Богдын музейг сэргээн засварлахад 2.6 тэрбумыг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Богдын музейг сэргээн засварлахад 2.6 тэрбумыг төсөвлөжээ

Богдын музейг сэргээн засварлахад 2.6 тэрбумыг төсөвлөжээ

Соёлын яамнаас энэ жил хоёр театр, хоёр музейг сэргээн засварлахаар  төлөвлөсний нэг нь "Богд хааны ордон" музей. "Богд хааны ордон" музейг сэргээн засварлахад 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэвч сэргээн засварлалтын ажлыг туршлагагүй, мэргэжлийн бус компани гүйцэтгэж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Тиймээс энэхүү түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлыг  хэн хариуцаж буй, төсөл ямар шатандаа явааг сурвалжиллаа.

"Богд хааны ордон" музей нь Монголын хаант төрийн гүн бэлгэдэлтэй, шашны хосгүй үнэт эдлэл, түүхэн дурсгалуудыг агуулсан, уран хийц бүх сонгодог өв соёлын цогцолбор.

"Богд хааны ордон" музейн "Лавиран", "Найдан", "Бурхадын сүм"- ийн сэргээн засварлалтын зураг төслийг өнгөрсөн 2021 онд Барилгын хөгжлийн төвөөс баталсан байдаг. Харин музейн сэргээн засварлах тендерт “Энэржин” компани шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас ажлаа эхлүүлжээ.  Дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм байна.

"ЭНЭРЖИН" КОМПАНИД МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА"

"Богд хааны ордон музейн зураг төслийг 2019 оноос хийсэн. Цар тахал, хөл хорио гээд ажил жаахан удааширсан. Гэхдээ 30 сая төгрөгийн төсөвт нь таарсан үнээр музейн гурван сүмийн зураг төслийг хийж, батлуулж, хүлээлгэн өгсөн. Үүний дараагаар 2022 оны эхэнд Богд хааны ордон музейг сэргээн засварлах тендерийг зарласан. Тендерт манай “Сүлд проект” компани оролцсон. Эхний сонгон шалгаруулалтад манайхаас гадна өөр нэг компани орсон ч шаардлага хангаагүй гэх шалтгаанаар буцсан.  Дараагийн сонгон шалгаруулалтад манай компани ганцаараа материалаа өгөхөд яамнаас “Өргөгч болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслийн мэдээлэл оруулаагүй, мөн зураг төсөл хийсэн компани сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж болохгүй гэсэн.  “Энэржин” компанийг судалгаа их сайтай гэж сонгон шалгаруулсан. Бидний хувьд өндөр хэмжээний судалгаа гэж бодохгүй байна. Тус компани өнгөрсөн жилээс хойш "Чойжин ламын сүм" музейн "Ядамын сүм"-ийг сэргээн засварлаж буй. Энэ ажил нь одоо ч дуусаагүй байгаа. Миний хувьд энэ компанид мэргэжлийн хүмүүс байхгүй" гэж хардаж буйгаа сэргээн засварлагч Г.НЯМЦОГТ ярилаа. 

“Энэржин” компани 2022 оны долдугаар сарын 18-нд Богд хааны ордон музейг сэргээн засварлахаар гэрээ байгуулжээ.

Нийт гурван сүмийг сэргээн засварлах бөгөөд энэ жилийн хувьд 523 сая төгрөгийн төсвөөр Олон бурхадын сүмийг сэргээн засварлаж дуусгах гэнэ. Гүйцэтгэлээрээ мөнгө олгодог учраас одоогоор Соёлын яамнаас санхүүжилтээ авалгүй, тус компани өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварлах ажлаа эхлүүлээд байгаа аж.

"МАНАЙ КОМПАНИ ЯАМНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГУУРЫГ ХАНГАЖ, ТЭНЦСЭН"

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Энэржин” компанийн захирлаас зарим зүйлийг тодрууллаа.

“Энэржин” компанийн захирал Д.ТУЛГА "Миний хувьд соёлын өвийн чиглэлээр 30 жил тасралтгүй суралцсан хүн. Үүний 20 жилийг Шашны дээд сургуульд багшилсан. Соёлын өв дотроо модон хийц, баримал, зураг, шавар хийцийн эд зүйлийг сэргээн засварладаг. Компанийн удирдлагын хувьд хамгийн сүүлд IX Богдын занданшуулсан дүрийг шавраар урлаж, сэргээн засварласан гэх мэт улсын чухал нандин ажлыг гүйцэтгэсэн ажлын туршлага бий. Бид компанийн шугамаар бус хувь хүнийхээ шугамаар олон ажилд оролцсон.

“Энэржин” компани 2015 онд байгуулагдсан. Манай компанийн хувьд Соёлын яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шалгуурыг хангаж, тэнцсэн.

Монголд мэргэжлийн сэргээн засварлах компани байхгүй шүү дээ. Компанийнхаа статусыг авч, олон жилийн туршлагатай хүмүүсийг л хүний нөөцөөр ашигладаг.

Мөн сэргээн засварлалтын чиглэлийн мэргэжилтэн байгаа. Сэргээн засварлах ажил улирлын чанартай. Манай компани Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг сэргээн засварлаад, дуусч байна. Энэ ажлыг АНУ-д төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сангийн төсөл хөтөлбөрөөс сонгон шалгаруулсан” болохыг дуулгав.

"ЭНЭ ЖИЛ 523 САЯ ТӨГРӨГӨӨР ОЛОН БУРХАДЫН СҮМИЙГ СЭРГЭЭЖ ДУУСГАНА"

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьжээ.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр Монголд ирсэн байна.

Энэ талаар Д.Тулга ярихдаа “Манай компани БНСУ-ын өв соёлын үзэсгэлэн зохион байгуулахад оролцож, 200 гаруй компаниас хамгийн чадварлаг хоёр компанитай харилцаа үүсгэх санал тавьсан юм. Эхний “Донван индестраль” компани орж ирж, бидэнд зөвлөгөө өгөхөөр болж байгаа. Монголын түүхэн дурсгалт барилга 100 гаруй жил насалж байгаа бол Азийн орнуудад 1000 жил урт наслах сэргээн засварлалтыг хэрхэн хийх вэ гэдэг арга техник, туршлага, чанартай сайн матераил бий. Тэрнээс биш БНСУ-ын сэргээн засварлагчид бидний өмнөөс ажлыг маань хийхгүй” гэлээ.

Музейн гурван сүм сэргээн засварлахаас хамгийн бага төсөвтэй нь 523 сая төгрөгөөр Олон бурхадын сүм, хамгийн өндөр төсөвтэй нь Лаврин сүм аж.

Богд хааны ордон музейн менежер Д.ЭНХБАЯР:

-Манай музейг сэргээн засварлах ажлыг “Энэржин” компани гүйцэтгэж буй. Манайхтай долдугаар сард гэрээгээ байгуулж, судалгааны ажил хийсээр байгаад наймдугаар сарын дундуур ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжинд Олон бурхадын сүмийн хуучны хөх тоосгон хана цуурсан байсныг буулгаж, эргээд стандартын дагуу хийж, өнгө өрлөгийн ажлыг хийж байна. Ирэх хавар өнгө будгийг  нь сэргээж, дуусгах юм.

Ганц ширхэг тоосго гэхэд бүтцийн судалгаа хийж, шинжлүүлэх гээд шинэ барилга барьсны дайтай нарийн ажил байдаг. “Энэржин” компанийн туршлагын хувьд санаа зовохгүй байна. Графикийн дагуу ажлаа цаг тухайд нь хийж байгаа. Салбартаа танигдсан, мэргэжлийн компани. Барилгын хөгжлийн төвөөс буулгалт болгон дээр хяналт тавьж, хэмжилт хийж байгаа.

Сүүлийн жилүүдэд Монголын төр засаг сөв, соёл, үүх түүхээ хямгадах, хамгаалахад анхаарах болсон сайн. Гэхдээ мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсээр өв соёлоо сэргээн засварлуулах нь өв, соёлоо хамгаалж үлдэх бодлогын нэг байх ёстойг салбарынхан ярьж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж