Хятадын эрх барих Коммунист намын Ардын их хурлаар Төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпинд гурав дахь удаагаа таван жилээр сунган ажиллах бүрэн эрх олгох талаар яригдаж буй. Ши Жиньпин бол маргаангүй 1970-аад онд Мао Зедун Хятадын төрийн эрхийг барьж байснаас хойших хамгийн хүчирхэг дарга гэгддэг. Тэрбээр эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд өнгөрсөн 2018 онд Төрийн зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг хоёроос илүү удаа сунгахгүй байх хязгаарыг хүчингүй болгосон.
Энэхүү шийдвэрийг ирэх долоо хоногт болох Коммунист намын Ардын их хурлаар батламжлах аж. Ингэснээр өдгөө 69 настай Ши Жиньпин насаараа Хятадын төрийн эрхийг барих нөхцөл бүрдэж байна.
- Хятадын Коммунист намын дарга
- Ерөнхийлөгч – Төрийн зөвлөлийн дарга
- Зэвсэгт хүчний командлагч – Хятадын Төв цэргийн комиссын дарга
Тэрбээр мөн дээд удирдагч гэж тооцогддог. Энэ удаагийн Ардын их хурлаар Ши Жиньпиний эхний хоёр албан тушаал буюу Намын дарга, зэвсэгт хүчний командлагч гэсэн статусыг баталгаажуулна. Харин төрийн тэргүүнээр дахин таван жил ажиллах эрхийг ирэх 2023 оны хавар болох Бүх Ардын их хурлаар батламжлах ажээ.
АРДЫН ИХ ХУРЛЫН ДАРАА ЯМАР ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨДӨГ ВЭ?
АРДЫН ИХ ХУРАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Ши Жиньпин дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хамгийн том зэвсэгт хүчинтэй орнуудын нэг Хятад улсыг удирддаг. Зарим шинжээчид түүнийг гурав дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд Хятад улсыг улам илүү авторитар улс төрийн байр суурь руу түлхэх магадлалтай гэж үзэж байна. Лондоны их сургуулийн профессор Стив Цан "Ши даргын удирдлага дор Хятад тоталитар замаар явж байна. Хятад Маогийн дор тоталитар системтэй байсан. Бид хараахан тэнд хүрээгүй ч тэр зүгт явж байна" гэж мэдэгджээ.
Профессор Цан хэлэхдээ, Их хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, "Ши Жиньпин бодрол"-ыг намын чиглүүлэгч философи болгон батлуулах боломжтой гэжээ.
Тэрбээр "Ши Жиньпиний бодрол" бол Ши даргын социализмын брэнд, хувийн бизнест ихээр эргэлздэг үндсэрхэг үзэл. Түүний удирдлага дор Хятадын эрх баригчид эдийн засгийн хэд хэдэн салбар дахь хүчирхэг компаниудыг нураасан. Энэ хэвээрээ үргэлжилвэл тэд Ши Жиньпинийг диктатор болгоно" гэж тайлбарлав.
Ардын их хурлаар тодрох Хятадын удирдлагын дээд баг бодлогыг өргөн хүрээнд тогтооно. Хятадын ирээдүйн чиглэлийн талаар өчүүхэн сураг ажгийг ч дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Ялангуяа, эдийн засаг, улс төр, дипломат харилцаа, байгаль орчны асуудалд ямар бодлого баримтлах нь олон улсад нөлөөтэй чухал шийдвэр юм.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТ
Сүүлийн хэдэн арван жилд Хятадын эдийн засаг тэсэрсэн. Гэвч цар тахлын хөл хорионоос шалтгаалсан зогсолтууд, үнийн өсөлт, үл хөдлөхийн томоохон хямрал зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт нь саарсан. Украины дайнаас болж олон улсад хямрал үүсэх айдас нь эдийн засаг сэргэх итгэлийг бууруулж байна. Ингэснээр Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх Зянь Зэминь, Ху Жинтао нарын үеийнхээс ч доош унаад байгаа юм.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Коммунист засгийн газрын оршин тогтнох эсэх нь хятад ажилчдыг өндөр орлоготой болгож, сайн ажлын байраар хангах чадавхаас ихээхэн хамаардаг. Ирэх таван жилд эдийн засгийн үзүүлэлтүүд муу хэвээр байвал Ши даргад улс төрийн ноцтой асуудал үүсгэж мэднэ. Ардын их хурлаар эдийн засагт гол үүрэгтэй Төв банкны захирагч, Ерөнхий сайд зэрэг албан тушаалуудыг сэлгэнэ.
ЦАР ТАХЛЫГ ТЭГЛЭХ БОДЛОГО
Цар тахлыг дарах "Тэг ковид" бодлого бол Ши даргын гол бодлогуудын нэг. Дэлхийн олон орон цар тахлыг даван туулж, энгийн амьдралдаа эргэн орж байхад Хятадын эрх баригчид халдварын тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээнд хамруулах, удаан хугацаагаар тусгаарлах зэргээр хүчин чармайлтаа идэвхжүүлсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хятадын Шэньжэнь, Чэнду зэрэг 70 гаруй хотод бүтэн, эсвэл хэсэгчилсэн хөл хориог сүүлийн хэдэн долоо хоногт тогтоож, олон сая оршин суугчийг гэрт нь хорьж, бизнесийн үйл ажиллагааг зогсоосонд олон нийт сэтгэл дундуур байгаа аж.
Ши дарга "Тэг ковид" бодлогыг нь гуйвуулж, эргэлзэж, үгүйсгэсэн аливаа үг, үйлдлийн эсрэг тууштай тэмцэхээ амласан. Ардын их хурлын өмнө болон үеэр халдвар голомтлон тархах нь Ши даргын нэр хүндийг унагаах эрсдэлтэй.
Зарим шинжээчдийн үзэж буйгаар Ши дарга намын Ардын их хурлаар цар тахлыг ялснаа зарлаж, "Тэг ковид" бодлогоо дуусгана гэж таамаглаж байна. Харин өөрөөр харж буй шинжээчдийн хувьд Хятад нь хүний аминаас илүү эдийн засгийг чухалчилдаг бусад орноос өөр учир бодлогоо үргэлжлүүлнэ гэж дүгнэжээ.
ТАЙВАНЬ БА БАРУУНЫХАН
Ши дарга барууны орнуудтай харилцах харилцаандаа, ялангуяа Тайванийн асуудлаар хатуу байр суурь баримталдаг. Үүний илрэл нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга өнгөрсөн наймдугаар сард Тайваньд айлчилсан нь Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ба Хятад улсаас арлыг тойруулан цэргийн сургуулилалт хийх нэрийдлээр пуужингаар харваж сүрдүүлсэн.
Бээжин Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд яваандаа хяналтдаа буцаан авах бодлоготой. Харин Тайвань эх газрын Хятадаас өөрийгөө тусгаарлан авч үздэг.
Ши даргын хэлж буйгаар, Тайванийг эргэн нэгтгэх үйл явц 2049 онд тохиох БНХАУ-ыг тунхагласны 100 жилийн ойгоос өмнө гүйцэлдэх ёстой. Үүний тулд бүх боломжтой аргыг ашиглахаа Хятадын эрх баригчид анхааруулж буй. Аюулгүй байдлын шинжээчдийн үзэж буйгаар, Хятад Тайванийг өөртөө нэгтгэх нь Номхон далай дахь АНУ-ын хүчийг сулруулна. Тайвань барууныхны хувьд стратегийн асар ач холбогдолтой бүс нутаг учраас АНУ-тай олон арван жил харилцаатай явж ирсэн билээ.
Холбоотой мэдээ