УИХ 2022 оны намрын ээлжит чуулганаараа ямар ямар асуудал хэлэлцэн батлах талаар сонирхов. Энэ улсын иргэн болж төрсний хувьд манай төрийн дээд байгууллагад ажиллаж буй хүмүүс юу бодож, юу шийдэж суудгийг сонирхож, ам хэлээ билүүдмээр санагдахын байна шүү дээ. 2013 он шиг санагдаж байна. “Олуулаа болох тухай” гэдэг нэртэй хуулийн төсөл өргөн баригдаад, хэлэлцэх явцад гишүүдийн ихэнх нь нэрний хувьд гайхаж, юун хууль хаанаас гараад ирэв гээд л мэдэн будилцгааж байсан санагдана.
Хуулийн нэр гэхэд нэг л албан бус, тодорхой бус санагдсан биз, уул нь ээжүүд олон хүүхэд гаргаад улс орноороо олуулаа болцгооё, та нар хүүхэд гаргаад л байвал төрөөс мөнгө өгье, дэмжие гэсэн утга агуулгатай төсөл байсан юм билээ. Гэх мэтчилэн сонин нэр шошготой, эсвэл гуч дөчин үгнээс бүтсэн нэртэй хууль энэ тэр гээд сонирхол татах юм манай хуульд байна. Үүнээс үүдээд сошиалаар тэнэж явтал таарсан 2022 оны сүүлчийн чуулганд “амжиж” орсон төслүүдийг хальт харав. Яаралтай, тулгамдсан асуудал биш л бол санаачилж өргөн барьсан хуулиа чуулганаар батлуулах гэж гишүүдийн дунд бараг “алаан” болдог гэж сонсч л байлаа.
Хэр олон хуулийн төсөл санаачилснаараа цалингаас гадуур мөнгө авдаг нь ч нөлөөлдөг л биз, хувийн амбиц байдаг л биз, чиний төсөл миний урдуур дайрлаа, чи яасан арын хаалгатай юм гэсэн тэмцэл яваа харагддаг. Зарим хуулиуд иргэдэд ямар ч падлийгүй мэт, амьдралд ашиглагддаггүй мэт санагдахыг яана.
Намрын чуулганаар нийт 64 төсөл оржээ. Автотээвэр, агаарын хөлөг, ашигт малтмал, аялал жуулчлал гээд зохицуулж өөрчлөх олон асуудал салбар салбартаа л байна. Гэснээс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авахыг хориглох тухай” гэж юу гэсэн үг вэ. Булаан авах нь өөрөө хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Заавал “хууль бусаар” гэж оруулах шаардлага байна уу. Нөгөө алдарт “ул” гэх үгээр хөөцөлдлөө гэж “хатан ижий” өргөмжлөлт гишүүний хэлдэг шиг үгээр улс төр хийж попроход албан бичиг хэрэг, хууль дүрэм бол илүү ч үгүй дутуу ч үгүй үг, найруулгатай байх ёстой. Цэг, таслал байраа олоогүйгээс болж хуулийг буруу ашигласан явдал шүүхийн практикт гардаг даа гэсэн шүү юм бодоод хууль батлах гэж байгаа
УИХ-ын гишүүн шахуу өөрийгөө төсөөлчихсөн сууж байтал жагсаалтын 32-т “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” гэсэн нэр дурайж байна. Ашигт малтмал, агаарын хөлгийг бодвол тамхины маань хууль маньд илүү хэрэгтэй юм даа.
Дээгүүр эрэмбэлэгдсэнийг бодоход сургуулиа тойроод утаа баагиулан зогсох хүүхдүүдийг яаж тамхинаас гаргахав, гараас гарт нууц наймаа явагддагийг яаж цэгцлэхэв гээд бас л тамхины хяналтын асуудал, хүүхэд залуусын тамхины хэрэглээ нэн чухалд тооцогдож байгаа бололтой. Бололтой ч юу байхав, угаасаа чухал ч түүнийг шийдэх зөв гарц олж чадалгүй өдий хүрсэн байдаг. Сургуулиас 501 метрийн зайд тамхи зарвал хууль зөрчөөгүйд тооцогдоно. 500 метр алхаад ирж чадсан хүүхэд цааш хоёр алхаад тамхитайгаа золгоход юухан байхав. Ахлах, дунд ангийн эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 9.1 хувь нь янжуур тамхи татаж, нийт эрэгтэй эмэгтэй сурагчдын 50 гаруй хувь дам тамхидалтын золиос болдог тухайгаа судалгаанд хамрагдахдаа өчсөн байдаг. Тамхилах тусгай цэг хуулиар тогтоож өгсөн ч автобусны буудал, тоглоом, биеийн тамирын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд тамхи татаж буй залуусыг олноор нь харж болно.
Энэ мэтчилэн тамхины тухай хатуу хяналттай болсон гэж өөрсдийгөө хуурч, улам далд хэлбэрт оруулан, өсвөр насныхан наймаачдын дундах гараас гарт “нууц ажиллагаа”-г өөгшүүлж байхын оронд татвар, хяналт, сэтгэлзүйн туслалцаа, хориглох зэрэг зарчмын арга хэмжээнээс гадна хор багатай, утаагүй, никотины хэмжээг бууруулсан эсвэл бүр никотингүй хэрэглээг санал болгоод үзвэл богино хугацаандаа үр дүнтэй гэж Тамхины хяналтын суурь конвенцийн бодлогод тулгуурлан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод тодорхойлсон байдаг.
Тийм учраас Япон, Англи зэрэг оронд утаат тамхины борлуулалт 30-40 хувь буурч электрон тамхины хэрэглээг нэгэнт хүлээн зөвшөөрч хуульчилснаа ил тод зарласан байна билээ. Манайх дутах юу байхав.
Хяналтын тухай хуульдаа электрон тамхийг хуульчилж оруулсан хэд дэх ч юм эко улс болсноо зарлахад гэмгүй санагдана. Эко гэдэг нь учиртай. Тамхины утаа багасч агаарын бохирдлыг бууруулахад бага бус ач холбогдолтой, тамхины иш байгальд хаягдаж хөрс бохирдуулахгүй, мөн ан амьтан, жигүүртэн шувууд газраас хоол түүхдээ тамхины иш хамт “зооглож” хахаж буюу хордож үхдэг явдал багасна, хавар намрын хуурайшсан улиралд унтраагаагүй хаясан тамхины ишнээс галын аюул нүүрлэхгүй болно гээд зөвхөн хүний эрүүл мэнд талаасаа бус байгаль дэлхийд үлдээх ач тусыг тоочвол барагдахгүй их юм болно, ингэсгээд зогсоё.
Тамхи бол эм биш, хоол биш. Сэтгэл санаа тайвшруулж, алжаал ядралыг түргэн хугацаанд сатааруулдаг, уй гунигийг мартуулдаг, хүч чадал сэргээдэг богино зайн “найз” юм.
Анх хүмүүс зэрлэгээр ургадаг ургамлыг үнэрлэх, зажлах аргаар хэрэглэн мансуурч байх үед тухайн өвсийг янжуур хэлбэрт оруулан үйлдвэрлэж эхэлсэн бизнесменүүд “Арай аюулгүй” хэмээн сурталчилж байсан бол эдүгээ электрон тамхийг хор багатайг иргэдэд ойлгуулж, утаат тамхийг бүрмөсөн хаяж, бие сэтгэлээ чөлөөлөхөд зөв мэдээллээр хангадаг болоосой. Энэ мэт амьдралд ойр, бодит нөхцөл байдалтайгаа уялдуулсан электрон тамхины зохицуулалтыг Тамхины хяналтын тухай хуульдаа нэмж оруулж зохицуулаасайдаа билээ. Алийн болгон хортой гэдэг хуурай үгээр лоозондхов. Хорыг нь мэдсээр байж татах хүсэл байгаа бол ядаж хор багатай нь нотлогдсон электрон тамхины хууль эрх зүйн зохицуулалтыг хуульчлаад өгөх хэрэгтэй.
Б.ЦОГТ
Холбоотой мэдээ