Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.10.12/ мэдээлэл сонсч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо ажиллаж байгаа нь сайн. УИХ-ын гишүүдийн энэ хорооны хуралд оролцож байгаа байдлыг харахад Б.Энхбаяр бид хоёр л сууж байна. Иймэрхүү ирцтэй энэ асуудлыг ярих нь хэр зүйтэй вэ. Анхнаасаа Хянан шалгах хууль нь мөлгөр гарчихсан. Учир нь нэг нам олонх болчихсон, олон улсын жишгээр хуулийг баталж чадаагүй. УИХ-ын гишүүд нь ч хуралдаа суухгүй, нэр төдий хуралдаж байна. Хөгжлийн банкны зээл маш сайн төлөгдөж байна гэдэг сурталчилгааг хийж байгаа. Цаашдаа энэ асуудал мухардаж байна. Өмнө нь ЖДҮЭ-ийн сангийн зээл замхарсан шиг юм болох гэж байна. Баахан музей, бурхны суварга хийгээд л байдаг. Ардчилсан намын үед босгосон хэдэн цементний үйлдвэрийг тооцохгүй юм бол. Өдөр бүр хувийн хэвшил хаалгаа барьж, амьдрал хэцүүдэж байна. Гэтэл маш их хэмжээний мөнгийг хөнгөлөлттэй зээлээр гаргаж, сүүлд нь энэ асуудлаа ор нэр төдий хэлэлцэж сууна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Ирцийн тухайд Э.Батшугар, Т.Доржханд гишүүн нэмэгдэж байна. Ирцэнд байгаа УИХ-ын гишүүдээс Ц.Мөнхцэцэг, Д.Батлут нар томилолтоор явсан, Ж.Бат-Эрдэнэ хурал давхацсан, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ одоо ирнэ. Ирц бол бүрдсэн. Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо ажиллахаа больсон юм шиг яриад байна. Шалгалтын ажил үргэлжилж буй. Бид хаврын чуулганы төгсгөлд хуралдсан. Хоёр хянан шалгагч маань ажиллаж байгаа. Хянан шалгагч нарын ажил нийтэд мэдээлэгдэхгүй гэж хуульд заасан юм. Хэргийн мөрдөн шалгалтын ажилтай холбоотой асуудал. Түр хорооны дарга шууд хянан шалгагчдын ажил руу орж болохгүй, зааж зааварлахгүй байгаа. Бидний гол ажлын үр дүн хараат бусаар ажиллах нөхцөлийг хангаж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг түүхэндээ анх удаа зохион байгуулах юм. Миний хажууд сүүлийн хэд хоногт ирсэн материал гэхэд маш олон хавтас байх жишээтэй. Засгийн газрын шугамаар энэ талаарх асуудлыг байнга сонсч буй.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батаа:
-Хөгжлийн банкны нийт эргэн төлөлтийн хэмжээ өчигдрийн байдлаар 769.4 тэрбум төгрөг байна. Үүнээс бэлэн мөнгөөр төлөгдсөн нь 671.8 тэрбум төгрөг, үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төлөгдсөн. Ингэснээр нийт 14 зээл бүрэн төлөгдөж, хаагдсан. Хамгийн том зээл нь "Кью Эс Си” компанийн 191.2 тэрбумын зээл байна. Эргэн төлөгдсөн зээлийн чанаргүй зээлийг өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дүнтэй буюу нийт зээлийн 48 хувийн зээл төлөгдсөн.
Бид олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниар аудитлагдсан тоогоо наадмын үеэр хүлээж авсан. Энэ тоон дүнгийн хувьд зээлийн эрсдэлийн сангаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмж, байгуулсан. Нийт 932.5 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сантай болж, тайлан маань өөрчлөгдсөн. Олон улсын аудитын байгууллагаар санхүүгийн тайланд аудит хийлгэж, 350 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн санг нэмж байгуулсан. Энэ хүрээнд хэвийн зээлүүдээс тодорхой хэмжээний зээлүүд ангилал буурч, шилжин 4-11 болсон. Чанаргүй зээл рүү шилжсэн тохиолдол байгаа. Хэвийн зээлээс анхаарал хандуулах зээл рүү шилжсэн зүйл байгаа.
Арилжааны банкуудад хадгаламж байршуулах процессыг хийхгүй байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сард шинэ менежментийн баг томилогдсоноос хойш арилжааны банкуудад ямар нэгэн хадгаламж байршуулаагүй. Хуучин байршуулж байсан хадгаламжаас "Капитал", "Чингис хаан" банк хоёроос бусдыг эргэн төлсөн. "Капитал" банкны хамаарал бүхий этгээдээс үл хөдлөх гаргуулж, төлж барагдуулсан. "Чингис хаан" банкны хувьд шүүхэд хандахаас гадна барьцаа шаардах эрхийг банкинд шилжүүлэх замаар төлүүлэхээр ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Хариуцлагатай, хуулийн чиглэлийн хүн шударгаар хариуцан аваад явах ёстой. Чанаргүй 66 зээлдэгчийн хүрээнд эргэлдэхээс илүүтэй цааш нь 2500 зээлдэгчийн хүрээнд өргөтгөж, улс төрийн нөлөө орсон эсэхийг тогтоомоор байна. Ургийн модыг нь тодорхой болгож, аж ахуй нэгжүүдээс завшсан эсэхийг шалгах хэрэгтэй байна. Энэ ард түмний нэрээр улсаа барьцаалж авсан зээлд улстөрчид ордоггүй байх хаалтыг хийж өгөх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Одоо зээлээ төлөөгүй аж ахуй нэгж, иргэдтэй ганцхан ажиллаагүй. Зээлээ төлсөн ч гэсэн арилжааны банкуудаас зээлсэн зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг судалж байгаа. Түүний хувьцаа эзэмшигчид рүү орж байна. Энэ бол нууц мэдээлэл учраас нийтэд мэдээлж болохгүй. Шинжлэн судлах ажлын хүрээнд энэ бүхэн гарч ирнэ. Одоо 770 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, оны эцэст 543 тэрбум төгрөг буюу 1.3 их наяд төгрөгийг төлүүлэхээр төлөвлөж буй. Ингэхдээ "Хөтөл", "Эрэл", "Бэрэн" группийн чанаргүй зээлийг бүрэн төлүүлэх нөхцөлөөр тооцов гэж байгаа. "Хөтөл" компани гэж алийг нь хэлж байна вэ?
Нийт чанаргүй зээлдэгчдийн жагсаалтыг гаргасан байгаа. Топ гурван чанаргүй зээлдэгчид "Хөтөл", "Эрэл", "Бэрэн" групп 48.2 хувийг эзэлж байна. "Моннис майнинг" болон "Шинэ Яармаг", "НВЦ", "Ачлал трейд", "Монполимет”, "Түгээмэл түмэн хишиг", "Мон лаа", "Дэд бүтэц инженеринг" "Чингис хаан" банк зэрэг олон жагсаалт бий. Топ 10 чанаргүй зээлдэгчид 82 хувийг эзэлж байна. Бусад нь бага гээд орхихгүй. Энэ чиглэлээр УИХ-ын гишүүд улстөржиж орохгүй. Бид нээлттэй сонсголд бэлдэж, тайлангаа гаргана. Дахин ийм байдлыг давтахгүй. Гомдол гаргасан 32, эрүүгийн хэрэг үүсгэсэн 19 хэрэг байна. Олон албан тушаалтан яллагдагчаар татагдаж, шүүхээр шийдвэрлэхээр үргэлжилж байна. Түр хорооны бичиг цаасны ажил цэгцэрч байгаа.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батаа:
-Он дуустал төлүүлэх 500 гаруй тэрбум төгрөгийн төлөвлөгөөнд гурван том зээлдэгч байхгүй. Топ 10 зээлдэгчдийн зээлийг ирэх ондоо багтан шийдэх төсөөлөлтэй байгаа. Эрсдэлийн удирдлагын газрын захирал "Хөтөл", "Бэрэн", "Эрэл" дээр ямар ажил хийж байгаа талаар тайлбарлана. "Хөтөл" компани банкнаас анх зээл авахдаа нэрээ өөрчилж авсан байдаг. Тухайн зээлдэгч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх замаар үйлдвэрийн нэг шугамыг нэмж барьсан байдаг. Хэдийгээр Хөтөлийн "Цемент-Шохой" компани үндсэн зээлдэгч биш боловч санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр үйлдвэрээ шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек:
-"Хөтөл" ХХК компанид зээл олгосон. Хөтөл "Цемент-Шохой" хувьцаат компани анх зээл олгосон зээлийн үр дүнд бий болсон тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэл явуулж буй. Энийг бид хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргаж, 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэж дүгнэсэн. Ажлын хэсэг ажиллаж байна. Үлдсэн төлбөр нь 361.5 тэрбум төгрөг. Бид 343.9 тэрбум төгрөгөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагыг нэмэгдүүлж байгаа. Нийт 200 орчим тэрбум төгрөгийг барьцаа хөрөнгөд бүртгэж, Хөгжлийн банк авах асуудлыг ярьж байна. Үлдэгдэл төлбөрийг буруутай этгээдээр төрүүлэхээр хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Харин "Бэрэн" групп хоёр төрлийн зээл авсан. Нэг нь "Хангай" хотхон буюу орон сууцны төсөл 43.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ зээл нь 41.3 тэрбум болж буурсан. Нөгөө зээл нь арматур төмрийн үйлдвэрлэлд зориулсан зээлийн үлдэгдэл 142.5 тэрбум төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 133.6 тэрбум төгрөгийг гаргасан. Энэ үйлдвэрийн хувьд нэлээн ярвигтай байгаа учраас барьцаа хөрөнгөөр гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн явц удааширвал, компанитай хэлцэл хийж, тоног төхөөрөмжийг хурааж авна.
"Эрэл" хувьцаат компанийн хувьд шүүх хурлаар дамжуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 192.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Шүүхэд 181.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг өгсөн. Одоогоор 20 удаа анхан шатны шүүх хурал хойшилсон. Нийт 17 зээлийг шүүхэд өгсний дөрөв нь шийдэгдээгүй. Үүний нэг нь "Эрэл" компани.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батаа:
-Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэл байна. Хамгийн гол нь олон улсын санхүүгийн зах зээл. Томоохон төв банкууд бодлогын хүүгээ дараалан нэмэгдүүлж байна. Ялангуяа хөгжиж буй зах зээлээс АНУ-ын зах зээл рүү хөрөнгө урсгах урсгалыг бий болгож буй үүднээс бондуудын өгөөж маш өндөр түвшинд очиж буй. Гадаад валютын улсын нөөц сүүлийн нэг жилд тогтмол буурч байна. Тиймээс олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө босгох ажил өндөр өртөгтэй болох эрсдэлтэй. Нөгөө талдаа боломж байгаа. Ирэх онд Хөгжлийн банкны хоёр бондын эргэн төлөлтөөс гадна Засгийн газрын "Гэрэгэ" бондын төлөлт байгаа. Ирэх оны дөрөвдүгээр улиралд хугацаа нь дуусч буй хоёр бондын эргэн төлөлт дээр харьцангуй гайгүй нөхцөлөөр эргэн төлөх боломжтой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хөгжлийн банк ирэх жил мөнгө босгож өрөө дахин санхүүжүүлнэ гээд өөдрөг төсөөлж байна. Гэхдээ маш хэцүү байгааг албаныхан мэдэж байгаа шүү дээ. Энэ бол буруу. Хөгжлийн банк бонд гаргаад зарахад өгөөж нь 30 хувьтай байна гэлээ. Ам.долларын 30 хувиар зээл авна гэж бүтэхгүй. Цаашаа тогтворжино гэж байхгүй. Бондын зах зээл хаагдаж, зээлжих зэрэглэл дахин хийвэл унахаар байгаа. Та нар зээлийн эргэн төлөлтөө л сайжруулахад анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Нэгдүгээрт зээлийг л төлүүлэх хэрэгтэй байна. Нийт 769.4 тэрбум төгрөг зээл хэвийн болон анхаарал татахаар ангилалд байсан бол улс төрийн нөлөө бүхий оролцоо байж магадгүй хамгийн бага нь "Болор шүр" компани 900 сая төгрөг, хамгийн их нь "Хөтөл" ХХК 360.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Эдгээрийг ил гаргаж, хамаарлыг тогтоомоор байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Чанаргүй зээлтэй компаниудад тусгай зөвшөөрөл, хамаарал бүхий этгээд гэж байна. Эргэн төлүүлэх боломж байгаа. Энэ явц сонсгол руу орохоор ард түмэнд олон мэдээлэл нээлттэй яригдана. Түр хороонд хяналт шалгалт хийж байгаад цуглуулж, сонсгол хийнэ. Би өнөөдөр Хянан шалгах түр хорооны даргын ажлаа өнөөдөр хүлээлгэж өгнө. Энэ асуудал улам задарна.
Хянан шалгах түр хороо хянан шалгагчдын ажлын явцтай танилцахаар хаалттай хуралдаж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ