50 жил тасарсан харилцаа

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

50 жил тасарсан харилцаа

50 жил тасарсан харилцаа

Япон, Хятад, Тайвань гурвын хувьд энэ жил тун онцгой байлаа. Учир нь энэ онд Япон, Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жил тохиож буйтай зэрэгцээд Япон, Тайванийн дипломат харилцаа тасарсны 50 жил тохиов.

Японы ерөнхий сайд Танака Какуэй 1972 оны есдүгээр сарын 29-нд Бээжин хотноо мэдэгдэл гаргаж, Хятадтай дипломат харилцаагаа хэвийн болгосноо зарласан. Мөн өдрөө Тайпэй руу утас цохьж, энэ мэдэгдлээ хүргэж байв. Тайвань энэ мэдэгдлийн хариуд Японтой харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн боловч Тайпэйг дэмжсээр ирсэн япон хүмүүсийг харгалзан үзээд зарим харилцаагаа хэвээр хадгална гэжээ.

Зарим харилцааг хэвээр хадгална гэж хэлсэн тул мөн оны арванхоёрдугаар сард Японд ч, Тайваньд ч иргэний нийгэмлэгүүд байгуулагдсан. Тодруулбал, Токиод Япон-Тайванийн солилцооны нийгэмлэг, Тайваньд Зүүн Азийн харилцааны хороо буюу одоогийн нэршилээр Тайвань-Японы харилцааны нийгэмлэг байгуулагджээ. Эдгээр байгууллага нь эдийн засаг, соёлын хүрээнд иргэний харилцааг хадгалах зорилготой. Дипломат харилцаа тасарсан ч эдийн засаг, соёлын харилцаагаа үргэлжлүүлэх энэ үйл явцыг “Япон загвар” гэж нэрлэдэг. Тэгвэл Тайвань яагаад энэ зохицуулалтыг хүлээж авсан бэ? 1972 онд Чан Чинг Куо удирдагч болсны дараа намуудтай дипломат харилцаагаа тасалсан ч бусад харилцаагаа хадгалах бодлогод өөрчлөлт орсонтой энэ нь холбоотой.

Дипломат харилцаа албан ёсоор тасрахаас өмнө тэдний харилцаа 1960-аад оны дунд үеэс эдийн засагт төвлөрсөн шинж чанартай байв. АНУ тусламжаа зогсоосны дараа Япон улс Тайваньд эдийн засгийн тусламж үзүүлсэн нь энэ харилцааны нэг илрэл юм. Дипломат харилцаа тасарсны дараа эдийн засгийн тусламж ч тасарсан. Тухайн үед Япон эдийн засгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд Тайваньд оруулсан шууд хөрөнгө оруулалтууд нь бодитойгоор өргөжиж чадсан. Японы колоничлолын үед хэл сурсан уугуул тайвань хүмүүс Японы компаниуд болон Тайвань хоорондын харилцааг дэмждэг байжээ.

1970, 1980-аад оны үед Японы Тайваньд хандах хандлага тийм ч сайн байсангүй. Тухайн үед Гоминданы засгийн газар Японы эсрэг бодлогоо үргэлжлүүлсээр байсан. Үүний зэрэгцээ Японы олон компани Тайваньд орж ирж, эдийн засгийн харилцаа нэг талаасаа улам ойртсон.

Энэ байдал 1989 онд эрс өөрчлөгдсөн. Тянь Ань Мэний талбай дахь эсэргүүцлийн жагсаал, хядлагын улмаас Хятадад эерэгээр ханддаг япончууд эрс багасчээ. Тодруулбал, 70 хувиас таван хувь болтлоо буурав. Энэ үеэс эхлэн Япон-Хятадын найрамдлын хөдөлгөөн ухарч эхэлжээ. Японтой байгуулсан хөгжлийн стратеги, эдийн засгийн харилцааныхаа ачаар эдийн засгийн хурдацтай амжилтад хүрсэн Тайвань 1980-аад оны сүүлээс ардчилсан тогтолцоонд шилжиж эхэлсэн. Улмаар 1996 онд Тайвань анхны удирдагчаа сонгосноор Японтой харилцах харилцаа өөрчлөгджээ.

Тухайн үед япончууд Хятадыг заналхийлж буй улс гэж үзэж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд Тайванийн удирдагч Ли Тэн Хуй Японы ард түмэнд чиглэсэн дипломат бодлогод идэвхтэй оролцох болжээ.

2011 онд болсон зүүн Японы их газар хөдлөлтийн дараа Япон-Тайванийн харилцаа дахин сэргэсэн. Газар хөдлөлтийн дараа Тайванийн ард түмэн Японд 25 тэрбум иен хандивлажээ. Тайваньд хандах хандлага нь хэдийнэ эерэг болоод байсан япончуудын сэтгэл үүнд маш их хөдөлсөн аж. Хятад улс тухайн үед Японд дэмжлэг үзүүлсэн хэдий ч Тайваньтай адил сэтгэл хөдөлгөж чадсангүй. 2005 онд Хятадад болсон Японы эсрэг жагсаалын улмаас харилцаа хандлага хэдийнэ муудаад байсантай энэ нь холбоотой.

Түүнээс хойш Японы ард иргэдийн санаа бодол Тайваньд нааштай хандах болжээ. Энэ хүрээнд загас агнуур, татварын гэрээ хэлэлцээр бий болсон.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзо 2012 оны сүүлээр засгийн газартаа буцаж ирэхдээ Тайванийн ерөнхий сайд Ма Инжу болон Цай Ин Вэнийн дараагийн засгийн газартай сайн харилцаа тогтоохыг хичээсэн. Фүкүшима болон бусад бүс нутгаас хүнс импортлохыг хориглосон Тайванийн санал асуулга нь Тайвань, Японы чөлөөт худалдааны хэлэлцээрт саад болж байсан. Гэхдээ импортын хоригийн хугацаа дуусахад Тайванийн тал Номхон далай дамнасан түншлэлийн тухай иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт нэгдэхийг эрмэлзэнэ гэдгээ илэрхийлжээ. Эцэстээ Тайванийн онц байдал хүлээн зөвшөөрөгдөж, Токио, Тайпэйн хоорондын яриа хэлцэл, хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсан. Дипломат харилцаа тасарсны 50 жилийн ойн өдөр япончуудыг Тайваньд визгүй зорчихыг дахин зөвшөөрчээ.

Хятад улс өдгөө Япон, Тайванийн ойр дотно харилцаанаас улам бүр болгоомжлох болжээ. Абэ Шинзогийн оршуулгад Тайвань төлөөлөгчөө илгээнэ гэхэд Бээжин эсэргүүцэл илэрхийлснээс энэ нь тодхон харагдана. Хятадын эсэргүүцэл тэгтлээ гайхмаар зүйл биш ч Тайванийн бодлого Японы санаанд нийцэж буйг ойлгох нь зүйн хэрэг юм. Магадгүй Хятад улс Японд чиглэсэн бодлогоо дахин нягталж харах хэрэгтэй аж.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж