“Давс, амтлагчаас болж хорт хавдрын өвчлөл буурахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

“Давс, амтлагчаас болж хорт хавдрын өвчлөл буурахгүй байна”

“Давс, амтлагчаас болж хорт хавдрын өвчлөл буурахгүй байна”

Анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай эрт илрүүлэг, иргэдийн өвчлөлийн суурь шалтгааны талаар ярилцлаа.


-Эрт илрүүлгийн үр дүнг иргэд сайшааж байгаа ч идэвх муу байгааг албаныхан мэдээлж байна. Цаашид эрт илрүүлгийг үргэлжлүүлбэл үр дүн гарах болов уу? 

-Аливаа өвчнийг үүсэхээс өмнө, бага дээр нь илрүүлэх нь олон талын ашигтай. Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эрүүл мэндийн хувьд үр ашиг их. Тэр утгаараа жил тасалдуулахгүй энэ үйлчилгээг үзүүлэх нь зөв. Гэхдээ насны бүлэгт хамаарах өвчлөлийн индексийг нарийн гаргаж, тухайн насны бүлэгт тохирох оношилгоог хамруулах нь чухал. Тухайлбал, практикаас харвал 30 наснаас өмнө хүмүүст хорт хавдар оношлогдох нь ховор. Элэгний хорт хавдрын тухайд 40-өөс дээш насныхан өвчлөх эрсдэл өндөр байдаг. Мэдээж огт тохиолдохгүй биш. Тиймээс хэдэн насныханд ямар шинжилгээ илүү зохимжтой вэ гэдгийг анхаарч, цаашид үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэж бодож байна.

-Одоо хэрэгжиж буй эрт илрүүлгийн үзлэг, насны бүлэгт хамаарах оношилгоог өөрчлөх хэрэгтэй гэсэн үг үү?

-Нийтэд нь өөрчлөх шаардлагагүй. Зарим зайлшгүй байх ёстой шинжилгээг насны бүлэгт нь тохируулан оруулах хэрэгтэй. Монголчуудын нас барах шалтгааныг тэргүүлж байгаа өвчлөлд зүрх судас, элэг, ходоодны өвчлөл орж байна. Тиймээс энэ гурав руу илүү анхаарах хэрэгтэй. Одоо тухайлбал, насны бүлгүүдэд хамаарах шинжилгээнд ходоодны дуран оношилгоог эрт илрүүлэгт оруулсан нь маш зөв. Харин эсрэгээрээ элэгний хорт хавдар руу чиглэсэн оношилгоо чамлагдахаар санагдаж байна.

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа учраас олон хүний хортой, хоргүй хавдрыг илрүүлэхэд тустай элэгний шинжилгээг оруулж өгөх шаардлагатай.

-Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд шинж тэмдэггүй өвчлөл өндөр байгаа талаар мэдээлж байна. Өвчлөлийг илрүүлж байгаа нь сайшаалтай ч массыг өргөн хүрээнд хамруулах тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Шинжилгээ, үзлэгийн бүтцэд сайжруулалт хийгээд байхад аяндаа сайжирна. Урьдчилан сэргийлэх зорилго бол маш зөв. Одоо анхаарах ёстой нэг зүйл бол улсын болон хувийн эмнэлэгт үүсч буй асуудлыг шийдвэрлэх. Үзлэг оношилгоог нарийн мэргэжлийн эмч, тусгай тоног төхөөрөмжөөр хийхэд төсөв санхүү зайлшгүй шаардлагатай. Гэхдээ одоогийн байгаа үнэлгээний хувьд хувийн эмнэлэгт тохирсон гэж хэлэхэд хэцүү. Цаашид эрт илрүүлгийг хувийн эмнэлгүүд урт хугацаанд үргэлжлүүлнэ гэвэл үнэлгээнд асуудал үүснэ.

Томоохон хувийн эмнэлгүүд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийхгүй байгаа шалтгаан нь үнэ.

Шинжилгээний зардал нь хөнгөлөлттэй үнээр тооцогдсон хэрнээ эмчийн үзлэгийн төлбөр ороогүй байх жишээтэй. Эсвэл тухайн эмнэлгийн төлбөрийн нөхцөлөөс хэд дахин бага үнэлгээгээр эрт илрүүлгийн багцууд орж ирсэн. Энэ бүхэнд зохицуулалт хэрэгтэй болов уу. Хэрэв эмнэлгийн тоо нэмэгдвэл хүмүүсийн хамрагдах хүрээ ч тэлэх боломжтой.

"ЭРЧҮҮД ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ҮНЭХЭЭР ХАЙНГА ХАНДАЖ, ҮЛ ТООДОГ НЬ ҮНЭН"

-Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ бараг анхаарахгүй байна. Наснаас гадна хүйсийн хувьд ялгаатай байдал хэр ажиглагдаж байна вэ?

-Бүх эмнэлгүүдэд үзүүлж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд. Бага хувийг нь эрчүүд эзэлдэг. Үүнээс дүгнэж үзвэл эрчүүд эрүүл мэнддээ үнэхээр хайнга хандаж, үл тоодог нь үнэн. Эрэгтэйчүүд 50-54 насандаа, харин эмэгтэйчүүд 80-84 насандаа нас барж байна. Дундаж наслалтаас харахад ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар өмнө өөд болдог. Эдгээрээс харахад эрчүүд эрт илрүүлэгт хамрагдах идэвх муу байгаа нь тодорхой байна.

-Эрт илрүүлгийн ач холбогдлыг эрэгтэйчүүдэд хэрхэн ойлгуулбал зөв бэ?

-Авто зам, ажлын байр гээд ослын нас баралт эрэгтэйчүүдийн дунд өндөр. Түүнээс гадна архи, тамхины хэрэглээнээс хамааралтай өвчлөл их байдаг. Мөн амиа хорлолттой холбоотой нас баралт эрчүүдийн хувьд онцгой өндөр байна. Зарим төрлийн хорт хавдрын хувьд ч ялгаагүй. Тиймээс өөрсдөдөө анхаардаг, эрүүл мэндээ хайрладаг соёлтой болох нь зүйтэй.

-Зарим төрлийн хавдрын өвчлөлөөр Монгол Улс бусад орныг тэргүүлж байна. Монголд хавдрыг анагаах эмчилгээ ямар түвшинд хүрсэн гэж та хэлэх вэ?

-Дэлхийн хэмжээнд хорт хавдрын эмчилгээ төгс хөгжөөгүй. Ололт амжилт өндөр түвшинд байгаа ч бүрэн биш. Хөгжиж байгаа ч технологийн хувьд дутагдалтай олон зүйл бий. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хавдрын эмчилгээг адил түвшинд хийхэд дутагдаж байгаа зүйл бол шинэ технологи. Тиймээс төр засгаас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж, төсөвт тусгах нь зүйтэй.

-Технологиос гадна иргэдэд амьдралын зөв хэвшлийн талаар ойлголт байна уу?

-Монголчуудын амьдралын хэв маяг ихэнхдээ буруу. Тамхи татах, архи уух зэрэг зуршлаас гадна хөдөлгөөний хомсдол гээд олон асуудал байна. Тамхи л гэхэд зургаан хорт хавдрын суурь шалтгаан болж байхад хуулийн хэрэгжилт хангалтгүй. Сүүлийн жилүүдэд залуус тамхинаас гарч байна гээд утаагүй тамхи сонгох нь ихэссэн. Гэхдээ энэ нь огт хоруу чанаргүй юу гэвэл үгүй.

Үүний дараагаар давс, амтлагч, кимчи зэргийн хэрэглээнээс шалтгаалж ойрын хугацаанд хорт хавдрын өвчлөл буурахааргүй байна. Тиймээс эрт илрүүлгийн багцад ходоодны дуранг тусгаж өгсөн нь сайшаалтай.

"ЗАЛУУЧУУД ОЛНООР НАС БАРЖ БАЙГАА ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ"

-Сүүлийн үед суурь өвчлөлгүй хүмүүс Covid-19-ийн улмаас нас барах нь ихэссэн гэсэн мэдээлэл бий. Энэ үнэхээр вакцин болон бусад зүйлээс хамаарч байна уу?

-Нас барсан хүмүүсийн шинжилгээг нарийвчлан хийсэн талаар мэдээлэл байхгүй. Залуу хүмүүс олноор нас барж байгаа шалтгааныг тодорхойлохын тулд нас баралт юунаас болж үүссэнийг тогтоох хэрэгтэй. Цусны бүлэгнэлтийн шалтгаан Covid-19 мөн бишийг молекул биологийн нарийн шинжилгээгээр тогтоож болно. Үүнийг хэр хийж байгаа талаар надад мэдээлэл байхгүй. Хэрэв бүлэн үүссэн бол нарийн шинжилгээ заавал хийх хэрэгтэй. Нас барсан хүний цусанд Covid-19-ийн эсрэг бие хэр зэрэг үүссэн, түүний шалтгаан байна уу, үгүй юу гэдгийг шалгах боломжтой.

-Эрүүл мэндийн салбарт цаашид ямар өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна вэ?

-Нэгдүгээрт, хүмүүст амьдралын хэвшлийн талаар ойлголт мэдээллийг сайн өгөх. Мах, өөх тос, тамхи, архины хэрэглээнд анхаарахад иргэд суралцах хэрэгтэй. Үүнээс гадна нэн чухал зүйл бол хөдөлгөөний дутагдал.

Хамгийн муу ус бол тогтонги, шалбаагтай ус. Үүнтэй адилаар хүн хөдөлгөөнгүй байвал бодисын солилцоо муу явагдаж, өвчлөлд өртөх эрсдэл ихэснэ.

Хүн хөдөлгөөнтэй байвал цус байнгын эргэлтэд байж, өвчлөл бага байна гэсэн үг. Хэрэв хүн хоолыг эм шиг хэрэглэхгүй бол ирээдүйд эмийг хоол шиг хэрэглэнэ гэсэн үг бий. Аливаа хүн идэж байгаа хоол, хүнсээ их сайн ялгаж хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн эрүүл мэнддээ анхаарч, эмчийн үзлэг, эрт илрүүлэгт тогтмол хамрагддаг соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр эрүүл байж, урт насалж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж