Сүүлийн жилүүдэд та бүхэн “Metaverse”, “NFT”, “Crypto token”, “Crypto coin” гэх нэршлүүдийг хангалттай сонсч байгаа биз ээ. Хэдхэн жилийн өмнө ирээдүйн технологи, шийдэл мэт сонсогдож байсан эдгээр үгс өдгөө аль хэдийнэ бид бүхний өдөр тутмын амьдралд ороод иржээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан эдгээр үгсийн ойлголт, хэрэглээ, ирээдүй, зах зээлийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр шийдлээ.
METAVERSE
"Metavserse" нь олон виртуал орон зайг нэгтгэсэн онлайн, гурван хэмжээст ертөнц юм. Үүнийг интернетийн дараагийн ирээдүйн хувилбар гэж хэлж болно. “Metaverse”-ийн тусламжтайгаар хэрэглэгчид гурван хэмжээст орон зайд хамтран ажиллах, уулзах, тоглоом тоглох, харилцах боломжтой.
NFT
"NFT" /Non-Fungible-Token/ буюу Дахин давтагдахгүй токен гэдэг нь блокчейн технологиор дамжуулан худалдан авч, зарах боломжтой дижитал эд зүйлс юм. Эд зүйлс гэдэг дотор уран зураг, дижитал бүтээл, бичлэг, дуу, анимейшн зэрэг багтана.
CRYPTO TOKEN
Крипто токен нь блокчейн дээр суурилсан платформ, программын хөрөнгийн илэрхийлэл юм. Крипто зоосноос ялгаатай нь өөрийн гэсэн блокчейнгүй байдаг. Өөрөөр хэлбэл, блокчейн дээр суурилсан платформ, программууд дээр токен бий болдог.
CRYPTO COIN
"Сrypto coin" нь крипто валют бөгөөд виртуал гүйлгээнд хүмүүсийн хооронд дамжуулагдахаар зохион бүтээгдсэн. Зөвхөн дата хэлбэрээр хэлбэрээр орших ба биет бус үнэт зүйл юм.
ХЭРЭГЛЭЭ
“Metaverse” бол дээр хэлсэнчлэн бодит байдлын виртуал буюу хиймэл дүрслэл. Хүмүүс энэ орчинд өөрсдийгөө хүссэнээрээ тодорхойлж, дүрсэлж аватараараа дамжуулан концерт үзэж, галлейрагаар зочилж, виртуал ертөнцөөр аялж, бидний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг хийх боломжтой.
Криптог өдгөө хүмүүс өдөр тутмын худалдан авалтандаа ашиглаж байгаа бөгөөд криптовалютыг виртуал ертөнцөд солилцооны хэрэгсэл, үнэ цэнийн баталгаа болгон ашиглаж байна. Харин "NFT" нь блокчейн дээр дижитал урлагийн бүтээлийг худалдан авах эсвэл худалдах боломжийг олгодог. Үүний ачаар хэрэглэгчид “Metaverse” дэх дижитал хөрөнгөө бүрэн хянах боломжтой.
Жишээлбэл, хэрэв та бүхэн “Decentraland” гэх “Metaverse”-ийн ертөнцөд газар худалдаж авлаа гэхэд блокчейнээр баталгаажсан “NFT” газрын гэрчилгээг танд олгоно. Харин криптовалютаар та “Metaverse”-д үл хөдлөх хөрөнгө авч, өөрийн аватараа чимэх боломжтой. “Decentraland”-д “MANA” гэх токеныг ашигладаг бөгөөд ойлгомжтой хэлэхэд “MANA” бол энэ ертөнцийн төгрөг, доллар, юань. Зөвхөн “MANA”-аар л төлбөрөө төлнө. Харин “Metaverse”-ийн өөр нэг алдартай ертөнц болох “Sandbox”-д “SAND” гэх токеныг ашигладаг.
“Ethereum” өдгөө биткоины араас орох хоёр дахь том криптовалют, коин бөгөөд “Metaverse” хөгжүүлэхэд чухал платформ болоод байна. Тодруулбал, бид дурдсан “MANA”, “SAND” нь токен учир өөрсдийн гэсэн блокчейнгүй. Тиймээс “Ethereum”-ийн сүлжээг ашиглан гүйлгээ баталгаажуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлдэг. Мөн дэлхий дээрх ихэнхи “NFT”-ийг бүтээлийг “Ethereum” ашиглан худалдан авах боломжтой. Ерөнхийдөө “Metaverse”, “NFT”, криптовалют хоорондоо харилцах нөхцлийг олгодог цөөн тооны блокчейны нэг нь “Ethereum” юм.
ЗАХ ЗЭЭЛ
“Metaverse”-ийн зах зээлийн хэмжээ 2021 онд 22.79 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Гэхдээ 2022-2030 оны хооронд жилд 39.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. 2030 онд гэхэд л энэ салбарт эргэлдэх нийт хөрөнгө 996.42 тэрбум ам.доллар байна. Үүнийг дагаад криптовалют, “NFT”-ийн зах зээл томорно.
“Roblox” гэх “Metaverse”-д алдарт “Gucci” бренд виртуал дэлгүүрээ нээж, “Dionysus” гэх цөөн тоогоор үйлдвэрлэдэг цүнхнээ 4100 ам.доллараар зарсан нь бодит ертөнц дэх үнээсээ давжээ. Энэ зах зээлд “Alibaba”, “Alphabet”, “Apple”, “Epic Games”, “Meta”, “Microsoft” зэрэг компаниуд гол тоглогчид байна.
“NFT”-ийн зах зээлийн хэмжээ 2021 онд 4.36 тэрбум ам.доллар байжээ. Гэхдээ 2022-2028 оны хооронд жилд 23.9 хувиарч өсч, 2028 он гэхэд 19.57 тэрбум ам.доллар болох урьдчилсан тооцоо байна. Энэ зах зээлийг үсрэнгүй хөгжихөд Covid-19 хүчтэй нөлөө үзүүлсэн гэнэ. “NFT”-ийн зах зээл 2020 онд өмнөх оныхоосоо 299 хувиар өсчээ. “Opensea”, “Larva Labs”, “Cloudflare”, “Dapper Labs” зэрэг компаниуд энэ зах зээлийнхээ гол тоглогчид.
Криптовалютын зах зээлийн хэмжээ 2021 онд 1.6 тэрбум ам.доллар байжээ. Гэхдээ 2026 он гэхэд 2.2 тэрбум ам.доллар болон өсч, жилийн өсөлт нь 7.1 хувь байх гэнэ. Энэ зах зээлд Хятадын “Bitmain”, “Xilinx”, “Binance Holdings”, “Canaan Creative”, АНУ-ын “NVIDIA”, “Intel”, “Coinbase”, “Advanced Micro Devices”, Швейцарийн “Ethereum Foundation” тэргүүтэй компаниуд тэргүүлж байна.
Холбоотой мэдээ