Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч нобелийн шагналтан

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч нобелийн шагналтан

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч нобелийн шагналтан

Нобелийн энх тайвны шагналыг энэ жил Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцки болон Оросын хүний эрхийн байгууллага “Мемориал”, Украины хүний эрхийн байгууллага “Иргэний эрх чөлөөний төв” тус тус хүртсэн. NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Алес Беляцкиг онцолж байна.


Алес Виктаравич Биалиацки 1962 онд одоогийн ОХУ-ын Карелийн Вярциля хотод төржээ. Түүний эцэг, эх беларусь хүмүүс байдаг. Аав Виктар Биалиацки нь Рахачоу дүүргийн уугуул бол ээж Нина нь Наротлия дүүргээс гаралтай. Алес Беляцкиг гурван настай байхад тэдний гэр бүл Беларусьт нүүж ирж, Гомель мужийн Светлахорск хотод суурьшчээ.

Беляцкийн эхнэрийг Наталья Пинчук гэдэг бөгөөд 1982 онд Хомиел их сургуульд оюутан байхдаа эхнэртэйгээ танилцжээ. Тухайн үед Наталья бүсгүй Ложеу дахь сурган хүмүүжүүлэх коллежид сурч байсан аж. Тэд 1987 онд хуримаа хийж, Адам нэртэй хүүтэй болжээ.

УТГА ЗОХИОЛ, УЛС ТӨРИЙГ ХОСЛУУЛАГЧ

Беляцки 1984 онд Хомиел их сургуулийг хэл шинжлэлийн ухааны мэргэжлээр төгссөн байна. Сургуулиа төгсөөд, Гомель мужийн Лиецици дүүрэгт уран зохиолын багшаар ажиллажээ. Хэдийгээр хэл шинжлэлийн чиглэлийн хүн ч гэлээ тэр 1980-аад оноос хойш ардчиллын төлөөх олон үйл ажиллагаанд оролцож ирсэн байна. Тухайлбал, тэрбээр Беларусийг ЗХУ-аас өрх тусгаарлаж, ардчилсан улс болоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Тусгаар тогтнол” нэртэй бүлгийн үйл хэрэгт хүчин зүтгэх болжээ. Тус бүлэглэл “Бурачок” нэртэй хууль бус сонин гаргадаг байсан бөгөөд Зөвлөлтийн эсрэг анхны жагсаалыг зохион байгуулж байсан аж.

Беляцки 1989 онд Шинжлэх ухааны академид докторын зэрэг хамгаалжээ. Мөн ондоо тэрбээр Беларусийн уран зохиолын түүхийн музейд бага судлаачаар ажиллаж байгаад улмаар захирлаар томилогдсон байна.

Музейн захирлаар 1998 оны наймдугаар сарыг хүртэл ажиллажээ. Беляцкийг захирлаар ажиллаж байх үед тус музейд улс төр, соёл, шашны сэдэвтэй олон нийтийн арга хэмжээ цөөнгүй зохион байгуулагддаг байж. Музейд ажиллах хугацаандаа буюу 1991-1996 оны хооронд Беляцки хотын депутатуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. 1991 оны наймдугаар сарын 20-ны өдөр ЗХУ төрийн эргэлт хийхийг оролдсон. Уг үйл явдлын маргааш Беляцки зөвлөлийн 29 гишүүний хамт ард түмэндээ хандан нээлттэй уриалга гаргажээ. Энэ нь Минскийн хууль ёсоор сонгогдсон эрх баригчдад үнэнч байж, улсын онцгой байдлын хорооны үйл ажиллагааг зогсоохын тулд Үндсэн хуулийн дагуу бүх арга хэрэгслийг эрэлхийлэх гэсэн уриалга байсан аж. Беляцки бол 1991 оны есдүгээр сарын 5-ны өдөр Минск хотын зөвлөлийн байранд анх удаа Беларусийн далбааг албан ёсоор мандуулсан хүн юм.

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ

Беляцки 1996 онд "Вясны" нэртэй хүний эрхийн төвийг үүсгэн байгуулжээ. Тухайн үедээ "Вясны-96" гэж нэрлэгддэг байсан тус байгууллага 1996 онд үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болж өөрчлөгдсөн байна. Улмаар 2001 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахад оролцжээ. 2003 онд Беларусийн дээд шүүх "Вясны" төвийн улсын бүртгэлийг цуцалсан ч Беларусьдаа хүний эрхийн чиглэлээр тэргүүлдэг эл байгууллага бүртгэлгүй ажиллаж буй аж.

"Вясны" хүний эрхийн төв анх байгуулагдсан шалтгаан тун сонирхолтой. 1996 оны хавар Минск хотод маш олон удаа ардчиллын төлөөх жагсаал болжээ. Тухайлбал, гуравдугаар сарын 15-нд Үндсэн хуулийн өдрөөр, мөн сарын 24-нд Тусгаар тогтнолын өдрөөр, дөрөвдүгээр сарын 2-нд Беларусь-Оросын холбооны гэрээг эсэргүүцсэн жагсаал тус тус өрнөсөн байна. Ерөнхийлөгч Лукашенко гудамжны ардчилалтай тэмцэхээр шийдэж, дөрөвдүгээр сарын 26-нд цагдаа нарт хүчирхийлэл хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийн дараа хэдэн зуун хүнийг баривчилсан байна.

Лукашенко ийнхүү гудамжны жагсаалыг хэрцгийгээр дарсны хариуд "Вясны" хүний эрхийн төв байгуулагджээ. Тус төв шоронд хоригдож буй жагсагчид болон тэдний гэр бүлийнхэнд дэмжлэг үзүүлж, улс төрийн хориглуудыг эрүүдэн шүүж байсныг баримтжуулсан байна.

Беляцкийн цэвэр хөрөнгө ойролцоогоор хоёр сая ам.доллар гэх мэдээлэл байна. Түүний сарын цалин бусад орлоготойгоо нийлээд жилд 400 мянган ам.доллар давдаг аж. Тэрбээр Беларусийн хамгийн баян, хамгийн нөлөө бүхий иргэний удирдагчдын нэг юм.

НОБЕЛИЙН ШАГНАЛТАН

Норвегийн Нобелийн холбооны тэргүүн Берит Рейс Андерсен энэ оны энх тайвны шагналын эзнийг зарлахдаа “Тэр бүх амьдралаа эх орондоо ардчиллыг авчирч, энх тайванч хөгжлийг дэмжихэд зориулсан” гэж хэлсэн. Нобелийн шагналаас гадна Беляцки олон улсын хүний эрхийн шагналыг хоёр ч удаа хүртэж байв. Тэрбээр хоригдож байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн дөрөв дэх хүн болсон байна.

Тэрбээр 2013 онд Вацлав Хавелийн нэрэмжит хүний эрхийн шагнал хүртжээ. Европ болон бусад оронд хүний эрхийг хамгаалах үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнийг жил бүр 60 мянган еврогоор шагнадаг.

Дэлхийн хаана ч хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, төрийн бус байгууллага энэ шагналыг авч болно. Өнөөг хүртэл энэ шагналыг 10 хүн авчээ. Тэдний долоо нь шагнал авах үедээ хүний эрхийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө цагдан хоригдож байсан аж. Дараа нь Беляцки 2020 онд “Зөв амьжиргаа” нэртэй шагнал хүртжээ. Энэ нь өнөөгийн бидний амьдралд тулгараад буй хамгийн тулгамдсан асуудалд бодитой, үлгэр жишээ шийдэл санаа болгосон хүмүүст олгодог олон улсын шагнал юм.

Нөхөр нь Нобелийн шагналтан болсон мэдээг тун гэнэтийн байсан гэж эхнэр Наталья Пинчук нь хэлжээ. “Түүнийг нобелийн шагнал авна гэсэн итгэл найдвар, цуу яриа хаана ч байгаагүй. Гэнэтийн боловч сайн мэдээ. Мэдээж би маш их бахархаж байна. Энэ бол түүний хамтрагчдын хүнд хэцүү, аюултай ажлын шагнал юм. Би түүнд баяр хүргэж, цахилгаан илгээнэ” гэж хэлжээ. Наталья өнгөрсөн жил нөхрөө баривчлагдсанаас хойш уулзаагүй аж. Беляцкийн биеийн байдал одоо ямар байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ олон улсад танигдсан Беляцки 2011 онд татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсоод гурван жил шоронд суужээ. 2014 онд тэр суллагдсан ч сонгуулийн үр дүнг луйвардсан хэргээр эрх мэдэлтнүүд түүнийг 2021 онд дахин баривчилсан байна. Эрх баригчид Беляцкийн амыг таглахыг олон удаа оролджээ.

Баривчлагдахынхаа өмнөхөн Беляцки эрх баригчдыг эзлэн түрэмгийллийн дэглэмээр ажиллаж байна гэж фэйсбүүктээ бичиж байсан аж. Асар их саад бэрхшээлийг үл харгалзан Беларусь дахь хүний эрх, ардчиллын төлөө тэмцлээсээ алхам ч ухраагүй гэж түүнийг Нобелийн холбооны тэргүүн сайшаажээ.

Беляцки өдгөө шүүх хурлаа хүлээж буй бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 12 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Түүний эхнэр “Тэр намайг бухимдуулахыг хүсэхгүй байгаа тул захидалдаа яажшуухан байгаагаа бичдэггүй. Энэ тухайгаа ярихыг ч хүсдэггүй. Ямар ч тохиолдолд тэр өөрийгөө сайн байгаа гэж хэлдэг. Сайн гэдэг үгний ард юу байгааг хэлэхэд хэцүү” гэж ярьжээ.

Беларусийн сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан ч цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC, SPRING96, WIKIPEDIA, APUMONE, EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж