Орос улс Украин руу олон тооны пуужин харвасантай холбоотойгоор “Их-7”-ийн удирдагчид виртуал уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар удирдагчид Украины талд үргэлж хатуу зогсоно гэдгээ амлацгаав. “Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх амлалтдаа тууштай байна. Гэм зэмгүй энгийн ард иргэд рүү халдсан нь дайны гэмт хэрэг” гэж тэд уулзалтын дараа мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон бусад буруутанд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Хэрвээ Москва үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэвэл үр дагавар нь гашуун байх болно гэдгийг “Их-7”-ийн удирдагчид анхааруулаад буй ч энэ нь дайнд шууд оролцоно гэсэн үг биш юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэх шинж тэмдэг мэдэгдээгүй байгаа учир АНУ-ын цөмийн төлөв байдалд ямар ч өөрчлөлт ороогүй гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.
“Үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэх хүртэл энэ дайн өргөжихийг харах сонирхол АНУ болон холбоотнуудад огт байхгүй” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби хэлэв.
Орос улсад тактикийн цөмийн зэвсэг 2000 байдаг. Зарим нь маш жижиг, зөөврийн хэмжээтэй тул чемодантай бөмбөг гэж нэрлэх нь бий. “Орос улс тактикийн цөмийн зэвсгээ хөдөлгөж буй эсэхийг хянахад хэцүү. Тиймээс болзошгүй бүх зүйлийг төлөвлөх ёстой” гэж Хадсоны хүрээлэнгийн ахлах ажилтан Люк Коффи хэлсэн.
“Их-7”-ийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Зеленский бүлгийн удирдагчдаас орчин үеийн, үр дүнтэй агаарын довтолгооноос хамгаалах систем хүсчээ.
Эх сурвалж: EURONEWS, NY TIMES
Холбоотой мэдээ