Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дүүжин тээврийн асуудлыг 2020 онд эрх баригчид оруулж ирж байв. Тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан дүүжин тээврийг хэрэгжүүлэх талаар мэдээлж, ашиглалтын өмнөх захиргаа байгуулж байлаа. Цар тахалтай золгосон хоёр жио дүүжин тээвэр эхлэх эсэх нь тодорхойгүй байв.
Албаныхны мэдээлснээр, дүүжин тээврийг ирэх хавраас эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд одоогийн байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг “2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан.
Тиймээс Улаанбаатар хотоос нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна” гэсэн мэдээлэл өгч байв.
Мөн нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-ийг боловсруулаад дуусч байгаа аж. Ийнхүү 2023 оны хавраас барилга угсралт хийгээд, 2024 онд ашиглалтад оруулах юм байна.
Дүүжин тээвэр барих "Пома" компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.
Холбоотой мэдээ