УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг сонгуульд зориулж боловсруулжээ гэж шүүмжилж байна. Тухайлбал, ирэх оны төсөв 20 их наядын зарлагатай гэхээр эдийн засгийн хямралын үед хэт үрэлгэн төсөв биш үү?
-Сүүлийн хоёр жил ковид, цар тахлын хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан жилүүд байлаа. Үүнтэй холбоотойгоор төсөв сорилтыг даван туулахад чиглүүлж байсныг та бүхэн мэднэ. Тодорхой хэлбэл, цар тахлын энэ хоёр жилийн төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, халамж, нийгмийн бодлогод чиглэсэн санхүүжилт, зардлууд асар ихээр нэмэгдсэн. Цар тахлын нөлөөлөл харьцангуй багассан ч гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд 2023 онд үргэлжлэх төлөвтэй байна. Макро эдийн засагт нөлөөлөх гадаад эрсдэлтэй нөхцөл байдал тодорхойгүй байдалтай байх нь тодорхой байна. Дэлхий нийтээрээ энэ тодорхойгүй гэх тодорхой байдалдаа бэлдэж байна. Бид ч бас үүнд бэлдэх ёстой.
Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд орлого 18.9 их наяд, зарлага 20.4 их наяд төгрөг байгаа. Алдагдал 1.55 их наяд төгрөг гэсэн үг. Энэ нь 2022 оны батлагдсан төсвөөс орлого 3.3 их наяд төгрөгөөр, зарлага 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байдалтай байгаа. Бидний хувьд ялгаагүй энэ онцгой нөхцөлд төсвийн хатуу сахилга бат, хариуцлагатай байдлыг зайлшгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Онцгой нөхцөлд зоригтой шийдэл гаргах ёстой. Энэ нь Төсвийн хатуу бодлого, зоригтой шинэчлэлийг эхлүүлэхээс эхэлнэ гэж миний хувьд харж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийг хумих, төсвийн зарлагыг хязгаарлах, цар тахлын өмнөх байдал руу буцаж очих зайлшгүй шаардлага бий болсон. УИХ асуудлыг том зургаар нь харж, төсөв батлах хүртэлх хугацаанд энэ чиглэлээр ажиллана, зоригтой шийдвэр гаргана гэж итгэж байгаа.
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙГЭЭР УХААЛГААР ШИЙДЭХ ШААРДЛАГА БАЙНА
-Төсвийн орлого ерөнхийдөө иргэд, татвар төлөгчдийн нуруун дээр тохогдох нь тодорхой байна. Төр өөрөөсөө хэмнэлт гаргахгүй иргэдийнхээ ачааг нэмэх нь гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ?
-2023 оны төсөв хэд хэдэн онцлогтой. Ирэх оны төсвийн хүрээнд бид урт хугацааны хөгжлийн бодлогоо дэмжих, өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдэх, макро болон микро түвшинд эдийн засгийн “цусны эргэлтээ” сайжруулах, инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдуулах, эдийн засгийн өсөлтийг хангахад илүү чиглүүлэх учиртай. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт хэд, хэдэн асуудлыг онцолж тусгасан байсан.
Нэгдүгээрт, төсвийн хүрээнд шинэ хөрөнгө оруулалт тавигдаагүй. Тэр дундаа өмнөх оноос шилжиж байгаа хөрөнгө оруулалтын 86 хувийг нь 2023 онд дуусгаж, үлдсэн 14 хувийг 2024 онд дуусгахаар төлөвлөсөн. Шилжиж байгаа хөрөнгө оруулалт 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. 2023 он бол түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалтын ачаалалтай жил болж байгаа. Олон жилийн үлдэгдэл санхүүжилт, үр ашиг, эрэмбэ дараалалгүй төсвийн төлөвлөлт, сүүлийн 2 жилийн бараа материалын үнийн өсөлтүүд гээд олон хүчин зүйлс үүнд нөлөөлж байгаа. Ийм тохиолдолд энэ олон хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгаж, үр ашиггүй үхмэл хөрөнгийг ашиглалтад оруулах, ирэх жилүүдэд төсөвт ирэх ачааллаа бууруулахаас өөр гарц өнөөдрийн нөхцөлд байхгүй байгаа. Харин дараа, дараагийн жилүүдэд хөрөнгө оруулалтын зарчим, эрэмбээ тов тодорхой болгож өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал.
Хоёрдугаарт, халамжийн бодлогыг төсөв, мөнгөний нөхцөл байдал, эдийн засгийн боломждоо нийцүүлж зорилтот бүлэгтээ чиглүүлэх шаардлагатай байгаа. Олон нийтийн дунд маргаантай байгаа нэг асуудал бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгөний зардлын ачаалал төсвийн нийт ачааллын 8 орчим хувьтай тэнцэж, 1.5 их наяд төгрөг болохоор байна. Засгаас өндөр орлого, амьжиргааны түвшин бүхий өрхүүдийг хамруулахгүйгээр үлдэх 91 хувьд хамаарах өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор төсөвлөж орж ирсэн. Нийтийн дунд эргэлзээтэй хэд хэдэн асуудлыг бид анхаарч үзэх ёстой. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого уу, хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалт уу гэдгээ нэг талд нь шийдэх ёстой. Мөн ялгавартай байдлаар цаашид олгож байх эсэхээ хууль зүйн талаас нь нягтлах ёстой. Дээр нь халамжийн бодлогоо өрхийн амьжиргааны орлого, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлдэг байхгүй бол төсөвт ирэх ачаалал нь жилээс жилд нэмэгдэж байна. Нөгөө талдаа эдийн засагтаа эерэг нөлөөлөл багатай байгааг олон олон судалгаа нотолж байна.
Гуравдугаарт, Засгаас өргөн баригдсан төсөлд орлогын тэгш бус байдлыг бууруулах үүднээс орлогоос нь хамаарсан хувь хүний орлогын албан татварын 10-20 хувиар шаталсан тогтолцоог бий болгохоор тооцож оруулж ирсэн байна. Зарчмын хувьд орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байна.
Харин цаашид бид илүү төсвийн бодлогыг боловсруулахдаа илүү өргөн хүрээнд сууриар нь шинэчлэх, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой байхад чиглүүлэх, өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо залруулахад чиглэсэн төсвийн реформыг зоригтойгоор хийх ёстой байна.
-Төсвийн реформ хийх хэрэгцээ шаардлага байна уу. Төсвийн реформ гэж та юуг хэлж байна вэ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Өнгөрсөн 19 жилийн хугацаанд төсвийн орчныг авч үзвэл нийт 5 жилд нь эерэг гарснаас бусад жил нь дандаа алдагдалтай байсан байна. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд Засгийн газрын өр нэмэгдэх болсон үндсэн шалтгаан бол төсвийн алдагдал өөрөө болж байгаа юм. Өнөөдөр зээлийн эргэн төлөлт, зээлийн хүүгийн зардлыг төсөв даахгүй болж, нийгмийн бусад арга хэмжээнд, хөгжилд зориулагдах байсан татвар төлөгчдийн мөнгөний нэлээд хэсгийг зээлийн үйлчилгээний төлбөрт зориулах, нэмж зээл авах тойрогт ороод байна. Гэтэл төсвийн алдагдал болон өрийн хязгаарыг барьж байх ёстой хууль болох Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаас хойш Засгийн газрын хүсэлтийн дагуу 13 удаа өөрчлөгдсөн байдаг. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг жил бүрийн тавдугаар сард УИХ-аар баталдаг ч дараа жилийн төсөв батлах үедээ үүнийг дагаж мөрддөггүй, өөрчилдөг уламжлал тогтжээ. Энэ нь11 удаа давтагдсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга бат, хариуцлага, хяналт сул байна аа л гэдгийг харуулаад байгаа юм.
Улмаар Монгол Улсын нийт гадаад өр зээл, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж байна. Манай улсын нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдэх гадаад өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад харахад бусад хөгжиж буй орнуудын өрийн хязгаар үзүүлэлтээс 2-3 дахин их байгаад бид заавал дүн шинжилгээ хийж оновчтой шийдэл, өөрчлөлтийг шуурхай хийх ёстой. Алдагдалгүй төсөв батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын заалтыг өөрчлөхгүй байх хатуу зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Нөгөө талдаа тэгэхээр Монгол Улс төсвийн ил тод байдлаа хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа биз? Төсвийн ил тод байдлын дэлхийн санаачилгын хүрээнд боловсруулсан Сангийн бодлогод олон жилийн оролцоог хангах зарчмуудад нийцсэн 18 ижил жин бүхий үзүүлэлтээр шинжилж, дэлхийн 120 оронд хийсэн төсвийн нээлттэй байдлын судалгаагаар манай улс Засгийн газраас улсын төсвийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангаж байгаагаар 100 оноо авахаас 0, УИХ хууль батлах явцад оролцоог хангаж байгаагаар 11, аудит хийх явцад нийт 100 оноо авахаас 33 оноог авсан байсан. Олон нийтийн оролцоо тал дээрээ 100 онооноос 13, төсвийн ил тод байдлаар 100 онооноос 60, төсвийн хяналтаар 100 онооноос 76 байх жишээтэй. Тэгэхээр Засгийн газар, УИХ, иргэний нийгмийн байгууллагууд төсвийн ил тод байдал дээрээ онцгой анхаарал хандуулж ил тод нээлттэй байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоо болон мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдээллээр хангах эрхийг баталгаажуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна.
Энэ үүднээс төсвийн шинэчлэлийг дээр хэлсэн 4 чиглэлээр хийх шаардлагатай гэж үзээд байгаа юм.
ДӨРВӨН ЧИГЛЭЛЭЭР ТӨСВИЙН РЕФОРМ ХИЙХ ЁСТОЙ
-Төсвийн шинэчлэлийг ямар байдлаар хийх ёстой юм бол. Иргэдийн хяналтыг сайжруулснаар бодитой үр нөлөө гарах уу?
-Төсвийн шинэчлэлтэй холбоотой дөрвөн асуудал бий. Төсвийн байнгын хорооны зүгээс энэ чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр, холбогдох хуулиудад өөрчлөлт хийхээр бэлдэж байна. Нэгдүгээрт, төсвийн төлөвлөлттэй холбоотой бодлого гаргах, энэ талаарх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Төсвийг илүү оновчтой төлөвлөхийн тулд төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх, төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын саналыг авч сонсдог, тусгадаг байх, олон нийт болон төсвийн засаглалын байгууллагуудын мэдээллээр хангагдах эрхийг нь хуулиар баталгаажуулах үүнтэйгээ уялдуулан төсвийн цагалбарыг зөв төлөвлөж, танилцах хугацаа гаргах гээд олон асуудлыг бид олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлага байна. Өнөөдөр төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах процесс бүрт ил тод, нээлттэй байх механизм бараг байхгүй. Төсвийн төлөвлөлтийн явцад аудитын байгууллагын үүрэг ач холбогдол маш бага байна. Магадгүй зөвхөн төлөвлөлттэй холбоотой сая ярьсан энгийн мэт боловч эдгээр асуудлыг шийдсэн байхад төсөв дагасан олон эргэлзээ, хар төрүүлсэн асуудал цэгцэрсэн байхыг үгүйсгэхгүй. Одоо бид асуудлаа илүү бодитоор дүгнэж, олон жилийн хугацаанд гаргасан алдаа оноогоо шийдэх боломж болгох ёстой.
Хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдалтай холбоотой бодлогыг чангатгах ёстой. Үндсэндээ манайд сайн хуулиуд байгаа ч түгжээ чагтгүй болсон. Нэг үгээр хэлбэл, хариуцлагын санкцигүй хуулиуд байна. Төсвийг тогтвортой байлгах, сахилга баттай байлгах үүднээс УИХ анх 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөв бодлогоор гаргаж, баталж байсан. Зөв зарчим, зөв бодлого тогтоосон. Энэ хуулийг анх гаргасан суурь зарчим, төсвийн шалгуур үзүүлэлтүүдийг заавал сахидаг байх эрх зүйн орчныг бид бүрдүүлэх ёстой. Цаашдаа төсвийн сахилга батын суурь буюу фундамент болсон энэ хууль магадгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хэрэглэдэг шиг өндөр босготой байх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь буюу гуравны хоёроор өөрчилдөг байвал энэ хууль өөрөө тогтвортой хэрэгжинэ.
Гуравдугаарт, төсөв дээр хүүхдийн мөнгө бараг 10 орчим хувийн ачаалал болж байгаа гэдэг ч үүнтэй бараг адилхан хэмжээний төсөвт ачаалал болж буй бас нэг хүчин зүйл бол гадаадын зээл тусламж, зээлийн хүүгийн зардлын ачаалал. Асар олон төслүүд гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр өнөөдөр хэрэгжиж байна, зөвхөн энэ жил гэхэд энэ олон төсөл хөтөлбөрүүдийн зээлийн хүүгийн зардлын санхүүжилт нь өөрөө 1.2 их наяд төгрөг. Гэтэл энэ олон төслүүд үр ашигтай зүйлд зарцуулагдаж байна уу, үр дүнд тавих хяналт байна уу, энэ талаарх эрх зүйн орчноо бид сайжруулах ёстой юу. Ядаж зээл тусламжийг авах шаардлагатай бол одоо цаашид зөвхөн эдийн засгийн бодит сектор, бодит салбарт, эргээд үр өгөөжөө өгөх, үр ашигтай зүйлд зарцуулдаг байх шаардлага байгаа. Гадаад зээл тусламжтай холбоотой бодлого байх ёстой, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, төсвийн орлого, зарлагын бодлого тодорхой байх ёстой. Орлого зарлага төлөвлөлттэй холбоотой маргаантай асуудлууд олон байдаг, зардлууд өмнөх жилээсээ хэт өссөн, орлогын өөдрөг төсөөлөл хийсэн, макро эдийн засгийн төсөөлөл нь буруу байсан эсхүл, хөрөнгө оруулалтыг олон жилд хуваан тавьж хөрөнгө оруулалтын ачааллыг нэмдэг гэх мэт. Тэгэхээр энэ мэт олон асуудалд бидэнд хэцүү гэх шалтаг маш олон байж магадгүй, харин түүнийг даван гарах шийдэл хэрэгтэй. Асуудал болгонд гарц, шийдэл гаргая.
-Төсвийг задаргааг харахад хөдөөд соёлын бүтээн байгуулалт нэрээр үргүй зардал их гарахаар байгаа. Үүнийг зогсоож болох уу?
-Ирэх жил шинэ хөрөнгө оруулалтын зардал байхгүй. Зарчмын хувьд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг эдийн засгийн үр ашиг, ач холбогдлын эрэмбэ, эрэлт хэрэгцээнд тулгуурлан төсвийн төсөлд тусгаж баталдаг байх ёстой. УИХ-аас төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Төсвийн зардал болгоныг бид нарийвчлан үзнэ. Гэхдээ төсөвтэй холбоотой засаглал, тогтолцоогоо засаж залруулахгүй бол төсвийн засаглалын институцуудээ бэхжүүлэхгүй бол болохгүй байна. Суурь асуудлаа шийдэхгүйгээр гарсан үр дагавартай хөөцөлдөөд үр дүнд хүрэхгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд төсвийн бодлого, тэнцэлд дүн шинжилгээ хийх ёстой, дүгнэлт гаргах үүрэгтэй төсвийн засаглалын байгууллагууд болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Аудитын байгууллага хуулиараа аравдугаар сарын 15-нд дүгнэлт гаргах үүрэгтэй.
Гэтэл энэ жил гэхэд төсөв есдүгээр сарын 30-нд өргөн баригдсанаас хойш чуулганаар хэлэлцэж эхлэх хүртэлх хугацаанд ердөө энэ жил ажлын 4 хоног л ажилласан байх. Ингээд долоо хоногийн дотор гүйлгэж үзсэн болоод дүн шинжилгээ хийх нь буруу, ийм байх ёсгүй.
Төсвийн засаглалын институциуд ийм байдлаар мэдээллээр хангагдаж байхад бид төсвийг зөв, буруу гэж ярих нь хэцүү.
Гэхдээ цаашдаа олон нийтийн оролцоо, хяналттай, иргэний нийгмийн байгууллага, судалгааны байгууллагууд нь болон мэргэжлийн судлаач нар санал зөвлөмж оролцдог, гаргасан санал зөвлөмжийг нь тусгадаг байх ёстой. Зөвхөн төсөв өргөн баригдсан хугацаанд төсвийг хэлэлцэн батлах шатанд биш, төсвийн боловсруулалтын шатанд, төсвийг төлөвлөх шатанд мэргэжлийн байгууллагууд мэдээллээр хангагдаж, олон нийтийн төсөвт тавих хяналт, оролцоо бодитоор бий болох, ил тод байдал хангагдах боломжтой болно. Үүнийг хуулиар нээж өгнө, дээр нь төсвийн суурь тогтолцооны хүрээнд хийгдэх шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдийг удахгүй хийнэ.
Холбоотой мэдээ