Газрын тос олборлогч орнуудын байгууллага (ОПЕК), түүний холбоотнууд (“ОПЕК+”) ирэх арваннэгдүгээр сараас эхлэн олборлолтоо 2020 оноос хойш хамгийн ихээр буюу хоногт 2 сая торхоор бууруулахаар шийдвэрлэсэн. Үүний улмаас нефтийн зах зээл дээр нөхцөл байдал улам ээдрээтэй болж магадгүй байна. Тэд олборлолтоо танах болсон шалтгаанаа “Дэлхийн эдийн засгийн хөгжил удааширснаар газрын тосны эрэлт буурах магадлалтай байна” гэж тайлбарласан.
Дээрх шийдвэрийн улмаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс хойш буурч байсан газрын тосны үнэ 92-оос 94 доллар болж нэмэгдсэн, цаашид өсөх нь тодорхой талаар шинжээчид тэмдэглэсэн байна.
Цагаан ордон “Орос-Украины дайнаас үүдэн дэлхийн эдийн засагт хохирол учирч буй энэ үед ОПЕК+-ийн гаргасан шийдвэр “алсыг хараагүй харалган шийдвэр” гэж дүгнэжээ. Вашингтоны хувьд газрын тосны үнийг буулгах асар ихээр сонирхолтой буй нь оросуудын газрын тосноос олж байгаа орлогыг аль болох багасгах оролдлого аж.
ОПЕК-ийг даргалагч орон болох Саудын Араб өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа газрын тосны олборлолтыг танах шийдвэрийг нэг сараар буюу АНУ-ын завсрын сонгууль өнгөрөх хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан талаар мэдэгдэв. Гэвч Саудын Араб тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд “ОПЕК-ийн гишүүд эдийн засгийн хэтийн төлөв, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шийдвэрээ гаргасан” гэж мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлд “Саудын Арабын Засгийн газар АНУ-ын засаг захиргаатай зөвлөлдөх үеэрээ ОПЕК+-ийн шийдвэрийг нэг сараар хойшлуулах нь эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэдгийг эдийн засгийн бүх дүн шинжилгээ харуулж байгааг тодотгосон” гэж дурдсан байна.
Европын орнууд энэ оны сүүлээр Оросын эсрэг газрын тосны хориг тавихаар төлөвлөжээ. Тус хоригийн хүрээнд Оросын газрын тосыг Европын холбооны гишүүн орнууд руу далайгаар тээвэрлэхийг бүрмөсөн зогсоох аж. Цаашид газрын тосноос гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзахаар төлөвлөжээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Саудын Арабыг ОХУ-д орлого олоход нь тусалж, Украины дайнтай холбогдуулан Москвагийн эсрэг авсан Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ үр нөлөөгөө өгөхөд саад тотгор учруулж байна хэмээн буруутгасан байна.
Үүний зэрэгцээ улс орнуудад инфляци эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл өндөр буй энэ үед OПЕК-ийн Өргөтгөсөн бүлэг IV улиралд олборлох газрын тосны төсөөллөө өдрийн дүнгээр 440 мянган торх болгож бууруулжээ.
Газрын тосны үнэ III улиралд 23 хувиар унасан нь сүүлийн хоёр жилд байгаагүй тааруу үзүүлэлт болсон бөгөөд энэ нь OПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудын орлого буурах эрсдэл дагуулж буйг шинжээчид мэдээлж буй юм.
Эх сурвалж: BLOOMBERG, CNBC
Холбоотой мэдээ