Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

Тодорсон тонуулчид…

Тодорсон тонуулчид…

Суваг солих тоолонд сугалаа. Үндэсний, эрх орны, и-баримтын, иргэний, таны, миний, топ гээд л… Аз эзийн эзэд тодорсоор… Телевизүүдийг буруутгах аргагүй. Тэд зардлаа, цалингаа олох ёстой. Компаниуд хамгийн түрүүнд сурталчилгааны зардлаа танасан энэ үед эфирийн цагийг нь худалдаж авсан нь сугалааныхан. Сугалааныханд эфирээ эзлүүлсэн шалтгаан нь энэ. Зах зээлийн жам ёсны хэрэг. Удахгүй телевизийн хамгийн үзэлттэй контентоор  аль нэг авхаалжтай сугалаачдаас тодрох вий.

Түүгээр зогсохгүй тэдний дундаас ирээдүйн Ерөнхийлөгч төрөн гарахыг хэн мэдлээ. Саятан сугалааг гаргасан хүн Ерөнхийлөгч болтлоо “сугарсан” түүх Монголынх. Аз байвал ёоз, хүүгээр хожно. Монголд бүх юм “аз эз” гэлтэй.

Амжилттайгаа “азтай”, дэл сул юм туудгаа “олзтой”, малын хулгайчдаа магтацгаах Монгол тонуулчдын орон. Тиймээс том гар л хүлээн зөвшөөрөгдөнө. Хоолоо олох гээд халаас ухсаныг адгийн хулгайч гэж зүхэх атлаа төсвөөс тоносныг сүйхээтэй эр гэж сүйд болно. Гэтэл учруулсан хохирол нь газар, тэнгэр шиг ялгаатай. Тоон үзүүлэлтээрээ эхнийх нь мянгаар хэмжигдэх бол дараагийнх нь тэрбумаар хэмжигдэнэ. Нэг нь хувь хүнийг хохироодог бол нөгөө нь нийгмээр нь хохироодог.

Шударга ёс, эх оронч, эх орон, эх оронч гэх ойлголт ч дагаад өөрчлөгджээ. Төрөөс тонуул хийхийн тулд “шударга ёс”-оор гоёж, эх орончийн дүр эсгэж, эх орон, ард түмний нэрийг барьсан адгийн шаарууд төрд байр сууриа олоод удав.

Эрүүл саруул ухаантай нэгэнд эдгээр үгс эсрэг утгатай мэт санагддаг болоод удав. Тэднийг үлгэр дуурайллаа болгосон бүхэл бүтэн үе бий болчихсон нь гутмаар. Гэхдээ үүнтэй эвлрмээргүй байна. Шоронд явуулж чаддаггүй юм гэхэд “шошготой” болгомоор… Хүрээгээ тэлсээр буйг нь хүлээн зөвшөөрөх гэж үү?

Тиймээс хэний эрх ашгийг хамгаалдаг нь эргэлзээтэй, гай тарьсан хэрнээ гавьяатан мэт хүндлэгдэгсдийн нэгээхэн хэсгийг "шагналд" дэвшүүлье.

Олон нийтийн санал асуулга явуулбал жагсаалтын тэргүүн байранд М.Энхболд, Х.Баттулга, Ц.Нямдорж, Н.Энхбаяр эн тэнцүүхэн гарах вий. Тэд хэн бэ?

М.ЭНХБОЛД

Эдийн засагчаар гараагаа эхэлж, шинэ Үндсэн хуультай зэрэгцэн дүүргийн орлогч дарга болсон түүнд нам, төрийн суугаагүй суудал ганцхан л бий. Буурь суурьтай, гэм хоргүй царайтай, зөөлөн, аядуу үгтэй түүнд ард түмнээс “Газрын наймааны загалмайлсан эцэг” гуншин олгосон. Өөрөө ч хүлээн зөвшөөрч, бүгдэд нь өгч байснаа, бүр өнөөгийн Ерөнхийлөгчид хүртэл Төрийн ордны хойно газрын зөвшөөрөл олгож байснаа өчсөн. Өнөөгийн түгжрэл, орц гарцгүй цементэн жунгльтэй, нүдээ бэлчээх харагдацгүй, нүглээ нууж, хөшгөө хаахаас өөр аргагүй байдалд оруулсан гавьяатан бол тэр. Бид ч дээ, тулгаад барьчихсан байрны хөшиг авч чадаагүй залууг өөр өөр бүсгүйг ээлжлэн гэртээ авчирдагийг нь гайхан зүхэхээс бус, гэр нь хүртэл газрын наймааны золиос болсныг яахан ярих билээ. Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Миний хот” шүлэг яалт ч үгүй М.Энхболд ба түүний хамсаатнуудад зориулсан гэлтэй. Ялангуяа,

Амьдрал энд их сайхан байгаа
Алхам бүрт тэр нь мэдрэгдэнэ
Мөдхөн яг диваажин шиг болгоно гэсэн
Хотын дарга зарим хүмүүсээ
Саяхан тийш нь явуулсан гэсэн
Тэднийг эргэж ирэхийг бид
Тэсч ядан хүлээж байгаа.
.. гэдэг хэсэг нь яв цав түүнийг бодогдуулахыг яана. Ямар ч дэд бүтэцгүй хотын захыг эс тооцвол Улаанбаатар аль хэзээний газаргүй болсон. Гэвч тэдний буртаг ингээд зогсоогүй. Наймаалах газаргүй болоход төрийн албыг наймаалцахаар төлөвлөгөө боловсруулсан. “60 тэрбумын схем”-ийн автор гэж түүнийг намынхан нь огцруулсан. Гэхдээ хариуцлага тооцоогүй. Эрх мэдлийг нь л авсан. Угтаа тэрхүү схемээр МАН-ыг ялуулсан гавьяатан нь М.Энхболд мөнөөс мөн. Төдийгөөс өдий хүртэл байгаа Д.Амарбаясгалан ч оролцсон л байж таараа. М.Энхболдыг унагаасан ч гар хөлүүд нь УИХ-аас эхлээд Засгийн газарт байж д байна. Д.Амарбаясгалан ч албан тушаал ахиад байгаа нь МАН-ын тэдэнд өгсөн шагнал.

Х.БАТТУЛГА

М.Энхболдыг түлхэн унагасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар “Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, томоохон төслүүдийг гацааж, Монголыг хохироосон хүмүүст хариуцлага тооцдог болно” гэсэн… Тэр тоонд зүй ёсоор орох хүн бол Х.Баттулга ба түүний нөхөд. Тархи угаалтын “хаан”. Ууттай элс цоолж байгаад л зорьсондоо хүрсэн хүн. Хувийн хэвшлийн барих гэж байсан төмөр замыг болиулж, 300 сая гаруй ам.доллараар овоолсон шороо босгосон. 10 жил төмөр замыг гацаасны эцэст хөрөнгө оруулалтыг нь нууцад оруулж байгаад цэргүүдээр барьсан төмөр зам нь өргөн царигтай. Энэ зам ашиглалтад орсон хэдий ч одоо асар өндөр зардлаар ачааг шилжүүлэх терминал барина. Мэдээж тэр мөнгө монголчуудын халаасаас гарах нь зайлшгүй. Алдсан цаг хугацаа, боломж, учруулсан хохирлыг нь тооцвол маш том тоо гарах нь дамжиггүй. Гэвч түүний рейтинг одоо хүртэл унаагүй нь бид ямар байгааг ядах юмгүй хэлээд өгөх шиг.

Балгийг нь улсаараа мэдэрч, хэдэн тэрбум доллар олох боломжоо үгүй хийлгүүлсэн байж одоо хэр нь “баатар” гэж ойлгож, буруутгасныг “хужаа” болгосоор буй нь түүнийг хэн болохыг хэлээд өгөх шиг. Түүнийг Ерөнхийлөгч байхуйд бид Хойд Солонгос лугаа болох шахсан. ШХАБ-д ч элсэнгээ алдсан. М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоогүй, намынхантай нь нийлж огцруулсан гавьяатан мөн үү, мөн. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ байгаа нь ах нь алдарт тархи угаалтаараа түүнтэй холбогдсон, Шадар сайдаар С.Амарсайхан буй нь худ ургийн харилцаатай болсонтой нь холбоогүй л байх. Гэхдээ тэр боловсрол нимгэн гэгддэг ч хийх гэснээр том зургаар нь харж байгаад нийгмийн сэтгэл зүйг мэдэрч, тоглолт хийдгээрээ тийм өндөрлөгт очсон. Дээш дэвшүүлэх зайлуулах гэж М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойсондоо МАН ялагдсан. М.Энхболдыг унагаахыг тулд "Босоо" С.Ганбаатарыг хүчээр зайлуулсан. Түүнээс С.Ганбаатар, Х.Баттулга нар үлдсэн бол түүх "Монгол ялахгүй" байх бүрэн боломжтой байсан. Оросыг шүтэх, Хятадыг зүхэх үзлийг тэр дахин сэргээсэн. Ямар удирдагчтай байж болохгүй вэ гэдгийг яс, маханд шингэтэл ойлгуулсан гавьяа түүнийх. "Загалмайлсан эцэг" киног амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг хүн. Байгуулсан компаниа юу гэж нэрлэсэн билээ?

  Ц.НЯМДОРЖ

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш салаагүй нэг хүн нь Ц.Нямдорж. Дөрвөн удаагийн Хууль зүйн сайд, долоон удаагийн УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гээд үр хүүхдэдээ үзүүлэх CV арвинтай. Тэр бизнес хийж үзээгүй ч төрд ажиллахдаа баялгаа босгосон хүн. Шударга имиж бүрдүүлсэн, сэлэм эргүүлдгээрээ алдартай. Хуулийн гажуудал, шүүх, прокурорын ялзрал, авлига гаарсан талаар байнга ярьдаг ч өнгөрсөн 30 жилийн 15 жилд нь ганцаараа энэ салбарын сайд байсан.

Шүүх, прокурор хахуульд идэгдэж, албан тушаалтнуудын авлига гаарч, гэмт хэрэг нэмэгдэж, шударга бус газар авсан бол энэ хүн гар, бие оролцоогүй юм гэхэд гажуудуулснаас зайлахгүй. Гайг нь үүрдэггүй, гавьяаг нь хүртдэг хүн. Дөрвөд цустай ч бидний дургүй цустны тагнуул гэж тагнуулчид илчилсээр ирсэн. Түүнийг удахгүй сулрах Цэцийн гишүүний суудалд томилох тухай яриа бий. Үнэн бол тагнуулчдын хэлдгээр урд зүгийнхэн удахгүй Үндсэн хуулийн Цэцийг гартаа оруулах нь. Цэц түүний гарт орвол Үндсэн хууль бас орно гэсэн үг. Тийм үүд хаалгыг нь өвлөөс урьтаж давхар дээлээ нөмрөхөөр яарсан эрх баригчид нээчихсэн. Шударга дүр эсгэчихээд хамгийн их шударга бус зүйл гаархыг дэмжсэн хүн. Өөрт нь ашигтай бол шударга, ашиггүй бол шударга бус гэсэн ганц үзэл санаатай хүн. Хулгайч "Хулгайчийг бариарай" гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг байх аа.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШУДАРГА ЗАЛУУС  

 М.Энхболдыг огцруулахдаа өөрсдөдөө “Шударга таван гишүүн” нэр хайрласан нөхөд байх. Тэднийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан гэдэг. “Албан тушаал авахгүй ээ” гэсэн, авсан. "Авлигатай тэмцэнэ", “алаад өгнө” гэсэн. Авлига улам гаарсан. Эдийн засгаа сэргээнэ гэсэн, сэгсэрсэн. Албан тушаалын наймааг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Тэд өөрсдөө бүгд албан тушаал авсан болохоор энэ тэмцэл дууссан. Бусдад ч санал болгосон.

Өмнөх Ерөнхийлөгчтэй худ ураг болсон С.Амарсайханыг дурдахгүй өнгөрвөл алдас болно. Авах улс нь яараагүй байхад Оросын хийн хоолойг Монголоор дамжуулах гэрээнд гарын үсэг зурсан хүн бол тэр.

Хийн хоолойн асуудлаас болоод дэлхий донсолж байгааг бид харж л байна. Гэтэл тийм аюултай асуудлыг асуулгүйгээр хийсэн хүн бол тэр. Хятад албан ёсоор тэрхүү хоолойгоор хий авахаа мэдэгдээгүй л байна. Харин Путин өчигдөр энэхүү хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлэхээ мэдэгдчихлээ. Хөшигний ард яриа явсан гэсэн үг. Манай төр хулгай нохой шиг байнга асуудлаа "булдаг" бөгөөд бид гадны хэвлэлээс л мэдэж байх жишээтэй. Хотын удирдлага байхад нь хамааралтай нөхдүүд нь Туулын бургасыг хядсан. Гэтэл өөрт нь хамаагүй гээд хээв нэг хэлээд зогсож байх жишээтэй. Зайсан толгойг тэр чигээр нь авсан том бизнесмэн атлаа хүүгээ хүчингүй болчихсон журмаар тэтгэлгээр гадаадад сургаж, амьдралын боломж тааруу мянга мянган сурлага сайтай залуусын боломжийг хулгайлахаар завдахдаа хүүхдээсээ л уучлалт гуйсан нь адгийн амьтныг нь хэлээд өгнө. М.Энхболд, Х.Баттулгын шийрийг хатаахаар муйхраар зүтгэж яваа аюултай залууг шагнаад гишүүн, Шадар сайд болгосон… Хууль ёсоор бол тэр буруугүй байж болох ч хүн ёсны хувьд муу хүн.

…Шударга ёс гэж ярьдаг бас нэгэн залууг “Хөтөл-Цемент шохой” үйлдвэрийн захирал болсноор нь бид мэднэ. Очсон цагаасаа эхлэн “попорсоор”, одоо цементээ гаднаас авахад хүрсэн төдийгүй үнэд орж, бүтээн байгуулалтын ажил гацав. Очсон салбар нь орших уу, эс оршихуудаа тулав. Оройтоогүй дээр нь түүнийг дэвшүүлэх ёстой.

ЭРХ БАРИГЧИД

Эрх баригчдыг намаар нь шагнамаар. Монголын эдийн засгийг авраатах гэсэн. Амьтай төдий болголоо. Төрийн албыг цомхотгож, хүнд суртлыг үгүй хий гэсэн. Иргэддээ “ул”, “зарц” нэр тодорхойлолт зүүдэг  албан тушаалтнуудтай болов. Шударга ёс шаардсан. Давхар стандарт бий болгосон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаараач гэсэн. Элдэв гоё сангууд, Хөгжлийн банк зэргийг тэд л нийлж байгаад тоносон. "Хүрээний бузрыг уудалбал далай далай" гэгчээр тэдний булайг яривал дуусахгүй. Тэд бүр л данхайсаар байна. Тэд татвар нэмнэ, бүсээ чангал, амаргүй үе, асуудалтай байна гэх үгсийг амнаасаа байнга гаргадаг. Өөрсдөө Монголын асуудал болчихоод байгаагаа ойлгодоггүй хүмүүс. Тэдний хангамж, зардал, бүтэц, хэрэглээ, хүнд сурталд ямар төсөв зарцуулж байгааг  тооцоод үзвэл их наядаар тооцогдох зардал гарна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төсвийн зардлаар хийж буй айлчлал бас иргэдээ хохироов. Мөнгөө төлөөд зорчиж буй 300 орчим хүний цаг зав, мөнгөөр нь торгож очих ёстой газраас нь огт өөр газарт буулгах нь тэр.

Тэр бүхнийг нь үгүй болгочихвол төсөв ямар их хэмнэгдэнэ гээч. Тэд иргэдийн зовлонг шийдэх нэрийдлээр илүү данхар бүтэц бий болгодог. Одоо энэ үзлээ ч улайм цайм сурталчилдаг болов. "Тамгагүй төр"-ийг хэн продюссерлэж, хэн найруулж, хэн зардлыг нь  гаргасныг хараарай. Эх зохиолыг нь уншаарай. Арчуг хаан хүний махан овоон дээр гарч зогссоныг бодоорой. Хувь хүн бол юу ч биш, яаж ч болно. Төрийн төлөө тэднээр овоолго босгодог юм гэсэн аймшигтай агуулгыг сурталчилж байхад бид амаа олохгүй магтаж, үрээ бодохгүй өөгшүүлсээр буй нь гаслантай.

ЭГЭЛГҮЙ ИРГЭД

Ард түмний нэрийг барьдаг эгэлгүй ард бас байх. Эрчим хүчний шууд хамааралтай. Үүнээсээ болоод сая  саяар нь долларыг гадагшаа алддаг буурай улсын иргэн атлаа хөгжихийг эсэргүүцдэг олон иргэн бий. Тэднийг Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг эсэргүүцэгчид гэх малгайд оруулж болно. Дээр нь мутаци, уранаар мэргэжлийн хүнээс ч хальсан мэдлэгтэй, хуйвалдааны онолоор өвч зэвсэглэсэн хэсэг бүлэг бий. Тэднийг бас шагнууштай. Яаж агуйд амьдрах тухай ядах юмгүй тэд хэлж чадна.

ЭЦСИЙН ЗОГСООЛ

“Адгийн шааруудын эцсийн хорогдох байр эх оронч үзэл" гэж Монголын алдартай нийтлэлч бичжээ. Үнэхээр бид төрөөс хамааралтай, түүндээ дасал болцгоожээ. Тиймээс нам дагасан залуус олширч, ном дагасан мэргэд ховордов. Шударгаар хөдөлмөрлөхөөс илүүтэй төрийн албанд шургалахыг хэн хүнгүй хүсдэг болов.

Хувийн аж ахуйн нэгж, иргэдийн татварын мөнгөөр цалинждаг “шимэгчдийн” арми улам хүрээгээ тэлсээр л байна.

Бизнес хийж зовохын оронд хуулиар зөвшөөрөгдсөн тонуулч болохыг хүсэхгүй хэн байх билээ. Түүн рүү бүгд л зүтгэж байна. Тэгэх тусам нийтээрээ шимэгч болох агаад тэжээгчээ алдах аюултай. Аятайхан байя гэвэл тонуулчдаа "шагнаж", байх ёстой байранд нь тавьж, аюулыг зайлуулмаар. Гэмт хэргийг нуун дарагдуулбал гэмт хэрэг гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж