И.Азизовт өгөх ЗӨВӨЛГӨӨ!

Хуучирсан мэдээ: 2022.10.13-нд нийтлэгдсэн

И.Азизовт өгөх ЗӨВӨЛГӨӨ!

И.Азизовт өгөх ЗӨВӨЛГӨӨ!

Украины хэд хэдэн байрлал руу ОХУ 83 пуужин харваснаас болж энгийн иргэд амиа алджээ гэх мэдээний дор "Алаад өг", "Хядаад хая" гэсэн сэтгэгдэл дүүрэн. OMG, яасан харгис, яасан төмөр зүрхтэй хүн гэхээрээ манай монголчууд “мал”-аас дор болчихдог байна аа. Ёстой л ахдаа шоглуулж, доромжлуулж байхдаа таарсан ард түмэн юм гээч.

Монголд суугаа Оросын Элчин сайд И.К.Азизов үе үе “өдөөн хатгалга” хийдэг. Монголчуудыг яаж ч чадахгүй гэж даварсан уу, эсвэл яаж ч чадахгүй болохоор нь дээрэлхээд байдаг уу, бүү мэд.

Ямар ч байсан Монголын дотоод хэрэгт удаа дараа оролцож буй тэрбээр саяхан хэвлэлд “Монгол-Оросын хамтын ажиллагааг өдөөн хатгаж, Монгол Улсын өнөөгийн төр засгийн үйл ажиллагааг зориудаар хүндрүүлж байгаа Монгол Улсын улс төрийн томоохон зүтгэлтнүүд байсан зарим хүмүүсийн уриалгыг шүүмжлэхгүй байгаа нь хачирхалтай” гэж турхирсан, хатгасан шинжтэй ярилцлага өгчээ.

Монгол Улс хэдийгээр хоёр их гүрний дунд оршиж буй жижиг орон ч дэлхийд данстай, тусгаар тогтносон улс. Энэ утгаараа Монголын дотоодын асуудалд удаа дараа оролцож буй И.К.Азизовын удаа дараагийн үг, үйлдэл мэдээж согтуу Оросын солиорол биш нь ойлгомжтой.

И.К.Азизов цаашлаад Орос III сургуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хамтарсан байгууллагын эрх ашигт хамааралтай асуудлаар аль нэг талынхаа тусгаар тогтнол, бие даасан байдалд халдана гэсэн зүйл байдаггүй. Эс тэгвээс хамтарсан сургууль гэж нэрлэгдсэний утга учир юу байх вэ” гээд “Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны тухайд бол өдгөө бид монголчуудын дунд орос хэл болон Оросын соёлыг судлах сонирхол эрс нэмэгдэж байгааг харж байна. Улс орны өнцөг булан бүрт өсөн нэмэгдэж буй энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд орос хэлний сургалтын шинэ төвүүдийг нээж, Оросын боловсролын стандартын дагуу сургалт явуулдаг Монгол-Оросын хамтарсан сургуулийг, мөн цаашдаа Монгол-Оросын их сургуулийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг ярилцаж байна” гэж сонирхуулжээ.

Ээ бүү үзэгд, өмнөх хамтарсан сургуулийнхаа асуудлыг цэгцэлж чадахгүй байж ахиад нэг Оросоос хамааралтай сургууль, соёл байгуулах хэрэг юун. Тэр тусмаа Монгол Улсын өнцөг булан бүрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангана гэсэн байх. Энэ бол сайны дохио лав биш.

ОХУ-аас орос хэлтэй гадаадын иргэдийг “эх орон нэгтэн”-д тооцохоор болсон. Хэрэвзээ орос хэлтэй иргэдээ хамгаална гээд хойноос танк ороод ирвэл яана. Оросуудын далан жилийнхээ тархи угаалтаас салаагүй монголчууд дахиад тархиа угаалгавал юу болох вэ.

Тэр мөртлөө Оросын төрийн өмчийн тоог Монголд нэмэх шаардлага байхгүй. Өмнөх сургуулийнхаа захирлыг улсаараа нийлээд ч унагаж чадахгүй байж. И.К.Азизовын үгээс харахад Л.Энх-Амгалангийн мэддэг асуудал биш ээ л гэсэн байна лээ.

Тэрчлэн өнгөрсөн хавар Улаанбаатар хотод дайныг дэмжсэн парад зохион байгуулсан, Ардчилсан намын дотоод хэрэгт оролцсон гээд И.К.Азизовын энэ мэт дээрэнгүй үйлдэл нэгээр тогтохгүй. Атал Гадаад харилцааны яамнаас түүнд ядаж ганц удаа ч нот бичиг явуулчихаж чадахгүй сууж байна. Ахаасаа айдаг ч юм уу, эсвэл ах нь айлгадаг ч юм уу, И.К.Азозов бол Монголын дотоод хэрэгт дуртай цагтаа, дураараа оролцож байна.

Тэрбээр Монгол Улсын засаглалын асуудлаар Эрхүүгийн парламентын даргатай өнгөрсөн зун уулзахдаа Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгох тухай ярилцсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт улс төрийн хүрээнд ид өрнөж байх үед гэсэн үг. Үндсэндээ Монголыг ардчилсан тогтолцоотой биш, авторитар дэглэмтэй болгох санаархал И.К.Азозовын үгээс нэг бус удаа цухалзаж байсан.

Монгол Улс аль замаар явах, ямар засаглалтай байхаа Оросын элчингээс асуух, зөвлөх, оролцуулах дээрээ тулаагүй байлтай, уг нь. Ордон дотор иймэрхүү яриа хөөрөө, тохироо хийчихээгүй бол Монгол Улс парламентын засаглалтай байна гээд Үндсэн хуульдаа хараар биччихсэн үг, өгүүлбэр бий. Гэвчиг энэ асуудлыг И.К.Азизов Эрхүүд очиж ярилцсан нь хачирхалтай. Архины ширээний ар дахь хов жив төдий биш нь мэдээж. Түүний үгээс харахад, оросууд ийм адын хүсэлтэй байж мэднэ. Товчхондоо Лениний, Сталины сүнс Монголоор хэрэн тэнүүчилж байна гэсэн үг.

Тиймээс И.К.Азизовын өдөөн хатгалгаас харахад адгийн тэнэг, авлигач, хулгайчдаар дүүрсэн гэж адлуулдаг парламентын тогтолцоо бол ардчиллын аврал болжээ. Өнөөдрийн, өчигдрийг үг, үйлдэл болгоноос нь дүгнэхэд ганц цэцнээс 76 тэнэгтэй байх нь Монголын аминд өлзийтэй болсон байна.

Эцэст нь, Б.Галсансүхийн “Бурханд хэлсэн зөвлөгөө”-г И.Азизовт хэлчихье. Чи битгий хуц гэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж