Гаитигийн ерөнхий сайд Ариел Хенри олон улсын хамтын нийгэмлэгт хандаж өөрийн улсдаа зэвсэгт хүчин байршуулахыг хүссэн. Энэ хүсэлтээс улбаалаад тус улсын нийслэлд эсэргүүцлийн жагсаал болж байна.
Ерөнхий сайд Ариел Хенри тэргүүтэй 18 өндөр албан тушаалтан олон улсын түншүүдээс мэргэшсэн зэвсэгт хүчин байршуулахыг хүсчээ. Энэ нь улс орон даяарх зэвсэгт бүлэглэлүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилготой аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Гаитид туслах зорилгоор гадаадын цэргүүд байршуулах эсэхээ хэлэлцэж байна.
Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдэгдлээс үүдэн Гаитид хэдэн долоо хоног эсэргүүцлийн жагсаал өрнөөд байсан. Тодруулбал, өнгөрсөн сард засгийн газраас шатахууны татаас олгохгүй гэж мэдэгдсэний дараа эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ үеэр Гаитигийн хамгийн хүчирхэг бүлэглэлийн нэг нь нийслэл дэх түлшний гол терминалыг хяналтдаа авчээ. Уг жагсаалыг залгуулаад дахин эсэргүүцлийн жагсаал болж буй нь энэ юм.
“Энэ бол үндсэн хууль зөрчсөн, төрийн эсрэг үйлдэл. Энэ бол идэх хоолтой, эрүүл мэндээ хамгаалуулсан, хүн шиг амьдрах боломжтой эрх чөлөөт улсыг хүсч буй иргэдийн шаардлагын эсрэг үйлдэл” гэж жагсагчид үзэж байна. Олон улсын зэвсэгт хүчин орж ирэхийг “гадаадын эзлэн түрэмгийлэл” гэж жагсагчид нэрлэжээ.
10 гаруй жилийн өмнө Гаитид олон улсын зэвсэгт хүчин цэргээ байршуулж байсан. Энэ ажиллагааны үеэр бэлгийн хүчирхийллийн хэргүүд гарч, холер өвчин таржээ. Тухайн үед холер өвчнөөр 10 мянга орчим хүн нас барсан гэх тооцоо байдаг. Өдгөө холер өвчин дахин дэгдээд буй тул тус улсад эрүүл мэндийн хямрал нүүрлээд буй.
Эх сурвалж: EURONEWS