УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.14/-ийн хуралдаан үргэлжилж байна.
Эм ханган нийлүүлэх ажилд ямар нэгэн нөлөөлөх орохгүй
Өнөөдрийн чуулганаар дөрөвдүгээрт, эм үйлдвэрлэл, эмийн чанар, хяналтад хамаарах асуудлыг хэлэлцэж байна.
ЭМ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Энхболд:
-Эмийн чанарт маш сайн анхаарч ажиллах шаардлагатай. Зах зээл дээрх эмийн 79 хувийг импортоор авдаг. Тиймээс чанарыг хянахад олон улсын лабораторитай байх ёстой. Эдгээр бүх асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулна.
Эм ханган нийлүүлэх ажилд ямар нэгэн нөлөөлөх орохгүй гэдгийг сайдын хувьд хэлье.
Төрийн өмчит байгууллагыг байгуулах гээд байгаа нь чанар, хяналтыг сайжруулах бололцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын санд хөнгөлөлттэй эмийн санхүүжилт 2020 онд 30 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байдаг. Харин 2022 онд 90 тэрбум болгож өсгөсөн. Энэ бол шаардлагатай иргэдэд зохист эмийн нийлүүлэлтийг хангалттай өгч байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-50 ам.доллараар оруулж ирэх эмийг 500 ам.доллараар оруулж ирэхэд хэн ч хяналт тавихгүй байгаа нь асуудал. Хүний эмийн зөвлөл асуудлыг хугацаатай биелүүлэх хэрэгтэй. Гүйцэтгэлийн аудитаар зөвлөмжөөр ЭМЯ-нд зөвлөмж өгсөн. Тиймээс яаралтай ойрын хугацаанд анхаарч, шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй.
Ядаж эмийн ханган нийлүүлтэд анхаарах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Гүйцэтгэлийн санхүүжилт огт хэрэгжихгүй байна. Өнөөдөр орон нутагт 1.7 тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж гардуулж өгсөн. Гэтэл сайд нь анхан шат руугаа орж ажилдаггүй. Программ байхгүй санхүүжилт байхгүй сумынхан ажиллаж чадахгүй байдалд хүрлээ. Ар-Хуст сумын дарга цалин тавих төсөв нь хүрэхгүй учраас амрааж байна гэлээ. Энэ бүхэнд ЭМЯ анхаарах ёстой. Анхан шатны тусламж үйлчилгээний төвийнхөнд санхүүжилт нь огт хүрэхгүй байна.
Хоёрдугаарт, Сангийн яам Эрүүл мэндийн яамтай яагаад хамтарч ажиллахгүй байна вэ?
Засгийн газар, УИХ-аас асуудлыг шуурхай шийдвэрлэж, төсөв санхүүг ч өндөр тусгаж өгсөн. Мөн эмийн үнээ бодох хэрэгтэй. Ам.долларын ханшийн өсөлт зэргээс шалтгаалж эмийн импортод их мөнгө зарцуулж байна. Эрүүл мэндийн салбарт хурд дутаж байгаа нь үнэн.
Хөдөлмөрийн насанд хүрэхгүйгээр төгсдөг тогтолцоог хална
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Энэ хуулийн төсөлд асуудлыг дутуу тусгасан харагдаж байна. Ялангуяа Эдийн засаг хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны оролцоо ч байх ёстой. Гэтэл зөвхөн Боловсрол шинжлэх ухааны яам өөртөө хамаатуулж хуулийг төслийг боловсруулсан байна. Тэгэхээр үр дүн гарах нь бага гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээлийн оролцоо үүргийг сайтар тусгах нь зөв.
Эрэлтэд тулгуурлаж мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, үүнийг үнэлж дүгнэх ёстой.
Энэ бүхэнд салбар дундын зохицуулалт байх шаардлагатай. Тиймээс ажлын хэсгийг ч өргөн хүрээнд гаргах нь зөв.
БШУ-ы сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Боловсролын яамнаас энэ хуулийн төслийг өргөн бариагүй. Салбар дундын ороцлоог маш сайн хангаж ажиллаж байгаа. Тиймээс нийгэмд зөв ойлголт өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Дараагийн асуудал бол сургалтын хугацаа. Хөдөлмөрийн насанд хүрэхгүйгээр төгсдөг тогтолцоог хална гэсэн үг.
Ингэснээр мэргэжлийн сургалтын байгууллагад сурах хугацаа буюу 2.5 жилийг гурван жил болгож байгаа. Олон улсын тогтолцоог харсан ч сургалтын системд уян хатан байх ёстой. Тиймээс суралцагч, оюутан талаас эрэлт, хэрэгцээг харгалзаж хуулийн төслийг боловсруулсан байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-2017 оноос хойш бид МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. Хэрэгжилтийн хувьд доголдолтой зүйл олон байна. Жилд 60 гаруй тэрбум төгрөгийг тус тэтгэлэгт олгодог.
Хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч болоод МСҮТ төгсч байгаа суралцагч нарыг хооронд нь холбоогүйгээс алдаа дутагдал их гарч байна. Зарим холбоодуудад огт ажилтан олдохгүй байна. Тэгсэн хэрнээ эрэлтгүй мэргэжлээр олон хүн бэлдэж гаргадаг. Зарим хүн бүр МСҮТ-д сурахыг ажил болгож хардаг.
Нэг мэргэжлээс төгсөөд нөгөөд суралцаж тэтгэлэг авдаг. Мөн олон хүн гэр бүлээрээ суралцдаг жишиг тогтсон. Аав, ээж, хүүхдүүд нь бүгд сурч, өрхийн орлогоо бүрдүүлдэг.
Энэ тогтолцоог болиулах хэрэгтэй. Өрхийн орлого бүрдүүлдэг халамжийн тогтолцоог МСҮТ бий болгож болохгүй. Тиймээс Л.Энх-Амгалан сайдад хүсэлт тавимаар байна. Ноос ноолуур, махны салбарын холбоодуудад ажиллах хүчийг холбож өгөхөд туслах тогтолцоог бүрдүүлэх. Ингэж чадвал ажил олгогч нарт болон хөдөлмөрийн зах зээлд уян хатан нөхцөл үүснэ. Үүнд мөн анхаарах асуудлаар цаашид ямар ажлуудыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөхийг хүсч байна.
БШУ-ы сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Монгол Улсад байгаа ажилгүйдлийн түвшинг суурь судалгаанд үндэслэж бодлого боловсруулах шаардлагатай. Нэг талдаа 110 мянган хүн ажилгүй хэрнээ, нөгөө талдаа ажиллах хүн олддоггүй. Тиймээс тогтолцооны алдааг засах шаардлагатай. 110 мянган хүний дотор дээд сургууль төгссөн хэрнээ ажиллах сонирхолгүй залуус их байна. Нийт 29 мянган бакалаврын боловсролтой хүн өнөөдөр ажилгүй байна. Харин МСҮТ төгссөн 258 мянган хүн ажилгүй байна. Тиймээс өнөөдөр хэлэлцэж байгаа хуулиар засч залруулах нь зүйтэй гэж харж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 76 мэргэжлийн боловсрол сургалт үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 16, төрийн өмчийн политехникийн коллеж 23, их, дээд сургуулийн дэргэдэх дөрөв, хувийн өмчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 28, төрийн өмчийн политехникийн коллеж найм ажиллаж байна. Энэ хичээлийн жилд 45 мянга 304 суралцагч суралцаж байгаа.
Татвар төлөгчдөөр хохирлоо төлүүлдэг тогтолцоо яагаад ч байж болохгүй
Хууль зүй дотоод хэргин сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 53-д Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгагдсан. Түүнчлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын тавдугаар хавсралтаар тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан бөгөөд үүнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж 2022 оны нэгдүгээр сард багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.
Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй шинэчлэлтийг хийж байгаа.
Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчийн хурал, төлбөрийн чадваргүй этгээдийг татан буулгах зэрэг харилцааг зохицуулна. Банкны системтэй холбоотой асуудлаар банкны дампуурлыг Банкны тухай хуулиар зохицуулах, салбарын онцлогоос шалтгаалж, санхүүгийн байгууллага, шашны байгууллага, төрийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, хуулийн этгээдүүдийн нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.
Одоо хэрэгжиж байгаа Дампуурлын тухай хуулиар төлбөрийн чадамжтай эсэх нь хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбоотой тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэхээр боллоо.
Тухайлбал, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг өөрчилж, бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэгээр тооцохоор төсөвт тусгалаа. Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байснаар өрийн сүлжээг нэмэх, шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр төлөгдөхгүй байх зэрэг сөрөг үр дагавартай.
Тиймээс хууль эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн өрөө 6-аас дээш сар төлөөгүй тохиолдол төлбөрийн чадваргүйд тооцно.
Түүнчлэн дампуурлын хэрэгтэй холбоотой шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр 2004-2021 онд жилд дунджаар 15 хэрэг, нийт 18 жилийн хугацаанд 268 дампуурлын хэрэг шийдвэрлэгдсэн байна.
Хуулийн төсөлтэй санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ. Хууль санаачлагч төлбөрийн чадваргүйдлийн олон улсын жишгийг харгалзаж, шүүхэд хэргийг шилжүүлэх, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, төлбөрийн чадамжтай эсэхийг тогтоох, төлбөрийн чадамжгүй этгээдийг татан буулгах болон бусад асуудлыг харгалзаж хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар санхүү, эдийн засгийн харилцаанд үүсээд буй асуудал шийдвэрлэх төдийгүй, ил тод байдал, олон улсын туршлагаар эрхзүйн зохицуулалтыг шинэчилнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр банкнаас зээл авч зохиомлоор дампууруулах, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж дампуурах эрсдэлийг тооцоолсон эсэх, хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд хэрхэн нөлөөлөх эсэх, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэрэг гүйцэтгэгчийг хэрхэн бэлтгэх эсэх, холимог хэлбэрээр дахин хөрөнгөжүүлэх хэлбэрийг тусгасан эсэх, хуулийн төслийн нэр оновчтой эсэх талаар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төслийн нэр дампуурал гэсэн нэршлийг бүрэн тодорхойлж чадах эсэх, УИх-ын гишүүн Г.Амартүвшин төлбөрийн чадваргүйдэлд орсон хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг хэрхэн тусгасан зэрэг асуултаар хариулт авсан болно.
Энэхүү хуулийн төсөлд Эдийн засаг болон Хуульзүйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуулийн төсөлд хуралдааны талаарх зохицуулалт хангалтгүй тусгасан талаар хэлэлцүүллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон ихэнх гишүүн дээрх хууль болон бусад хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцүүлэхээр дэмжсэн болно.
Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт Хуульзүйн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байна. Ажлын хэсгээс гишүүд холбогдох асуултын дагуу хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Дампуурлын тухай хуулийн нэрийг өөрчилж боловсноор төлбөрийн чадваргүй гэх нэрийг оруулсан байна. Миний бодлоор дампуурал гэдэг нэршлээр явах нь зүйтэй. Тухайн хуулийн этгээд нэрнээс нь ядаж ичиж, санаа зовох хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын аж ахуй нэгж, төрийн өмчит компани, иргэд өрөнд баригдаж, дампуурч байгаа нь анхаарах асуудал.
Шүүхийн шийдвэрээр өр төлбөрөө барагдуулахгүй байгаа хуулийн этгээдэд ямар хариуцлага тооцох тал дээр хариулт авмаар байна.
Түүнчлэн дагалдах олон хуульд өөрчлөлт орох юм байна. Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орох вэ?
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Олон улсын жишгээр төлбөрийн чадамжгүй хуулийн этгээдэд хамаарах цогц харилцааг эрхзүйн хүрээнд зохицуулдаг. Энэ харилцааг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Өнөөдөр дампуурлын харилцаа, төлбөрийн чадваргүйдлийн харилцааг бусад хуулиар зохицуулж байна. Энэ хуулиар зохицуулагдахгүй хуулийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд хамааруулна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон байгууллагаас төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах зохицуулалт хэрэгтэй байгаа талаар санал, зөвлөмж хүргүүлсэн.
Дампуурлын тухай хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, орон нутгийн өмчит компаниудыг салбарын хуулиар зохицуулна.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмон:
-Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг дагаж 47 хуулийн төсөл хамаарч байгаа. Хуулийн нэрийг өөрчилсөнтэй холбоотой өөрчлөлтүүд орж байгаа. Тухайн үйл ажиллагаа нь санхүүгийн доголдолд орсон тохиолдолд энэ хуулиар зохицуулна. Мөн гол онцлог нь төлбөрийн чадамжтай хэрнээ үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул нэршлийг өөрчилж Дампуурлын тухай хуулийг Төлбөрийн чадваргүйдлийн олгож шинэчилсэн байгаа.
ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг татвар төлөгчдийн мөнгөөр сэргээх талаар ямар ч зохицуулалт тусгагдаагүй. Хуулийн заалтад дампуурлыг шууд тооцож, мөн төлбөрийн чадамжгүй хуулийн этгээдэд төсвөөс мөнгө суулгах заалт тусгаагүй гэдгийг онцолъё.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Сүүлийн дөрвөн Засгийн газрыг дамнасан Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг оруулж ирж байгаад баяртай байна. Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн гэж ярьдаг. Мэдээж ямар ч бизнест давагдашгүй хүчин зүйл олон эрсдэлийг бий болгож байна. Бусад улс оронд үүнийг хуулийн хүрээнд маш сайн авч үздэг. Тиймээс Монгол Улсад энэ төрлийн хуулийг сайжруулах шаардлагатай болсон нь үнэн.
Шинэчлэлт шаардлагатай болсон нь сүүлийн жилүүдэд дампуурлаа зарласан нэгжүүдээс харж болно.
Татвар төлөгчдөөр хохирлоо төлүүлдэг тогтолцоо яагаад ч байж болохгүй. Тиймээс худал дампуурч, ард түмний мөнгөөр баяждгийг болиулах шаардлагатай.
ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-1997 онд Дампуурлын тухай хууль батлагдаж, гурван жилийн дараагаас шинэчлэх шаардлагатайг ярьсан. Үе, үеийн Засгийн газар судалж байсан ч боловсруулаагүй байсан. Мэдээж санаатайгаар дампуурах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцно. Шалгах ажиллагаа ч хуулийн дагуу явна. Харин банк болон зарим шаардлагатай салбаруудад бусад хамаарах хуулийн дагуу шалгагдана.
Их хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, захирлууд нь анхнаас нь дампууруулж тооцох зэрэг үзэгдэл их гарсан.
Эдгээрээс урьдчилан сэргийлэх зохицуулалт ч орж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Өнгөрсөн практикаас үзэхэд 174 дампуурлын хэргийг шийдвэрлэснээс долоод нь л дахин хөрөнгөжүүлэх тухай шийдвэрлэсэн байна. Энэ тооноос харахад Дампуурлын тухай хууль хохирогчдын эрх ашгийг хамгаалах бус өр төлбөрийг барагдуулах мэт харуулж байна. Энэ цоорхойг хуульд хэрхэн тусгасан бэ?
Төлбөрийн чадваргүйдлийн түвшнээр Монгол Улс 192 орноос 150-д орсон. Тэгэхээр хуулийн үр дүнтэй байдал их чухал.
Энэхүү гол үзүүлэлтийг хэрхэн хангах вэ? Хосолсон арга гэдэгт юуг хамааруулж байгаад хариулт авахыг хүсч байна.
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дампуурлын тухай хуулиар төлбөрийн чадваргүйдлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож, тодорхойлж байгаа. Харин олон улсын жишигт бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон блансын аргаар тооцохоор тусгасан. Ингэхдээ мөнгөн төлбөрийн өрөө 6-аас дээш сар төлөөгүй бол эхний арга хэмжээг авна. Үүний дараагаар дахин хөрөнгөжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Койнтой холбоотой эрүүгийн хэргийг хуулийн дагуу л шалгана
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Дампуурлын тухай хууль хэрэгжих хугацаанд хэчнээн компанийн асуудлыг шийдвэрлэсэн бэ. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс хэр зэрэг бэлтгэдсэн талаар хариулт өгнө үү. Үүнээс гадна хөрөнгийн биржид хамааралтай компаниуд хуулиар зохицуулагдах уу. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкаас ямар үүрэг, оролцоотой ажиллах вэ.
Дээрээс нь нэмээд өр авлагатай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохицуулах талаар судалсан уу?
Өмнө нь шүүх шийдвэр гаргасан ч авлагыг авч чаддаггүй байсан. Энэ өр, авлага барагдуулах харилцааг зохицуулж чадах уу. Мөн одоо үүсээд буй нэг чухал асуудал бол виртуаль хөрөнгө, койнтой холбоотой. Үүнд зохицуулалт хийх боломжтой эсэхэд хариулт авахыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Нэгдүгээрт, койнтой холбоотой асуудалд Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан. Энэ хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр тухайн үйлчилгээ эрхлэгч нар Санхүүгийн зохицуулах хороонд мэдээллээ өгч, эрхээ үүсгэх ёстой гэлдгийг хуульд тусгасан. Сүүлийн үед гараад буй койн, цахим мөнгөтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа мэдэгдлийг ч өгч байсан. Тэгэхээр цаашид яах вэ гэдэг асуултад хяналт шалгалтыг тавьж ажиллана.
Койнтой холбоотой эрүүгийн хэргийг хуулийн дагуу шалгана. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд нэмэлтээр нэг зүйл оруулж байгаа нь цахим залилан. Хоёрдугаарт, санхүүгийн секторын үгсэн хуйвалдах зэрэг харилцааг тусад нь тусгаж өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Дампуурлын тухай эдийн засгийн хууль болохоос Эрүүгийн хууль биш. Өөрөөр хэлэл хадгаламж зээлийн хороошыхон жагсаад гараад ирэнгүүт хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэдэг. Сэлбэгийн дэлгүүр лацдуулаад хоёр жилийн дараа гурван удаа дээрэмдүүлсэн байх жишээтэй.
Энэ системээс харахад дампуурлын тухай хуулийг шинэчлэх болсон.
Тэгвэл төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж дампууралд хүрсэн шалтгаан нөхцөлд ямар хариуцлага тооцох вэ?
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Нэгдүгээрт, бодитой, баттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүн зоригтой хүн. Монгол Ардын намын хэн гэдэг гишүүн, хэдэн ам.доллар худалдаад яваад байгааг шууд хэлэх нь зөв. Түүнээс олон зуун гишүүнийг хамаатуулж ярих хэрэггүй.
Дараагийн асуудал бол бизнесийн эрхзүйд хоцрогдсон нэг асуудал байгаа. ХХК, ХК ч бай иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгож чаддаг оролцогч. Гэтэл Монголд компанийг эзний төсөл, төрөл гэж хамаатуулдаг. Энэд 6-аас дээш сар асуудал үүссэн тохиолдолд менежментийн хувьд шинэчлэлт хийх нь зөв. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнийг ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна.
Засгийн газрын сайдуудын ирц 50 хувь нь байна
УИХ-ын намрын ээлжит чуулганаар өнөөдөр /2022.10.14/ есөн асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, хянан шалгах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, түр хорооны дарга сонгох тухай хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад өргөн мэдүүлж буй асуудал болоод УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад эм үйлдвэрлэлд тавьсан асуулгын хариултыг сонсоно.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Улсын төсвийг хэлэлцэж байгаа чухал үед Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн сайд нар огт оролцохгүй байна. Засгийн газрын сайдуудын ирц 50 хувь нь байна. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. 2023 оны төсвийг хэлэлцэж байхад валютын хомсдол үүссэн хүнд нөхцөл байдалтай. Тиймээс төр барьж байгаа УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй. Төсөв, мөнгөний бодлогод ач холбогдол өгөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дотоодын банк санхүүгийн байгууллагаар нэг ч төлбөр хийхгүй байна. Зөвхөн урсгал зардлаа гаргаж ирж байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй.
Арилжааны банкууд ч иргэдэд зээл өгөхгүй байна. Энэ хэдий хүртэл үргэлжлэх вэ? Үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүнд хамаарна.
Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирэх ёстой. Яагаад болдоггүй юм. Тэгж байж эдийн засаг сэргэх боломжтой. Хууль эрхзүйн зохицуулалтыг хэлэлцэх цаг болсон. Тиймээс миний бие олонхийн бүлгээс үүнийг шаардаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ жил зуншлага маш тааруу байлаа. Түүнээс болж Баянхонгор, Ховд, Увс, Өмнөговь зэрэг аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Төрөөс үүнд анхаарч, ажил хийх санал, яриа гаргасан боловч бодит ажил хэрэг болсонгүй. Өвс, тэжээлийг гаалийн болон албан татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан. Ингэж чадвал малын үнэ унасан үед хэдэн шуудай хорголжин тэжээл авч онд оруулах боломжтой.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь хивэг, тэжээл хангалттай бий гээд байгаа. Бодит байдал дээр бол үгүй.
Баруун аймгууд руу өвс, тэжээл хангалттай хүрч чадахгүй байна. 1000 малтай айлууд 400-500-г нь борлуулах сонирхолтой байна. Харамсалтай нь квот нэрийн дор малчдаас татвар авч байгаа учраас махны экспорт улам уналаа. Дулааны аргаар боловсруулсан махыг гаргахгүй түгжсэнээс болоод Ховдын Булганд очиж мал авах хүн алга. Ийм учраас махны экспортыг шинэ түвшинд аваачих хэрэгтэй. Б.Болорчулуун сайд гурилын үйлдвэрүүдийн хивэг тэжээлийг борлуулах зорилгоор импортын бүтээгдэхүүнийг хаах ёсгүй. Малчдын амьдрал хүнд байна.
Холбоотой мэдээ