Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төв нь Герман болон Европын холбооны улсуудад Монголд үйлдвэрлэсэн малын болон байгалийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах, монгол брэндийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 2020 онд Берлин хотод байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын “Экспортыг дэмжих” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Гадаад харилцааны яам, МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.
“Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” хоёр хэсэгтэй. Мэдээлэл сурталчилгааны хэсэгтМонголыг сонирхсон Европын холбооны хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагад мэдээлэл өгдөг бол үзүүлэнгийн танхимдаа үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, онцлогийг нь танилцуулан худалдаалдаг ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд танилцуулан худалдаалж, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа тус хамт олонд амжилт хүсэж, талархал илэрхийллээ. Экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улс эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглээд “Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэж уриаллаа.
“Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 36 аж ахуйн нэгжтэй гэрээтэй ажилладаг ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийх юм.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ