Чуулган: Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд болж өсч байна

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд болж өсч байна

Чуулган: Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд болж өсч байна
18 : 16
2022-10-13

Уул уурхайн салбарт далд эдийн засаг байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Хүүхдийн мөнгийг архи, тамхинд зарцуулахгүй гэдгийг яаж хянах юм бэ? Хэзээ ч амьдралд хэрэгжихгүй, пи-арын шинжтэй юм хийдгээ боль. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Хүүхдийн мөнгийг яаж олгоход судалгаа хийж үзсэн. Зарим оронд картаар шийдээд банк санхүүгийн байгууллагатай хамтраад АТМ-ээс гардаггүй, архи, тамхинд уншдаггүй болгож шийдсэн байдаг. Энэ жишгийг хэрэгжүүлж болно гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг өөрчилснөөр хэдэн хувиар цалин нь нэмэгдэх вэ? Тэтгэвэр тогтоолгосон иргэн төрийн албанд ажиллахгүй гэж хуульд тусгасан. Энэ бол цалин, тэтгэврийг давхардуулан олгохгүй гэсэн арга гэж харж байна. Иргэд өөрсдөө тэтгэврээ авах уу, цалингаа авах уу гэдгээ сонгоод ажиллах нөхцлөөр хангаж болоогүй юу? Харьцангуй эрт тэтгэврээ тогтоолгосон, ажиллах өндөр чадамжтай иргэд олон байгаа шүү дээ.

Өндөр үнэ бүхий үл хөдлөх, хөдлөх, архи тамхины татварыг өндөр тогтоох нь зөв гэж үзэж байна. Түгжрэлийг шийдэхэд том оврын жийп автомашинуудаас татвар авч, хөдөө орон нутагт барилга баривал татварын хөнгөлөлт олгодог байж болохгүй юу? Төрийн албад хувцас форм хэрэглэж байна. Зарим нь цэрэг, цагдаагаас ялгагдахгүй форм ашиглах шаардлага байдаг уу? Үүнд төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг вэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж:

-Цалингийн тогтолцооны асуудалд гурван арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Суурь цалинг төрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн цалингийн ялгааг алга болгоно. Нийт төрийн нийтлэг албанд ажиллаж буй 47 мянган албан хаагчийн цалин хөлс нэмэгдэнэ. Орон нутагт ажиллаж буй албан хаагчдад нэмэгдэл өгнө. Төрийн албаны тухай хуульд 22.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгосон, нас нь болсон боловч 5000 гаруй хүн цолны нэмэгдэл гэх мэтээр цалин хөлс авч байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар тодорхой албан хаагчдад дүрэмт хувцасыг өмсөнө. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дагах хуулиудаа төсвийнхөө өмнө хэлэлцдэг баймаар байна. Дагах хуулиуд уначих юм бол төсөв дахиад задарна. Тиймээс дарааллыг нь өөрчлөх хэрэгтэй байна. Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хууль бол бие даасан хууль байна. Гэтэл төсөв дагасан хуулиудад оруулж ирж байгаа нь асуудалтай байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэггүй болох юм биш үү? Мэргэжлийн хяналтын байгууллага бол харьцангуй бие даасан байгууллага. Гэтэл үүрэг өгдөг байгууллага өөрөө өөрийгөө хянах болчихоод байна шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий байгууллага татан буугдвал тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь салбар салбартаа шууд очоод ажиллах уу? 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Өнгөрсөн 2021 оны намрын чуулганаар Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг баталсан. Энэ өөрчлөлтөөр мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдана гэж би бодохгүй байна. 1100 улсын байцаагч маань салбар салбарын байгууллагад шууд шилжин очно. Мэргэжлийн хяналт салбар салбартаа очсоноор хөндлөнгийн хяналт алга болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай гэсэн бие даасан хууль орж ирж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүрэг нь салбарын яам дор аваачих юм байна. Бодлого, хяналтыг нэг дор аваачих нь хэр зөв бэ? Үндсэний аюулгүй байдалд хамаарах хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг яаж шийдэж байгаа вэ? 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа хийдэг ч эргээд бодлогоо сайжруулах боломж байдаггүй. Тиймээс бодлого, хяналтыг нэг дор төвлөрүүлэх нь үүнийг шийдэх боломжтой. 13 салбарт мэргэжлийн хяналтын чиг үүрэг очиж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийгээд компани, байгууллагын эрхийг цуцлах эрх байдаггүй. Энэ нь яамдад байдаг. Тиймээс бодлого, хяналт нэг дор очсоноор хариуцлага тооцох боломж нээгдэнэ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Хүүхдийн мөнгө олгохдоо 9 хувийг хэмнэснээр хэр нөлөөтэй хэмнэлт болох юм? Хүүхдийн мөнгө бол баялгаасаа иргэддээ өгч байгаа хэлбэр болохоос халамж биш шүү дээ. Нүүрсний хулгайчдын орлого тэдэнд тэрбум төгрөгт хүрсэн гээд чуулган дээр хэрэлддэг шүү дээ. Гэтэл хүүхдийн мөнгийг олгосноор Монгол Улс дампуурах гээд байгаа юм биш. Ирээдүйн өв санг хүртэл цөлмөөд дууслаа. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихийн тулд хүүхдийн тоогоор нь мөнгийг нь үржүүлж өгдөг болъё. Жишээ нь, нэг хүүхэдтэй бол 20 мянган төгрөг, хоёр бол 40 мянган төгрөг гэх мэтээр өгч болно. Гэр бүлээ Монгол Улс яг яаж дэмжээд байна вэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Хүүхдийн мөнгө 91 хувьд нь өгнө гээд 2023 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийг тусгаж оруулж ирсэн. Хүүхдийн мөнгийг тодорхой хувьд өгснөөр 137.9 тэрбум төгрөгөөр буурч орж ирж байгаа. Орлогын тэгш хуваарилалт гэдэг зүйлийг бодож үзээд, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдэж байна.

Бололцоотой хүмүүс нь илүү татвар төлж, хүүхдийн мөнгөөс татгалзаач ээ гэдэг зүйлийг л ярьж байна. 

Далд эдийн засгийн янз бүрийн тоо байгаа. Статистикийн газрын тооцоолсноор 9.2 хувиас 15.7 хувь байна гэж тооцсон. Уул уурхайн салбарт далд эдийн засаг байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт бас байна. 

УИХ-ыг гишүүн Т.Доржханд: 

-Монгол Улс яг Шри-Ланкын араас орчихлоо. Венесуэл их ойрхон болчихлоо. Халамж урсгал зардлын 2 төгрөг тутмын нэг болчихлоо. Хүүхдийн мөнгө 2003 онд нөхцөлтэйгөөр оруулж ирээд, сонгууль болгоноор нэмсээр байгаад өдийд хүрсэн шүү дээ. Ирээдүйн өв сандаа өнгөрсөн жил гар дүрээд, хүүхдийн мөнгө өгнө гэсэн. Хүүхдийн мөнгө бол халамж шүү дээ. 10 сая төгрөгийн орлоготой хүмүүс 500 мянган төгрөгийн орлоготой хүмүүстэй ижилхэн хүүхдийн мөнгө аваад явах чинь буруу шүү дээ. Төлбөрийн баланс дээр ам.доллар байхгүй байна шүү дээ. Нийтээрээ дампуурлаа. Монголын дампуурал 4-5 жилийн циклтэй болчихсон. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хууль батлагдсанаар төрийн институцийн 16 яам, 37 агентлаг, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг тавих юм. Иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэж, хяналт шалгалт хийх юм. Энэ хуулиар бий болж буй Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага бий болно. Тус байгууллага хяналт шалгалт хийгээд тухайн газрыг татан буулгах шаардлагатай гэвэл холбогдох газруудад хандана. Өөрөө шууд хэрэгжүүлэх эрх байхгүй байна. 

18 : 12
2022-10-13

"Баян, ядуугийн ялгаатай энэ үед зөв"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудыг ашигтай ажиллуулахад анхаарч байгаа. Нийгмийн даатгалын сангийн алдагдал дэндчихсэн байна. Нийгмийн даатгалын алдагдлыг нөхөхийн тулд 2030 он гэхэд орлогын асуудлыг шийдэхгүй бол Оюутолгойн хэмжээний буюу 16 тэрбум ам.долларын хөрөнгө татах шаардлагатай гэж байна. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоогоо сайжруулахад ямар арга хэмжээ авч байна вэ? Тэтгэврийн насаа нэмэхгүйгээр Нийгмийн даатгалын сан тэтгэврээ тавьж чадахгүйд хүрнэ гэж Олон улсын валютын сан анхааруулж байна.

Хүүхдийн мөнгийг 93 хувьд өгөх асуудал яригдаж байна. Архи, тамхинд хүүхдийн мөнгө зарцуулагдаж байгааг ямар хуулиар хянах юм бэ? Хүүхдийн мөнгө хүүхдэд хөрөнгө оруулалт болж зарцуулагдах ёстой. Бусад оронд картаар өгч, хүүхдийн боловсрол, хувцас, хөгжилд зарцуулагддаг. Тэр жишгээр шийдэх юм уу? 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай явж байгаа. Энэ алдагдлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэтгэвэр, цалингийн нэмэгдлийг ирэх онд хэлэлцэх багц хуульд инфляцитай уялддаг байхаар төлөвлөн ажиллаж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар: 

-Хүнсний эрхийн бичгийг журам, шалгуурыг нь өөрчилж, картаар олгож эхэлсэн. Энэ туршлагыг хүүхдийн мөнгөнд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Үүнд төрийн болон банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Архи, тамхинд өгөхгүй гэдгийг ямар хуулиар, технологиор шийдэх вэ? Тэтгэврийн насыг таван жил, долоон жилээр тогтоох асуудалд эцсийн хариу өгчихмөөр байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хүүхдийн мөнгийг картаар олгох, НӨАТ-ын системээр архи, тамхинд уншихгүй байх системийг нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа. Ингэхдээ хүүхдийн мөнгөөр хүүхдэд шаардлагатай зүйлсийг л уншуулж авч болдог картыг нэвтрүүлэхээр ярилцаж байгаа. Тэтгэврийн насыг тооцохдоо бүх насаараа төлсөн татварыг ажилласан нийт жилийн дунджаар тухайн үеийн ханшинд тулгуурлан олгодог байх тогтолцоог хамгийн шударга гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Мэргэжлийн хяналт, Хувь хүний орлогын албан татвартай холбоотой хоёр хуулийн талаар асуулт байна. Засгийн газар, төрийн байгууллагууд хяналт шалгалтыг төрийн алба руу чиглүүлж байгаа нь зөв гэж үзэж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандарт, үйлдвэрлэлд тавих хяналт шалгалтаа алдагдуулахгүй байх хэрэгтэй. ХХОАТ-ын хуульд орлогоос нь шалтгаалан татварыг тогтоох тогтолцоог бий болгохоор оруулж ирж байгаа нь зөв. Баян, ядуугийн ялгаатай энэ үед зөв байна. Гэхдээ тогтоох хувь нь хэт өндөр байгааг анхаараарай.

Одоо байгаа тогтолцоо бол ил байгаа татвараас нь авах тухай байгаа. Харин далд эдийн засагт чиглэсэн тансаг хэрэглээнээс татвар авах хэрэгт байна.

Далд эдийн засгийн бүртгэлд тусдаггүй орлого нь тансаг хэрэглээнд тусдаг учраас эндээс нь татвар авах хэрэгтэй. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-ХХОАТ-ыг шатлалтай болгохдоо орлого олоход анхаараагүй. Харин орлогын тэгш хуваарилалттай болохын тулд шатлалтай болгож байгаа юм. Дэлхий нийтийн жишиг ч шатлалтай. Тансаг хэрэглээний татварыг Сангийн яам судалж үзсэн. Тансаг хэрэглээний татварыг хэрэглээнд нь ноогдуулаад  амжилттай хэрэгжүүлсэн улс орон бага байна. Харин үл хөдлөх хөрөнгөөс нь татвар авах асуудал яригдаж байна. Үл хөдлөхийн албан татварын хууль боловч тансаг хэрэглээний татвар юм. Далд эдийн засгийн судалгаанаас харахад үл хөдлөхийн салбарт үнэлгээ, бүртгэлээс шалтгаалан үүсч байгаа нь харагдсан. Бүртгэлээ ил болгоод хөрөнгийн үнэлгээг нь зөв тогтоогоод татвар авах нь зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Төсөв хэмнэж байгааг ойлгож байна. Гэхдээ баруун таван аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай байна. Улсын мах бэлтгэлд биднийг оруулж өгөөч гэж надад хандаж байна. Малын гаралтай түүхий эд үнэгүйдээд байна. Малчдын залуу халааг бэлтгэхэд анхаараач ээ гэж байна. Зах хязгаарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаараач ээ. Бургастайн боомтыг мэргэжлийн хяналтынхан үйл ажиллагааг нь зогсоосон гэж байна. Говь-Алтай-Завхан чиглэлийн зам АХБ-ны санхүүжилтээр хийгдэхээр болсон байна. Баруун бүсийн зам бүтэн болох боломжтой байгаа. Үүн дээр төсөв тавих боломж бий юу?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Өвөлжилттэй холбоотойгоор Засаг даргын нөөц хөрөнгийг энэ онд тав дахин нэмэгдүүлж өгсөн. Тиймээс бүх Засаг даргад нот бичиг явуулж, өвөлжилтөө өөрсдөө хариуцаач ээ гэж чиглэл өгсөн. Алслагдсан аймгуудад цалингийн асуудлыг орон нутгийн нэмэгдлийн 20 хувиар шийдэж байгаа. Төрийн албан хаагч орон нутагт очиж ажилласны салбар салбараас шалтгаалан нэмэгдэж байгаа. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлбэл татварын дэмжлэг үзүүлэхээр шийдэж байгаа. 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: 

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Бургастайн боомтыг хаасан талаар манай яаманд нот бичиг ирээгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Татвар нэмэхгүй, шинэ татвар тавихгүй гэсэн яасан бэ? Гарч ирэхдээ татвар нэмэхгүй гэчихээд бүх хуулиар татвар нэмээд явчих юм. Баялаг бүтээдэг хүмүүсээ дээрэмдэх замаар төсвөө бүрдүүлж байна. Улаанбаатар хотод бүх хөрөнгө оруулалтаа тавьсан байна. Ганц Улаанбаатар хотоо хөгжүүлбэл орон нутгаас ирэх шилжих хөдөлгөөн зогсохгүй ээ. Орон нутгийг хөгжүүлэхгүйгээр шилжилт хөдөлгөөнийг зогсоох боломжгүй шүү дээ. Дөргөн суманд төрийн албан хаагчдын цалин 600 мянга учраас маш олон орон тоонд ажиллах хүнгүй байна. Тэнд тэтгэвэрт гарсан хүмүүс ажиллаж байна. Гэтэл одоо орж ирж байгаа хуулиар тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажиллуулахгүй гэж байна. Төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэгдүүлэх вэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Татвар нэмж байгаа гэж ойлгох нь өрөөсгөл ХХОАТ-ыг шатлалтай болгож байгаа юм. Нийт ХХОАТ-ыг төлж байгаа нийт хүмүүсийн 0.1 хувьд л хамаарна. Улаанбаатар хотод түгжрэлтэй холбоотой төсвийг тавьсан. Хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн тулд үе шаттай арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж байгаа. Орон байраар хангах, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлөх зэрэг аргыг авч хэрэгжүүлж байгаа.

16 : 00
2022-10-13

Ирээдүйн өв санд 60 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн яам өөрөө гүйцэтгэдэг, худалдан авалт хийдэг биш гүйцэтгэлийг худалдаж авдаг, хянадаг тогтолцоо шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-2020 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд спортын магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүст нөхөн олговор өгөх асуудал яригдаж байгаад орхигдсон. Хөдөлмөрийн насны залуус эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байна. Тиймээс спортоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарсан хүмүүсийг дэмжих агуулга явж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндээ анхаарч буй иргэдэд спортоор хичээллэхийг нь урамшуулах боломжгүй юм бол эрүүл мэндийг дэмжих сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломж бий юу? Олимпизм, спортыг хариуцсан сайд энэ асуудалд ямар байр суурьтай байна?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Эрүүл мэндийн даатгалын сангийн зорилго нь өөр. Эмчилгээ үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр аваад явах зарчимтай. Харин Эрүүл мэндийг дэмжих сангаас ийм арга хэмжээг санхүүжүүлэх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Тус сангийн санхүүжилтээс татаас, тусламж үзүүлэхийг хориглодог. Спортын төрлийн үйл ажиллагаанд иргэд өөрсдөө үүрэг хариуцлагаа хүлээгээд өөрсдөөсөө мөнгөө төлөөд явах ёстой. Харин спортын байгууллагуудыг татвараар дэмжиж байгаа. 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Магадлан итгэмжлэгдсэн биеийн тамир, фитнессийн төвүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байсан ч 2019 онд ковидоос шалтгаалан цуцалсан. Одоо бол эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийг дэмжих сангийн зориулалт өөр гэж Сангийн яамнаас татгалзаж буй. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний идэвх оролцоо нэлээд нэмэгдсэн. Тэднийг гааль, татварын нөхцөлөөр дэмжих хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Эрүүл мэндийг дэмжих сангаас яагаад дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэхээр хөдөө орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр заал, төв барихгүй гээд байна. Тиймээс хувийн хэвшил, төрийн байгууллагын хамтын оролцоог дэмжих чиглэлд анхаарах хэрэгтэй байна. 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Биеийн тамир, спортоор дамжуулан хүн амын эрүүл идэвхтэй амьдрал, өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлье гэж "Алсын хараа-2050"-д тусгасан. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хүүхдийн мөнгийг 2023 оны төсөвт тодорхой хувиар бууруулж, 60 гаруй тэрбум төгрөгийг ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болж байна. Энэ мөнгийг  хүүхдийн эрүүл мэнд, боловсрол руу зарцуулах боломж байхгүй юу? Ирээдүйн өв сангийн мөнгийг зайлшгүй  тулгамдсан хүнд үед хэрэглэнэ гэсэн. Одоо энэ цаг үе чинь ирчихээд байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Бид 2023 оны төсөвт урсгал зардлыг энэ оны түвшинд нь барьж байгаа. Бололцоотой хүмүүс нь хүүхдийн мөнгөөс татгалзаач гэсэн санал тавьж байгаа. Хэмнэсэн мөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй. Хүүхдийн мөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Ирээдүйн өв санд 2025 оныг хүртэл гар дүрэхгүй байх хуультай. Тиймээс ковидын хүндрэлтэй үеийг даван туулсан учир тус санг зарцуулахгүй. 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ:

-2050 онд Монгол Улс хөгжлөөрөө Олимп зохион байгуулах түвшинд хүрнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Биеийн тамир, спортоо хөгжүүлье гэхээр иргэд эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөнөөсөө спортын үйл ажиллагаанд зарцуулъя гэхээр зөвшөөрөхгүй байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-82 хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа юм байна. Хүүхдийн мөнгөний асуудал халамжид хамаарах нь зөв үү? Боломжийн амьдралтай гэж үзсэн хүмүүсээ яаж ялгах вэ? Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орж байгаа. Өнгөрсөн жил багц хуулийг өргөн барьсан. Чуулганд орохын өмнө эргүүлэн татсан. Энэ хууль хэлэлцэхээр дагаж гарч ирэх нь тэтгэврийн нэмэгдэл яригдана. Цалин, тэтгэврийн түвшин инфляцийг гүйцэхгүй байна. Бүх яам өөрсөд дээрээ хяналтыг авахгүй байх. Шинэ хөрөнгө оруулалт тавихгүй байхдаа орон нутагт мэргэжлийн хяналтаар актлагдсан барилга, байгууламжуудаа онцгойлон авч үзэж болоогүй юу? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Хүүхдийн мөнгөтэй холбоотой Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална гэсэн. Ковидын үед 60, 80 хувьд олгоод явж ирсэн. Хэрхэн олгохыг  орлогыг орлуулан авч үзэх аргачлалаар шийднэ. Орон нутгийн нэмэгдлийн 20 хувийг суурь зарлагын төсөвт нь тооцоод тусгасан. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байруудын хувьд ТЭЦҮ, зураг төсөл боловсруулахад ирэх онд 80 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дараа 2024 оноос шинээр барих барилга байгууламжаа оруулж ирье гэж ярьсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар: 

-Нийгмийн даатгалын багц хууль бэлэн болсон. Намрын чуулганаар багц хуулиа хэлэлцүүлнэ. Үүнд, тэтгэвэр, ажилгүйдэл, үйлдвэр, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбоотой сангийн асуудлууд шинэчлэгдэнэ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Мэргэжлийн хяналтын байгууллага үндсэндээ татан буугдаж байна гэж ойлгож болно. Салбарын бодлого гаргаж, үүнийгээ хянаж шалгах чиглэлд явахаар болсон. Хоёр хууль зэрэг явж байгаа учраас гишүүд холиод байна. Хоёр хуулийг баталснаар орон тоо нэмэгдэхгүй, хоорондын зохицуулалт хийгдэнэ. Төрийн албаны анхан, дунд шатанд хариуцлагыг эзэнжүүлэх ажлыг хийж байна. 

14 : 49
2022-10-13

Орон нутагт шинээр барилга барихгүй

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Орон нутаг бие дааж төсвөө бүрдүүлж байгаа таван аймаг байна. Бие даасан таван аймаг маань зөвхөн засвар үйлчилгээ хийгээд зам, эмнэлэг барьж чадахгүй болж байна. Орон нутаг бие дааж хөгжих ёстой гэдэг бодлого чинь байхгүй болох юм биш үү? Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа бусадтай адилтгаж, боомилсон төсөв оруулж ирж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах юм байна. Салбарын хяналттай болохоор салбар тус бүрээр салаад хүнд суртал, давхардсан хяналт улам нэмэгдэх вий. Засгийн газар нэгдсэн хяналттай байх нь зөв юм шүү. Хүний амь нас, байгаль орчинтой холбоотой эрсдэл дагуулсан хяналтуудаа нэгдсэн хяналттай явах ёстой юм биш үү? 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж: 

-2003 онд Төрийн хяналт, шалгалтын хууль батлагдсанаар том өөрчлөлт гарсан. Яагаад өөрчилснийг судалж үзвэл нэгдсэн нэг хяналттай байхаар процессын хууль батлагдсан. 2011 онд дээрх хуульд дахин өөрчлөлт орсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын 30 гаруй хяналт бол одоо 20 гаруй болж буурсан. Мөн чиг үүрэгт нь байхгүй ажлуудыг хариуцдаг болсон.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Орон нутагт шинээр барилга байгууламж, хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг арга хэмжээ ганцхан жил үргэлжилнэ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2022 онд 8 тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалалд төсөвлөсөн байна. Гэтэл 2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцээд хүүхэд хамгаалалд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамд өргөн барьсан ч 5.2 тэрбум төгрөг болгож танасан байна. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 30 хувь нь л сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Ийм хүмүүсээс төсвөө харамлаад байх уу? Хүүхдүүд ямар байранд түр хоргодож байна. Хамгаалах нэрийдлээр хориод байна уу? Ийм орчинд өсч байгаа хүүхдүүд бидний ирээдүйг авч явж чадах уу? 

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж:

-Хүүхэд хамгааллын тухай хуульд энэ жилийн төсвийг батлуулахдаа хэрэгжүүлэх ажлын схемийг ХНХ-ын сайд, Сангийн сайд хамтран баталсан. Хүүхэд хамгааллын зардал 8 тэрбум төгрөг хэвээрээ байгаа. Харин хүүхэд хамгааллын хариу үйлдэл гэдэгт таны хэлсэн зардал байгаа. Нийт байгууллагуудын зардлууд нь 31.5 тэрбум төгрөг хэвээрээ хадгалагдсан. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Засгийн газраас бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хүүхэд харах үйлчилгээнд зардал тусгагдсан. Үүний задаргааг хармаар байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эмийн агентлаг эмийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас татаж авсан. Ковидын жилд тус агентлаг сайн ажилласан. Эрүүл мэндийн даатгалын сан бас гүйцэтгэлээр нь санхүүжүүлсэн. Эрүүл мэндийн салбарын чанар, гүйцэтгэлд дэвшил гарсан уу? 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

-Агентлагт шилжээд дэвшил тодорхой түвшинд гарсан. Хуулийг батлахдаа нэг зүйлийг орхигдуулсан. Тус агентлагийн хяналт шалгах байцаагч үнэмлэхээ яаж авах вэ, зөрчил үүсвэл торгууль тавих эрх бас байхгүй. Салбар салбартаа бодлогоо барьдаг болсон нь олон улсын жишиг. 

12 : 35
2022-10-13

"Халамжийн эзлэх хувь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна"

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Хуулийн заалтаар дээд хэмжээний тоо тавчихаад суугаад байж болохгүй. Засгийн газрын өр яг хэд байгаа юм. 2023 онд ямар шаардлага үндэслэлээр нэмэгдүүлж тоо тавих хэрэгтэй байна. Дээд хэмжээ тэдэн хувь байж болно гээд тоо тавьчихаад түүндээ хүргэх гээд зүтгээд байж болохгүй.

Миний тооцооллоор Засгийн газрын 8,7 тэрбум ам.долларын гадаад өр байгааг валютын үнэ цэнээр тооцоод үзэхээр 30 орчим их наяд төгрөгийн асуудал байх шиг байна. Гэтэл та бүхэн 35 их наядад хүргэж оруулж ирсэн байна. Халамжийн зардал 1.5 орчим их наяд төгрөгөөр өсч байгаад хүүхдийн мөнгө үүндээ багтаж байх шиг байна.

Халамжаас хөдөлмөрт шилжих тухай яриад байгаа хэр нь халамжийн зардал нь өмнөх оныхоос нэмэгдээд ороод ирж байна. Хөрөнгийн зардлын хэмжээ 4.4 их наяд төгрөг байснаа яагаад 5.3 их наяд төгрөг болж өссөн бэ? Үүний цаана юу байна вэ? Цаг үеийн нөхцөл байдал ийм байна гээд жилд хоёр, гурван удаа суурь үзүүлэлтүүддээ өөрчлөлт оруулаад байж болохгүй. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Засгийн газрын өр бол өнөөгийн ханшаар тооцвол 28.5 их наяд төгрөг, үлдэгдэл нь 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Халамжийн зардал 2 их наяд төгрөг байгаа. Үүнд, хүүхдийн мөнгөний санхүүжилтийн зардал 1.4 их наяд төгрөг байна. 2022 оноос хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлэхээр батлагдсан. Харин 2023 онд Улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсоноор халамжийн зардал өссөн. Ирээдүйн өв санд орж байсан зарим орлогыг 2023 онд улсын төсөв дээр шилжилтийн байдлаар оруулж ирсэн. Хоёр гурван жил Ирээдүйн өв сангийн орлогыг Улсын төсөвт татан төвлөрүүлээд дараа нь буцаана. 

Хөрөнгө оруулалтын зардал өөрчлөгдсөн шалтгаан нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад 339 тэрбум төгрөг, барилгын бараа материалын үнийн өсөлт 300 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжийн Монголын талын санхүүжилт 232 тэрбум төгрөг нийтдээ 863 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Сангийн яам УИХ-д төсөв өргөн барьж байгаа бол задаргаа, мэдээллээ гүйцэт өгч баймаар байна. Хөрөнгө оруулалтын жагсаалтууд өргөн барихдаа салбарын багцуудаа тэр чигт нь үлдээчихсэн байна. Нийслэл дээр 1 их наяд төгрөгийн тухай ярьж байсан. Гэтэл одоо 300 тэрбум төгрөг яригдаж байна шүү дээ. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсөв дээр бид задаргаагаа дэлгэрэнгүй өргөн барьсан. Орон нутгийн төсөв дээр орон нутгийн төвлөрүүлэх орлого болон санхүүгийн дэмжлэгийг баталдаг. Бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг задаргаагаар нь өргөн барьсан. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Эрдэнэт дээр 15 мянган тонн зэсийн баяжмалыг ашиглаж чадахгүй, хадгалагдаж байна. 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: 

-Улаанбаатар төмөр замд экспортын бүтээгдэхүүний ачаа тээврээ зохицуулах үүрэг даалгавар өгсөн. Гол гол боомтууд дээр нэмэлт байгууламжууд нэмэгдсэнээр экспортын боломж нэмэгдсэн. Гэвч зохион байгуулалтын асуудал байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Төсвийн хууль орж ирж байхад тоо баримтууд гутранги төсөөлөлтэй байна гэж гишүүд хэлж байсан. Төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд ямар боломжийг тусгасан бэ? Нийгмийн халамж хавтгайрсан гэж яриад байна. Гэвч энэ тооцооллоос харвал халамж хавтгайрсан гэж харагдахгүй байна. Ирээдүйн өв санд байсан мөнгийг Улсын төсөвт татаж оруулж ирж байгаа учраас төсөвт дарамт учрах ёсгүй. Халамжийн эзлэх хувь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсөв батлагдаж байх үед нөхцөл байдал хүнд байсан. Хэт өөдрөг төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийг тооцох нь эрсдэл дагуулдаг учраас болгоомжилсон. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өр ДНБ-ний 50.1 хувьтай тэнцэж байгаа. Ирэх онд нэмж гадаад зээл авъя гэж оруулж ирээгүй. Бууруулах бодлого барьж байгаа. Халамжийн хувьд бол хүүхдийн мөнгийг 2023 оноос  Ирээдүйн өв сангаас Улсын төсөвт шилжүүлж, 1.4 их наяд төгрөгөөр зардал өсч харагдаж байгаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Гишүүдийн асуултад нэг л байдлаар хариулаад байна. Миний асуултад яг тодорхой хариулаад өгөх хэрэгтэй байна. Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас Улсын төсөвт татаж авчирах шалтгаан байгаа юм уу? Ингэснээр зардал өссөн юм уу, хэвээр байгаа юм уу?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Хүүхдийн мөнгөн дээр "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Гэвч "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөр хэрэгжихгүй байгаа учраас зарлага болж гарч байна. Хүүхдийн мөнгө 604 тэрбум төгрөг байгаа ч төсөв дээр орж ирэхээрээ 1.4 их наяд болж өсч орж ирж байна. Тоогоо зөв тайлбарламаар байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Засгийн газрын өрийн хэмжээ 28.2 их наяд төгрөг байгаа ч 35.4 их наяд болж өсч байна. Үүнд ханшийн зөрүү хэд байна? Төсөвт хуримтлал үүсэхгүй байна. Жилд хэдэн төгрөг олоод үүнийгээ хэдэн салбарт тараагаад дуусч байна. Зэсийн үнэ 11 мянган ам.доллар хүрнэ гэсэн байхад 8000 ам.доллараар тооцсон байна. Хасах зардлууд олон байна. Соёлын төв барих гэх мэт зардлуудаа хасаад 30 жилийн хугацаанд анх удаа алдагдалгүй төсөв баталчихъя л даа. Ингэснээр инфляци тогтворжиж, төгрөгийн ханш өснө. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-2022 оны байдлаар Засгийн газрын өр 28 их наяд төгрөг байгаа. Ирэх жил 35 их наяд төгрөг болж өсч байгаа нь ханшийн нөлөөлөл, олон улсын байгууллагаас авах хөтөлбөрийн зээлээс 1 их наяд төгрөг, гадаад  төслийн зээлийн ашиглалт 0.9 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Далд эдийн засгийг бууруулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал, гаалийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой нэлээд ажил хийж байгаа. Далд эдийн засаг уул уурхайн салбарт голчлон байгаа гэж үзэж татвар, гаалийг чангаруулна. 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: 

-Инфляциас үүдээд олон улс бодлогын хүүгээ нэмж тооцсон. Үүнээс болоод бараа бүтээгдэхүүний эргэлт буурна гэж үзээд түүхий эдийн үнийг багаар тооцсон. Уул уурхайн салбарт далд эдийн засаг 30 хувийг эзэлж байна. НӨАТ ирэх онд нэмэгдэнэ гэж тооцсоноор далд эдийн засаг багасна гэж тооцсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Ерөнхий сайд хэлэхдээ далд эдийн засгийн хэмжэ ДНБ-тэй тэнцсэн гэсэн. 2023 оны ДНБ-ний хэмжээ 54 орчим их наяд төгрөг байгаа. 200 тэрбум төгрөгийг далд эдийн засгийн оруулж ирнэ гэдэг нь 1 хувь хүрэхгүй байна. Эдийн засгийн өсөлтөд татварын орлогын өгөөж ямар байна. 

Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-Далд эдийн засгийн судалгааг таван жил тутамд хийдэг. 2018 оны байдлаар хийсэн судалгааны үр дүн 2022 онд гарахад 9.5 хувьтай гарсан. Бид жил болгон далд эдийн засгийг бууруулж, ялангуяа уул уурхайн салбараас орлогоо бүрэн авахыг зорьдог. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Би Ерөнхий сайдтай санал нэг байгаа. Дэлхийн банкны судалгаагаар 40-50 хувьтай гэж гарсан. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хөрөнгө оруулалтыг 0 гэж тооцсон байна. Он дамжиах хөрөнгө оруулалтуудаа гүйцээх гэж орж ирж байгаа. Гэхдээ 2024, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хөрөнгө оруулалт  орж ирэх үү? Хөдөө аж ахуйн салбарын бодлого дээр зөрчилтэй асуудал байна. Хөдөө аж ахуйн салбар бол татаас өгч байж хөгждөг салбар. Гэтэл ирэх оны төсөв дээр олгох урамшуулал 44 тэрбум төгрөг болж буурсан байна. Ерөнхий санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт 228 тэрбум төгрөгийг тавьсан гэж байна. Үүний задаргааг тайлбарлаж өгөөч. Энэ хөтөлбөр нь 1.7 их наяд төгрөг шаардаж буй. Үүнийг цаашдаа хэдэн жилээр хэрэгжүүлж, жил жилд хэдийг яаж төсөвлөж байгаа вэ? Дарханы арьс ширний цогцолборт хувийн хэвшил хөрөнгө оруулаад зарим асуудлыг нь шийдсэн төслийг зогсоосон. Зэрэгцүүлээд төрийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхээр хувийн хэвшил яаж хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх юм бэ? 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  яамнаас төсвийн зардлыг 510 тэрбум төгрөгөөр оруулсан. Ирэх онд хөрөнгө оруулалт нэмэгдэл зардал тавигдаагүй учир 258 тэрбум төгрөгийн зардал тавьсан. Арилжааны банк зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжилт оруулж ирнэ гэж тооцсон. Дарханы арьс ширний цогцолбортой холбоотойгоор улсын төсөв дээр мөнгө тавигдаагүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хийж байгаа аж ахуй нэгжтэй холбоотой хууль хяналтын ажил хийгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Цалин, тэтгэвэр 2024, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд яаж тусгагдсан бэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж:

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг өмнө нь эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлээр нь үнэлж, цалин хөлс нэмэгдүүлнэ. Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргаа дээр оруулж ирсэн. Хөдөө ажиллах төрийн захиргааны албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл өгнө. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд нийтдээ есөн үзүүлэлтийг өнгөрсөн тавдугаар сард баталсан байхад долоо нь өөрчлөгдөхөөр орж ирлээ. Дотоодын үйлдвэрлэлүүдээ сайн дэмжих хэрэгтэй байна. АМНАТ-аас болоод уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж, баяжуулдаг үйлдвэрүүд хаагдаад дуусч байна. Нэмүү өртөг шингэсэн зардлаас нь дэлхийн жишгээр АМНАТ аваад байна. АМНАТ тооцдог аргачлалаа өөрчлөх хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүдээ татвараар дарамталж, татан унагаж байна. АМНАТ-ыг бодох аргачлалаа өөрчилж, бодит байдалтай нийцүүлээч ээ. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөгдөхгүй байх ёстой ч зайлшгүй шалтгаанаар өөрчилж байна. Хаврын төсөөлж байснаас эерэг байдал үүссэн учраас өөрчилж оруулж байна. Цаашдаа аль болох өөрчлөхгүй байхыг хичээнэ. АМНАТ бол байгалийн баялгийг олборлосных нь төлөө борлуулалтаас нь авдаг татвар. Бид аль болох олон улсын зах зээл дээрх үнээр нь тухайн байгууллага ашигтай байна уу, ашиггүй байна уу хамаагүй борлуулалтаас нь хувиаар тооцож авч байгаа. Харин аж ахуй нэгжийн орлогын албан татварт холбогдох зардлыг нь тооцоод авдаг. АМНАТ-ыг тооцохдоо жишиг үнийг сар болгон олон улсын зах зээлээс авч зарладаг. Үүн дээр аж ахуй нэгжийн саналын дагуу ангиллыг нь тодорхой болгож, өөрчилж, хэрэгжүүлж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Хуулиндаа өөрчлөлт оруулаад төсвийн хүрээний мэдэгдлийг нэг мөр есөн сард баталж байвал яасан юм бэ? Тэгвэл олон удаа ингэж өөрчлөгдөхгүй болно шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Төсвөө дагуулж баахан хууль оруулж ирдэг буруу жишиг байна. Эхлээд хуулиа батлаад хуулийнхаа хүрээнд төсвөө оруулж ирдэг байх хэрэгтэй байна. Сүүлдээ төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилдөг төсөвтэй болоод гажиг тогтолцоотой боллоо. 2023 оны хөрөнгө оруулалт төсөвт таван их наяд төгрөг байгаа. Гэхдээ шинэ зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, зарлагдсан тендерүүд, хариуцлагагүй компаниуд, буруу төлөвлөлтийнхөө төлбөрийг төлсөн төсөв оруулж ирлээ. Олон байшин барилга бариад зэрэг ашиглалтад оруулахаасаа илүү МАН Монголын ард түмнийг өргүй болгоно гэсэн амлалтдаа анхаарлаа хандуулбал эргээд сонгогдох магадлал өснө шүү. Хөдөө аж ахуйн сайд хаана явна. Гадаадаар л айлчлаад яваа сурагтай. Махны асуудлаа л шийдэж яваа гэж найдъя даа. Сайд болсноосоо хойш ер харагдсангүй. Баруун аймгуудад өвөлжилт хэцүү байна, малчид зээл авч чадахгүй, өвс тэжээл авах мөнгөгүй, мал нь тарга тэвээрэг байхгүй байна. Энэ асуудлуудаа яримаар байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсвийг боловсруулах, өргөн барихдаа тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өргөн барьдаг. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт тавьсан. Гол шалтгаан нь 2023 онд эдийн засгаа тогтворжуулах зорилго тавьж буй. Энэ оны хувьд нийтдээ 2.7 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээн дээр өмнө нь жилүүдэд хийгдсэн концессын төлбөр 290 сая төгрөгийг 2023 оны төсөвт шилжүүлэн санхүүжүүлэхээр төсөвлөсөн. 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, гадаадад айлчлалаар яваа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар ажиллаж байгаа. Салбарын яамны хувьд долоо хоног бүрт аймгуудад чиглэл өгч, бэлтгэлийг хангуулан ажиллаж байгаа. Энэ жил 70 сая малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа. Мөн 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна. 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 3300 орчим тонн махыг гадаадад экспортолсон. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Төсвийн хөрөнгө оруулалтын байдал эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хүндэрч байгааг ойлгож байна. Гэхдээ ам, ажил нь зөрж байна. Он дамжсан хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ гэж хэлж байсан. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Гэтэл хөдөө орон нутгийн асуудал орхигдож байна. Баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2022, 2023 оны төсөлд сайжруулсан түлшний үйлдвэр барих асуудал хойшилж 2024 он руу шилжсэн байна. Эдийн засгийн хөгжлийн яам зайлшгүй 2 асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхай, газрын тосны компаниуд Монгол Улсын банкаар оруулж, гаргахгүй байна. Ийм их хэмжээний валютыг яагаад Монгол Улсын банк, санхүүгээр дамжуулж, валютын хомсдлын асуудлыг шийдэхгүй байна вэ? 

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн:

-Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан түлшний үйлдвэр барих төслийг яагаад 2024 он руу шилжүүлсэн бэ гэхээр 2023 онд төсөвт маш их дарамттай жил байгаа. Үүнтэй уялдуулан үйлдвэрийг барьж дуусах хугацааг 2024 он болгож хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2021 оны төсвөөс хэмнэлт гэж энэ үйлдвэрийг хойшлуулсан. Тэгээд 2023 онд дуусгана гэсэн. Гэтэл хэдэн жил дамжсан төсөл хөтөлбөрийн дараа орж, эрэмбэлэгддэг юм бэ? 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: 

-Төлбөрийн тэнцэл муудсан, экспортоос орж ирэх бодит мөнгөн орлого буурсан асуудлыг судалж авч үзсэн. Монголбанкны төлбөрийн системээр дамжуулан экспорлогч компаниудын экспортолсон тоо хэмжээ, Монгол Улсад орж ирсэн валютын хэмжээ зөрсөн том тоо гарсан. Төрийн өмчит компаниуд бол экспортолсон хэмжээгээрээ валют оруулж ирээд Монголбанканд тушаагаад явж байгаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улс толгой бөхийлгөхөө хэзээ болих вэ? Хууль гаргаад өөрчлөөд явж болох уу? 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт: 

-Татварын харилцаагаараа л хөрөнгө оруулагч нартай харилцахгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал байна. Капитал контрол Монгол Улс хийгээд эхэллээ гэх буруу мессеж яваад эхэлсэн. Шууд бүх мөнгөө Монгол Улсын банкаар дамжуул гэдэг бол маш хатуу шаардлага юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийхэд гадаадын зээл тусламж нэлээд хувийг эзэлдэг. Гэвч энэ нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас үр өгөөж нь маш муу байдаг. Орон нутаг өөрсдөө хүсээгүй байхад гадаадын зээл тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд улсын комисс аваагүй байхад үр дүнгүй болоод байна. Ингээд орон нутагт өр үүсээд байна. Орон нутагт үүссэн эзэнгүй, хүүтэй зээлүүдийг тэглээч ээ гэж Сангийн яаманд хүсч байна. Дулааны цахилгаан үйлдвэрийг шинэчлэх гадаадын зээл тусламжийг нь судлаад үзэхэд Хятадын захын үйлдвэрийн зуухыг шахсан байх жишээтэй.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-УИХ-аар өнгөрсөн тавдугаар сард баталсан хуулийн дагуу гадаад зээлийг зохицуулж байгаа. Гадаад зээл аваад дамжуулан байдлаар орон нутагт өгдөг. Гэвч орон нутаг зээлээ төлдөггүй асуудал байна. 208.5 тэрбум төгрөгийн орон нутгийн дамжуулан зээлийн үлдэгдэл байна. Орон нутаг бол янз бүрийн шалтгаанаар эргүүлэн төлөх боломжгүй байгааг хэлдэг. Орон нутагт хэрэгжиж буй төслийн үр дүнд орон нутгийн албаныхан хяналт тавих үүрэгтэй. Бэлэн биш төсөл дээр гадаадын зээл тусламж авахаас татгалзах байдлыг ч зохицуулахаар ажиллаж байна. Ер нь үр өгөөжтэй, техник үндэслэл нь бэлэн төсөл дээр гадаадын зээл авъя гэх бодлогыг цаашдаа барина. Орон нутаг авсан зээлээ төлөхгүй, төсвөөс төлөөд байгаа нь алдагдал үүсгээд байгаа. Тиймээс орон нутгийн зээлийг тэглэхгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Орон нутагт хүсээгүй гадаадын зээл тусламжийг өгдөг. Энэ бол олон жилийн өмнөх асуудлыг ярьж байна. Үр өгөөжөө өгөөгүй байгаа зүйлд ирээдүйн боломжоо золиосолж төлнө гэдэг утгагүй асуудал. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-2023 онд Монголбанкнаас Ипотекийн зээл Засгийн газарт шилжих ёстой. Энэ ажил яаж хэрэгжих вэ? Ковидын хууль энэ оны арванхоёрдугаар сард дуусна. Тэгэхээр иргэд Ипотекийн зээлээ хувийн дагуу төлж эхэлнэ. Хөдөө орон нутаг, сумдад орон сууц баригдвал ипотекийн зээлээ чиглүүлэх асуудал юу болж байна. Эрчим хүчний салбараа либералчилна гэж байна. Гэтэл өвөл болохоор ОХУ-аас нэмэлт хэрэглээгээ авдаг. Энэ салбарт тусгай зөвшөөрөл, лицензийн асуудлыг хөнгөвчлөөч ээ. Экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бас лиценз, тусгай зөвшөөрөлтэй холбоотой саад бэрхшээлүүд байна. Үүнийг хэрхэн хөнгөвчлөх вэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг Монголбанкнаас Улсын төсөв рүү шилжүүлэх асуудал сүүлийн гурав, дөрвөн жил яригдаж байгаа. Ирэх жил шууд шилжүүлэн авахад хүндрэлтэй. Тиймээс тодорхой үе шаттай хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Орон нутагт 3.4 хувийн хүүтэй ипотекийн зээл авахад үлдэгдлийг нь төсөвт суулгасан. Эрчим хүч, дулааны төслийг татварын бодлогоор дэмжинэ. 2023 оноос эхлэн орлого олж эхэлснээс эхлэн эхний гурван жил татварыг 90 хувиар хөнгөлөх зэрэг асуудлыг шийдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хөдөө орон нутагт ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь гэдэг өндөр байна. Тэр урьдчилгааг бууруулах санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Дэд бүтцийн төслүүдэд татварыг нь хоёр жилээр хойшлуулах нөөц боломж бол байгаа. Дээрээс нь гаалийн тариф, татварын хуулийн дагуу дэмжих боломжтой. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Монгол Улс 1999 оноос хойш зээлжих зэрэглэл 6 удаа эерэг, 13 удаа сөрөг байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд төсвийн алдагдал, гадаад өрөө багасгах ёстой. Бид зээлийн таазандаа тохируулж зээл авбал ирэх онд зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр бидэнд одоо гадаадаас зээл авах хэрэг байна уу? Монгол Улсын нийт өр ДНБ-тэй харьцуулахад 200 хувьд хүрсэн. Японтой ижил. Гэхдээ Японд эдийн засаг тэлсэн гэсэн үр өгөөж байна. Харин манайд ямар үр өгөөжтэй байна вэ? Гадаадаас зээл аваад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсвийн алдагдал  2020 онд 4.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 12 хувь байсан. 2021 онд төсвийн алдагдал ДНБ-ний 6.9 хувь, 2022 онд 5.1 хувь байна. Харин ирэх онд ДНБ-ний 2.8 хувь болгож төсвийн алдагдлыг бууруулж өргөн барьсан. Бондын өгөөжүүд өндөр байж байгаад өнгөрсөн долоо хоногт Блүүмбэрг дээр гарсан мэдээллээс болж хэлбэлзсэн. Зээлжих зэрэглэлийг энэ онд хоёр удаа тогтоосон. В тогтвортой хэвээр нь хадгалж чадсан. Ирэх жил 1.1 тэрбум ам.долларыг гадаад зээлийн төлбөрт төлнө. 330 сая ам.долларыг төсвөөс, үлдсэнийг нь дахин санхүүжилт байдлаар төлнө гэж тооцсон. Гадаад зээлийн ашиглалтыг үр ашигтай байх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Мэдээллийг захаас нь аваад үзэхэд л гадаадаас авч буй зээл хүрэх үр дүндээ хүрээгүй хэд хэдэн төсөл хөтөлбөр байна. Гэтэл нэмээд гадаадаас зээл авахаар ярьж байна. Авлаа гэхэд дахиад үр дүнгүй зарцуулах уу? 

12 : 34
2022-10-13

"Зарлага талдаа 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Орлого, зарлагын тэнцлийг яаж тооцож байна вэ. Төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ? Уул уурхай, тээвэр ложистикийн асуудлаа шийдвэрлэхээр анхаарч байна. Гэвч тээврийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Төмөр замтай холбоотой уур уурхайн бүтээгдэхүүнээ гаргахаар яаж тооцсон бэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Ердөө зардлаа хумих байдлаар шийдвэрлэж байна. Урсгал зардлаа зайлшгүй хүн амын өсөлт болон УИХ-аар батлагдсан хуулийн өөрчлөлтөөс бусдаар 2022 оны түвшинд нэмэгдүүлэхгүй байхаар тооцсон. Энэ хүрээнд төсвийн алдагдлыг сайжруулж оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард баталсан. Гэвч тоонууд нь өөрчлөгдөж орж ирж байна. Таван сарын хугацаанд ямар том өөрчлөлт гараад 1.7 их наяд төгрөгөөр орлого өснө гэж өөрчлөгдөж орж ирсэн бэ? Зарлага, өрийн хэмжээ 35 их наяд болгож нэмэгдсэн байна. Хөгжлийн банкны асуудал дээр Засгийн газар баталгаа гаргаж, шинээр бонд гаргах гэж байна гэж ард түмэн санаа зовниж байна. Хүүхдийн мөнгийг нийгмийн халамж болгож үзэж байгаа учраас 2 их наяд болгож нэмэгдүүлчихээр 2024 оноос 570 тэрбум төгрөг болгож бууруулсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ? 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Дөрвөн сарын хугацаанд нөхцөл байдал сайжирсан. Оны эхэнд экспортыг сэргээх итгэл байгаагүй. Өдөрт 100 гаруй машин нүүрс л Хятад руу гарч байсан. Өнөөдрийн түвшинд нүүрсний экспортыг сэргээж чадсан. Өдөрт 1500 машин гаргаж байна. Энэтэй холбоотойгоор орлогыг нэмэгдүүлж орж ирсэн. Зарлага талдаа 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн. Нөгөө талаар зайлшгүй шалтгаанаар урсгал зардлыг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон. Өрийн хувьд шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан нэг тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг тооцсон. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Хүмүүс ирэх жил ам.долларын төгрөгтэй харьцах ханш ямар байх вэ? ДНБ-ий өсөлтийг хэд гэж тооцсон бэ? Ирэх жил зардал нэмэгдүүлэн хэрэгжихээр ямар хуулиуд байна вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Бид тооцооллын ханш гаргаж ирж тооцсон. Тухайн үед төсөв батлагдах үеийн ханшийг авч үздэг. Зайлшгүй нэмэгдүүлэх гэдэг дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөнтэй холбоотой, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тэтгэвэрийг өсгөх зэрэгтэй холбоотойгоор зарлагаа тооцсон. 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Сүүлийн жилүүдэд төсөв өргөн барихдаа өргөн барих өдрийн валютын ханшаар тооцдог болсон. Аравдугаар сарын 1-нд ам.долларын ханш 3344 төгрөг байсан. Ам.долларын ханш бол улсын гадаад валютын албан нөөц, төлбөрийн тэнцэлтэй шууд уялддаг. Засгийн газраас бол өнгөрсөн хуралдаанаар экспортын бодит мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. 

12 : 31
2022-10-13

"Зээл авахдаа бид өөрсдөө удирддаг байхгүй бол гадаад орон удирдаад байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг:

-Өрийн асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Дэлхийн зах зээл дээр бондуудын хүү нь нэмэгдсэн байгаа. Гадаадын зээл, тусламжгүйгээр явах боломжгүй. Харин яаж ашиглах вэ гэдэг нь асуудал. Хөгжиж буй Монгол Улсад зээл зайлшгүй хэрэгтэй. Төсвийг алдагдал багатай, болж өгвөл алдагдалгүй батлах ёстой гэж Сангийн сайдад хэлсэн ч тодорхой хариулт авч чадаагүй. Байнгын хороо төсвийн сахилга батыг чангатгах ёстой гэж харж байна. Гадаадын үнэлгээ хийдэг компаниудтай хамтарч ажиллах ёстой. Ингэж байж зээл авах ёстой. Авсан зээлээ хөгжлийн төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой. Монгол Улсад хуримтлуулсан нөөц боломж байхгүй. Тиймээс эх орноо хөгжүүлэхийн тулд гадаадаас санхүүжилт олж ирэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх нь чухал асуудал байна. Жоохон бололцоо гарахаар бүгдийг нь попорч хөөдгөө боль. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хөгжлийн зээл, хөтөлбөрийн зээл гэж ямар зээлийг хэлж байна. Бондын баталгаа үүнд ордог уу? Ямар гадаадын хөрөнгө оруулагч ямар компанийг хэн хөөдсөн юм бэ? Импортыг орлох бүтээгдэхүүн гаргаад Эрдэнэт байгаа Гангын үйлдвэр, Хар төмөрлөгийн үйлдвэрээ ажиллуулаад мөнгө олж болж байна. Эдийн засгийн байнгын хороо нь гадаадын хөрөнгө оруулалт гээд л суугаад байж болох уу? Яг ямар хөрөнгө оруулагчийг хэн хөөгөөд гаргачихсан юм бэ?

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг:

-Гадаадын хөрөнгө оруулагчийг хэн хэн хөөсөн гэдэг нэрсийг зарлаад суувал би энд хүний эрхэнд халдсан болно. Энэ мэдээлэл ил тод байгаа. Бүгд мэдэж байгаа. Гадаадын зээлгүй явах боломжгүй. Ойрын хугацаанд энэ зээл ямар үр өгөөжөө өгөх юм бэ гээд бүгд ярина шүү дээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбат:

-Өнгөрсөн тавдугаар сард баталсан 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ одоо орж ирж байгаа төслийг бүх тоогоор нь харьцуулбал бүх үзүүлэлт нь нэмэгдсэн байна. Харамсалтай нь, төсвийн урсгал зардлаа 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Сайд нарын багц дээр тавиад урсгал зардлаа нэмэгдүүлчихсэн байна. Ард иргэд бүгдээрээ өр зээлтэй. Өөрсдийнхөө өр зээлээс илүү Засгийн газрын өрөнд санаа зовж байна. Шри-Ланкийн араас орчих вий гэж айж байна.  Гэтэл бид өрийн таазаа нэмэгдүүлнэ гээд төсөөлөөд сууж байна. Гадаад өрийг дарах, тэглэхийн тулд аль ч Засгийн газар ажиллах ёстой. Хүү багатай, урт хугацаатай юм гээд гадаадын зээл аваад л байна.

"Чингис хаан" нисэх буудлыг олон 750 сая ам.доллараар бариулсан. Гэтэл зарим оронд ижилхэн нисэх буудлыг 250 сая ам.доллараар барьсан байна. Энэ нь олон улсын жишгээс дөрөв дахин өндөр өртөгтэй бариулсан.

Бас дөрвөн аймагт махны үйлдвэр барина гээд Хятадаас зээл авна гэсэн. Хоногт 1000 мал бог махлах үйлдвэр барихад зах зээлийн ханшаар 10 орчим тэрбумаар төгрөгөөр барьж байхад Хятадын зээлээр 60 тэрбум төгрөгөөр барина гээд сууж байна. Зээл авахдаа бид өөрсдөө удирддаг байхгүй бол гадаад орон удирдаад байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Урсгал зардал дээр нэмэгдсэн гол өөрчлөлт нь УИХ-аар батлагдсан хууль болон гадаад нөхцөл байдал болж үүссэн зардлын өөрчлөлтийг шингээсэн. Үүнд, гадаад зээлийн хүүгийн зардлын өсөлт, тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний хэмжээний өсөлт, хүн амын өсөлт, хүүхдийн тооны өсөлт, эрчим хүчний хүчний тарифын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Өрийн хувьд Засгийн газраас 2017 онд ДНБ-ний 72.5 хувьтай байсныг 50.1 хувь болгож бууруулсан. Энийг цаашдаа үе шаттай бууруулахын тулд ажиллана. Ер нь ирэх жилийн төсөв дээр гадаад зээлийн өр төлөхөөр нэлээд том тоонуудыг оруулж ирсэн. Бидэнд өрийн дарамт үнэхээр бодитойгоор нөлөөлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Төсвийн хүрээний мэдэгдлийн гол амь болсон үзүүлэлт дээр тодорхой хариулалт өгөх хэрэгтэй байна. Мөнгөн урсгалыг удирдах асуудалд тодорхой хариулт авмаар байна. Өрийн тааз, урсгал зардлаа нэмэгдүүлээд үргүй олон зардал гаргахаар байна. Авч байгаа зээл ажлын байр бий болгодоггүй, импортыг орлох бараа үйлдвэрлэдэггүй, богино хугацаанд үр ашгаа өгдөггүй. Хэрэв өрийн таазыг нэмье гэвэл урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаа танахгүйгээр өрийн таазыг нэмэхгүй. Ирэх 2023 онд улсаа дампууруулчихгүй байх хэрэгтэй байна. 

Түгжрэлд мөнгө тавина гээд байна. Түгжрэлийг мөнгөөр буулгадаггүй. Санал санаачилгаар түгжрэлийг шийддэг юм. Сайд дарга нар өөрчлөгдсөнөөр урсгал зардал нэмэгдэж орж ирж байна. Хууль хүчний байгууллагын зарлага асар их нэмэгдсэн.

Урсгал зардал дээр тухайлан задаргаа авч, ажлын хэсэг байгуулж ажиллах хэрэгтэй. Ажлын байр бий болгодог ямар ямар төсөл хөтөлбөр нэмэгдээд урсгал зардал нэмэгдчихэв. Урсгал 2.6 хувиар нэмэгдсэн байна. Дарга нарынхаа урсгал зардлыг нэмчихээд ард түмний амьдрал хүнд байхад ийм төсөв оруулж ирж болохгүй. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Бид төрийн сангийн мөнгөн хөрөнгийг аль ч улсын Сангийн яам удирдаад явдаг жишиг бий. Энэ хүрээнд Сангийн яам удирдаад явж байгаа. Өрийн таазаас хэтэрч нэмэхгүй. Бид 2017 оноос хойш ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээг бууруулсан. Энэ жишгээ барина. Хуулиндаа ДНБ-д эзлэх төсвийн алдагдал 3.6 хувь байх ёстойг бид 2.8 хувь байхаар оруулж ирсэн. Бид өмнөх жилүүдээсээ илүү сайжруулж оруулж ирсэн. Ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөвт оруулж ирээгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-ДНБ-ий нийт өсөлтийг 5 хувьд хүргэнэ гэж. Яг ямар ажлаар аль салбаруудад өөрчлөлт гаргах юм бэ? Бид одоо өр, зээл гэсэн хэдэн тоонд л эргэлдээд байна. Боомт, худалдааны асуудал, экспортыг нэмэгдүүлэх, импортоо орлох зэрэг асуудалд анхаарах ёстой. Орлогын тэнцэл 1.5-2 хувь руу оруулж ирж байна. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлт, орлого, зарлагаа яаж тооцсон юм бэ? Одоо бол зарлага нь илүү гарчихаад байна. Яг орлого олж байгаа, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэл, салбарт ямар төсөл хөтөлбөр байгаа юм? Ард иргэдээ хөрөнгөжүүлэх, ард түмэн нь өөрсдөө үйлдвэрлэлээ эрхлээд, хувь эзэмшээд явах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн хэдэн хувийг эзэлж байна. 

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Эдийн засгийн өсөлтийг ирэх онд цар тахлын өмнөх үетэй ижил 5 хувьд хүргэе гэсэн зорилт тавьсан.  Гол анхаарах зүйл бол эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг уул уурхайн салбараа цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ гэж тооцсон. Эдийн засгийн өсөлтийн хувьд уул уурхайн салбар 14.6 хувь, хөдөө аж ахуй 4.5 хувь, бусад салбар 3.7 хувь байхаар төсөөлсөн. Хөлөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого барина. УИХ-аас баталсан нэр бүхий төслүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Энэ оны сүүл, ирэх оны эхний улиралд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад анхаарч байгаа. Валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулна. Үүний дараа тодорхой салбаруудыг дэмжих асуудал яригдана. 

09 : 59
2022-10-13

2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би нэг асуудлыг долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөөч гээд олон удаа гуйж байна. Үндсэн хуулийн 21.4-т орсон холимог тогтолцоо гэх үгийг авч хаясан. Гэтэл ҮХЦ тайлбарлахдаа үүнийг байгаа мэт тайлбарласан. ҮХЦ-д хууль тайлбарлах эрх байхгүй. Намын жагсаалтаар сонгогдох бол аргаа барсан хэдэн нөхдийн хийж байгаа үйлдэл. Их хурлаас томилогдсон хугацаа нь дууссан гурван нөхдийг эргүүлэн татаач ээ. Эдгээр асуудлыг хэлэлцэж болохгүй шалтгаанаа байнгын хорооны хурлаар оруулаад, надад албан ёсоор тайлбар өгөөч ээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тэтгэврийн доод хэмжээг 400 мянга, 500 мянга болгосон. Гэвч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, Монголбанк мөнгөний бодлогыг буруу явуулснаас бараа, бүтээгдэхүүний олонхын үнэ 40-50 хувь өссөн. Энэ нь ахмадуудын амьдралд хүнд тусч байна. Долоон жил тогтвортой ажил эрхлэх хүн алга. Насаараа өндөр тэтгэвэр авч байгаад нэг удаа бага цалин авахад тэтгэврийн доод хэмжээ өөрчлөгдөж байна. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг долоо биш таван жилээр тогтоож өгөөч гэж хүсч байна. С.Чинзориг ХНХ-ын сайд болохыг би хүсч байна. Нийгмийн даатгалаас гарах зардал зургаахан тэрбум төгрөг юм. Тиймээс энэ хуулийг хэлэлцэж өгөөч ээ.

Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Энэ төсвийн хүрээний мэдэгдэл тогтвортой байх ёстой үзүүлэлт. Төсвийн талаар 5 жилийн хугацаанд баримтлах үндсэн суурь үзүүлэлтийг УИХ-аар баталчихаж байгаа юм. Энэ хүрээндээ жил жилийнхээ төсвийг боловсруулж баталж байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө үйл ажиллагаанд тааруулаад жил болгон өөрчлөөд байх юм. Тэгвэл таван жилээр суурь үзүүлэлтийг батлах ямар шаардлагатай юм. Гэхдээ энэ жил нөхцөл байдал онцгой байгааг ойлгож байна. 

Энэ төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орсноос өрийн тааз 65 хувьд хүрэх юм. Ирэх жил 14 хувиар өсгөх шаардлагатай юу? Боломж байгаа бол өрийн таазыг нэмэгдүүлэх хэрэг байна уу? Боломж байгаа бол гадаад өр зээлээ дорвитой төлж барагдуулах ёстой юм биш үү? 

Өрийн тааз нэмэгдэхээр гишүүдэд тодорхой хэмжээнд боломж гарах юм байна. Гадаад нөхцөл байдал ямар байгаа юм? Гадаадад өр зээл авах эх үүсвэр байгаа юу? Хэр хэмжээний зээл, хэдэн хувийн хүүгээр авах юм? Жилийн найман хувиас бага хүүтэй  гадаад зээл олдоно гэж бодохгүй байна. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Ковидын нөхцөл байдал, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх шаардлага үүссэн. Сангийн яамнаас бол төсвийн хүрээний мэдэгдлийг аль болох өөрчлөхгүй байх байр суурийг баримталж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ 70 хувьд байх таазыг тогтоож өгсөн байдаг. Энэ таазынхаа хүрээнд өрийн хэмжээг барьж яваа. Одоо байгаа 51 хувийг нэмэгдүүлж байгаа нь ихээр нэмж байгаа мэт боловч тааздаа л хүргэж байгаа юм. Засгийн газрын нийт өрийн хэмжээ 28,5 их наяд төгрөгтэй тэнцсэн нь ДНБ-ний 51 хувьтай тэнцэж байгаа. Гадаад бондын хүүгийн хувьд зээлжих зэрэглэлээс шалтгаалан ондоо байдаг. Сүүлийн хоёр жилд зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж чадсан. Ирэх жил 500 гаруй сая төгрөгийн бондын өрийг төлөх ёстой. Одоо Валютын сангийн удирдлагатай Сангийн сайд уулзаж байгаа. Ирэх жил хүндрэл гаргахгүйгээр зохицуулаад явна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Сайн үзүүлэлт бол тааздаа хүргэж болно. Гэтэл энэ бол сайн үзүүлэлт биш шүү дээ. Тиймээс аль болох өрийн таазыг нэмэхгүйгээр Засгийн газрын өрөө дарвал яасан юм бэ? Таазыг нэмбэл яг хэр хэмжээний зээл авах юм бэ?

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Цаашдаа бид өрийн таазаа нэмэхгүйгээр хадгалахын тулд ажиллаж байгаа. Гэвч гадаад нөхцөл байдлаас шалтгаалан ханшийн өөрчлөлт байгаа учраас нэмэгдүүлэх заавар ирсэн. Шинээр бид бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд байхгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг заа яахав ингээд тоо тавчихдаг юм гэсэн бодлоор яваад байна. Өөрчилж болдог болчихоод байна. Гишүүдийн өрийн хязгаарын талаар яриад байгаатай би санал нэг байна. Одоо бол зээл авахад хүндрэлтэй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын бондын өгөөж 35.5 хувь байгаа, ирэх оны өгөөж 28.3 хувь байгаа. Ийм л үнэтэй мөнгө олдоно. Олдлоо ч эргээд зээлээ төлж чадахгүй болно. Үүнийг Эдийн засгийн байнгын хороо юу гэж бодож байна? 

Энэ зээл нь хаачсан бэ? Хөгжлийн банкаар ороод л хэдэн компани авчихаад буцаагаад төлөхгүй байна. Хаана мөнгөний боломж байна бүгдийг нь хэдхэн компани авсан байна. Ийм Сангийн сайдтай байхад яах юм бэ? УИХ-аар баталгаа гаргуулах гээд сууж байна шүү дээ. Хөгжлийн банкийг "дээрэмдсэн" нөхдүүд бол зохион байгуулалттай бүлэглэл. Улсаар төлүүлнэ гэсэн асуудлаа авч хаяж, өрийн таазаа нэмэгдүүлэхээ боль. 

08 : 48
2022-10-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан "Их Хуралдай" танхимд 10 цагт эхэллээ. Чуулганы Пүрэв, Баасан гаригийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж