МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

МИАТ: Гадаадаас тийз захиалсан зарим зорчигчдод мэдэгдэл очоогүй

НЭМЭЛТ: 

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн "ОМ-137" аяллаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. "МИАТ" ТӨХК-иас 2022 оны аравдугаар сарын 3-ны өдөр тухайн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр гаргасан юм.

"ОМ-137" аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчид тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн тухай мэдээллийг 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно.

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь "МИАТ" ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт аравдугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалт хийж, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно. Иймд "МИАТ" ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье. Цаашид "МИАТ" ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК


ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙГООР НИСЛЭГИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалтай холбоотойгоор "МИАТ" компанийн онгоцоор нисч байсан 200 гаруй зорчигчийг үл хүндэтгэн Франкфурт явах чиглэлийг Берлин болгон өөрчилсөн мэдээллийг зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтлэв. Берлинд онгоцноосоо буусан иргэд Франкфурт хот руу явахын тулд онгоц, галт тэрэгний мөнгөө өөрсдөөсөө гаргаж, хүндрэл учруулсанд иргэд бухимдаж байна.

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас энэ талаар тодруулах гэсэн боловч "Хуралтай байна" гэсэн хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр мордсон. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12-ноос 16-нд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж