хүчирхийллийн хэрэгт холбогдсон тул түүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д сул гишүүн гэгддэг билээ.
Холбоотой мэдээ