УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр /2022.10.14/ Төв аймагт ажиллаж, аймгуудын эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зуунмод сумын ӨЭМТ-үүд, 27 сумын Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 362 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Нийт 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн 873 ширхэг тоног төхөөрөмжийг сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад, мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны хэсгийг C-RM аппарат, нүдний мэс заслын микроскоп, өвчтөний хяналтын монитор зэрэг 16 нэр төрлийн 261.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа. Ингэснээр аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн стандарт хангалт нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байгааг нээлтийн үеэр онцоллоо.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Төв аймгийн эрүүл мэндийн салбарт өнөөдөр чухал үйл ажиллагаа болж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж 1.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг төв аймгийн бүх сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулж байна. Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагч ямар хүнд ачаалалтай ажилладгийг ойлгосон. Иргэддээ тусламж үзүүлэхэд тоног төхөөрөмжийн хүрэлцээ маш чухал байдаг. Сүүлийн жилүүдэд төр засгийн зүгээс эрүүл мэндийн салбар руу маш их анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн арга хэмжээ гэж хэлж болно. Цаашид, эрүүл мэнд боловсрол нэн тэргүүнд байхад чиглэсэн хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ.
Өнөөдрийн тухайд сум бүрт нийтдээ 16 төрлийн тоног төхөөрөмж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд нэн шаардлагатай, өндөр өртөгтэй C-RM аппаратыг хүлээлгэж өглөө.
Ингэснээр, иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр аймаг орон нутагтаа тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн нүдний мэс заслын микроскоп, сумдын багцад сумдад тэр бүр байдаггүй зүрхний аппарат, УВЧ, тарианы аппарат, хүчил төрөгчийн аппарат, сувилагч нарт зориулж ажиллах ширээ,шүүгээ болон өвчтөнүүдэд зориулсан стандартын ор,шүүгээ гэх мэтчилэн тоног төхөөрөмжийг өгч байна. Мөн эрүүл мэндийн салбарынхан цахим орчинд ажиллах шаардлагатай тул зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.МӨНХТУЯА:
-Төв аймагт эрүүл мэндийн салбарын хүрээнд шат шатанд тоног төхөөрөмжийн хангалт хийгдэж байна. Ялангуяа цар тахал, мөн томуугийн улирал эхэлж буй энэ цаг үед томуу, covid-19 давхцаж өндөр эрсдэл үүсгэж болзошгүйг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Тиймээс энэ цаг үед эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж өгч буй нь өндөр ач холбогдолтой. 2021,2022 оны хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт 16.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бид 2022 оны хагас жилийн байдлаар тоног төхөөрөмжийн хангалтыг авч үзвэл, аймгийн нэгдсэн эмнэлэг 2017 оны стандартаар 83 хувь, сум орон нутгийн хэмжээнд 71 хувийн тоног төхөөрөмжийн хангалтын түвшинд хүрсэн. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний чадамж нэмэгдсэн.
Мөн ард иргэдээ байгаа газарт нь тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэж байна. Ялангуяа 2022 онд ЭМЯ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээнд, чанар ахиц гаргах жил болгон зарласан. Энэ аяны хүрээнд ДЭМБ, хандивлагч орнууд, улсын төсвийн хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг С-RМ рентген аппараттай боллоо. Ингэснээр аймаг орон нутагт тусламж үйлчилгээ авах, мэс заслын тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод хийгддэг, зарим төрлийн хагалгааг орон нутагт хийх боломж бүрдэж байна. Нүдний микроскоп нийлүүлэгдсэнээр иргэд Улаанбаатар хотыг зорихгүйгээр нүдний нарийн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.ЭНХТАЙВАН:
-УИХ-ын гишүүн Ц.Тувааний санаачилгаар төв аймгийн эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж сайжруулах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд, бүх сум, өрх, аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, уг хөрөнгийг улсын төсөвт суулгаж, шийдвэрлэж өглөө. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт C-RM буюу хөдөлгөөнт рентген аппарат, нүдний хагалгааны микроскоп зэрэг өндөр өртөгтэй хоёр тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө. Хөдөлгөөнт аппаратын тусламжтайгаар гэмтлийн маш олон хагалгааг орон нутагт хийх боломж бүрдэж байна. Үүнд, нуруу нугасны мэс заслын хагалгаа, өвдөг, түнх, дунд чөмгийн хагалгаа, урологийн мэс заслууд буюу бөөрний чулууг рентген хяналт дор авах боломж бүрдэж байна. Хүний нөөцийн хувьд нуруу нугасны хагалгаа хийх боломж бүрдсэн. Мөн цөсний замын хагалгааг рентген хяналттайгаар стандартын дагуу хийх ёстой байдаг. Энэ боломжийг бүрдүүлж чадлаа.
Холбоотой мэдээ