Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороонд мөрдөн байцаагч тайлбар хийж байна. Мөрдөн байцаалтын шатанд 769 тэрбум төгрөгийг хохирол төлөгдсөн гэв. Банкны зээлийг шууд л хохирол болгов. УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өмнө нь цар тахлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулсан. Тэгэхээр он гараад иргэд зээлээ төлөхөөр тодорхой хэмжээнд дарамт учруулж болзошгүй” гэв. Сангийн сайд Б.Жавхлан үүнтэй санал нэгдэж “Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Иргэд зээлээ төлөөд явж болно эсвэл сунгах боломжтой” гэсэн юм. Түүнээс гадна энэ сэдвийг хөндвөл Ковидын хуулийг ч сунгах асуудал давхар яригдана гэдгийг Сангийн сайд хэлжээ. Тэдний хэлснээр ипотекийн зээл халамж болов.
Харин Монголбанкнаас УИХ-аар батлуулахаар өргөн барьсан Мөнгөний бодлогын төсөлд “Монголбанкнаас олгох санхүүжилтийн эх үүсвэр буурсан. коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч, 5 дахь удаагаа шийдвэрлэсэн бөгөөд 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрхийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулав. Эдгээр хойшлуулсан ипотекийн зээлийн хэмжээ нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 орчим хувийг эзэлж байна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлтэй хүмүүсийн 88.4 хувь буюу нийт 57 мянган өрх айлын 170 мянган гаруй иргэнд уг шийдвэр хүрчээ.
Төрөөс хүүг нь зогсоож, зээлийн төлөлтийн хугацааг нь хойшлуулаад байхад завшааныг ашиглахгүй өнгөрөх хэн байх билээ. Судалгаанаас харахад, зээлээ хойшлуулсан хүмүүсийн 90 гаруй хувь нь цалингийн орлоготой, дундаж орлоготой хүмүүс аж. Тиймээс бизнес эрхлэгчид шиг борлуулалт муудсан, бараа эргэлт зогссон гэх шалтгаангүй агаад тогтмол орлоготой байсан гэсэн үг. Гэтэл төрийн харалган бодлогоор халамж шиг болсон төдийгүй дахин ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болох аюултай үүд хаалгыг нээжээ.
Монголбанкны 2023 оны Мөнгөний бодлогын төсөлд дудсанаар, “Ипотекийн зээлийн эрэлт нэмэгджээ. 2022 оны эхнээс зургадугаар сарын байдлаар банкуудад нийт 946.9 тэрбум төгрөг (14.4 мянган иргэн)-ийн ипотекийн зээлийн хүсэлт ирээд байгаагаас 227.7 тэрбум төгрөг (2.6 мянган иргэн)-ийн зээл олгогдож, 262.9 тэрбум төгрөг (14.4 мянган иргэн)-ийн зээлийн хүсэлтэд журам, гэрээний шаардлага хангаагүй болон өөрийн хүсэлтээр гэсэн шалтгаанаар татгалзсан байна. Улмаар нийт 456.4 тэрбум төгрөг (8.8 мянган иргэн)-ийн ипотекийн зээлийн
хүсэлт банкууд дээр хуримтлагдаж, сар тутам ойролцоогоор 157.8 тэрбум төгрөг (2.4 мянган иргэн)-ийн хүсэлт нэмэгдэж байна. Иймд зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ипотекийн зээлийн эрэлт өндөр үед хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой түвшинд байлгах нөхцөл үүссэн” гэжээ.
Энэ нь, энэ оны зургадугаар сарын байдлаар банкуудад нийт 14400 иргэний ипотекийн зээлийн хүсэлт ирсэнээс 2600 иргэн буюу 20 хүрэхгүй хувьд зээл олгосон гэсэн үг юм.
Зээлийн төлөлтийг нь хойлуулснаар 3 их наядын зээл хойшилсон учраас тэр чинээгээрээ дараагийн эх үүсвэр тасарлдсан гэсэн үг. Энэ хооронд юу болсон бэ гэхээр урьдчилгаагаа бэлдэж, байр авахаар төлөвлөсөн иргэд байраа авч чадахгүйд хүрчээ. Нэгдүгээрт, барилгын материалын үнийг дагаад байрны үнэ өсчээ. Хоёрдугаарт, ипотекийн зээл хамрагдаж чадахгүй байгаагаас цуглуулсан мөнгөө байр түрээслэхэд, машин унаанд гэхчилэн өөр зүйлд зарцуулах болсон аж. Түгжрэл, бухимдал нэмэгдэхэд л зарцуулагдсан гэлтэй.
Ипотекийн зээлийг хүлээсэн хэдэн мянган орон гэргүй иргэд байсаар байтал эрх баригчдын сонгуулийн шоугаар хямд хүүтэй зээлээ төлөхгүй хоёр жил хагас явсан “халамж горилогсод”-ыг өөгшүүлэн зээл төлөлтийг хойшлуулах нь шударга гэж үү? Ингэснээр дахиад л төсөвт хэдэн их наядаар хэмжигдэх ачаа үүснэ. Төсвийн мөнгө гээч татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл татвар төлөгчдөөс авдгаа нэмнэ гэх атлаа зөв зүгээр, зах зээлийнхээ жамаар зохицуулагдаж байсан асуудлыг өөртөө авчирч дампууруулын имэгт авчирч байгааг халамжаас хөдөлмөрт бус хөдөлмөрөөс халамжид шилжүүлэх бодлого гэмээр байна.
Гэтэл ипотекийн зээлийн давуу тал нь олгосон зээлийнхээ төлөлтөөр дараа дараагийн зээл хүсэгчдийг санхүүжүүлээд явдаг. Тэрхүү урсгалыг нь зогсоочихоор энэ тогтолцоо нуран унана гэсэн үг. Гэтэл төрөөс зориуд нурааж унагахаар зээл хойшлуулалтыг дахин сунгах тухай ярьж байна. Ард нь хэдэн мянгаараа хямд хүүтэй зээлээр орон гэртээ болох гээд оочерлоод хүлээж байхад шүү дээ.
Үүнээс болоод барилгын салбараа ч татаад унагаах нь. Эргэлтийн хөрөнгөгүй болсон барилгын салбарынхан материалын өсөлт, худалдан авалт буурсан зэргээс үүдээд алдагдалд орохгүй тулд үнээ нэмсээр байна.
Өнөөдөр ам метрт нь 2 саяас доош үнэтэй барилга байхгүй болсон.
Гэтэл хэдэн мянгаараа зээл хүлээсэн иргэд түрээсийн төлбөрт цуглуулсан урьдчилгаагаа дуусгаж байна. Ипотек бол халамж биш. Зах зээлийнхээ жам ёсоор олон мянган өрхийг орох оронтой болгосон зээл. Дахиад хэдэн мянгаар нь орон сууцтай болгохын тулд одоо зээлийн төлөлтийг хойшлуулахаа зогсоомоор байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр иргэддээ гай болж, халамжаар дулдуйдаж, аж ахуйн нэгжээ өрсөлдөх, иргэдээ амьдрах чадваргүй болгон дайсагнасан бодлогоо одоо зогсоомоор байна.
Л.Халиу
Холбоотой мэдээ