Банк бусаас бус банкнаас зээл авъя

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Банк бусаас бус банкнаас зээл авъя

Банк бусаас бус банкнаас зээл авъя

Атар талх тансаг хэрэглээнд тооцогдож, ам.долларын үнэ сансрын хөлөгт суугаад сар руу хөөрчихлөө. Үнийн хөөрөгдөл арилна, гадаад валютын ханш буурна гэж эрх мэдэлтнүүд ярьж байгаа ч яг хэзээ вэ гэдэг асуулт үлдэв. Ард иргэд байдгаа барж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр эцэст аргагүйн эрхэнд зээл авч байна. Гэхдээ банкнаас бус банк бусаас.

Банк ерөнхийдөө хэрэглээний болон бизнесийн гэсэн хоёр төрлийн зээл гаргадаг. Хэрэглээний зээл дотор нь иргэдийн түгээмэл авдаг цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан, орон сууцны, автомашины зэрэг зээлүүд багтана. Өнөөдрийн байдлаар Монголд банкны энэ төрлийн зээлүүд хязгаарлагдмал буй. Шалгуур нь өндөрсөн, зээлийн хэмжээндээ лимит тогтоосон гэж хэлж болно. Жишээлбэл, цалингийн зээл авъя гэж хүсэлт гаргавал 15 сая төгрөг хүртэлх зээлийг судална. Харин бизнесийн зээл дээр 500 сая төгрөг хүртэлх зээлийг судална. Урьдынх шиг өдөртөө хүсэлтээ гаргаад ажлын цаг дуусахаас өмнө зээлээ авдаг үе өнгөрсөн. Мэдээж банк бүр лимитээ ялгаатай тогтоосон.

Зээлээ хязгаарласан нь олон шалтгаантай гэнэ. Банкууд “IPO” гаргахын тулд балансаа сайжруулахаар зорилгоор зээлүүдээ ерөнхийдөө зогсоосон. Аль болох зээл шинээр гаргахгүйгээр одоогийн зээлүүдээ болон хугацаа нь хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ сайн төлүүлж, шахаж шаардаж буй. Баланс сайжирвал, ашиг нэмэгдэнэ. Мөн Орос-Украины дайны улмаас Монгол руу орж ирдэг мөнгөний урсгал саарч, валютын нөөц хомсдож, долларын ханш өссөн. Ийм үед зах зээлд мөнгө нийлүүлэх нь төгрөгийн ханшийг улам унагадаг учир Монголбанк хатуу бодлого барьж байгаа гэх.

Яг энэ үед ББСБ буюу Банк бус санхүүгийн байгууллагууд иргэдэд хүссэн зээлийг нь олгож, бирд шиг л байна. “Шуурхай зээл”, “Урьдчилгаагүй”, “Хүү нь зээлийн төрлөөсөө хамаараад 1.79-өөс 3.4 хувь” гээд янз бүрийн л нөхцөл тавих аж. Угтаа иргэд эчнээ танил банкнаасаа зээл авах хүсэлтэй ч өнөөдөр ББСБ-аас өөр сонголт алга. Зээлийн хүү нь хэд ч байсан хэрэгцээгээ хангахын тулд үл хөдлөх, автомашин, газар, лангуу гээд үнэд хүрч болох бүхий л өмчөө барьцаалж, зээл авч байна.

Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр улирлын тайланг харахад банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 529 ББСБ байгаа бөгөөд нийт харилцагчийнх нь тоо өмнөх оны мөн үеэс 33.4 хувиар өсч, давхардсан тоогоор 4.6 саяд хүрчээ. Харин зээлдэгчийн тоо 2.4 дахин өсч, 1.4 саяд хүрсэн байна. Хамгийн анхаарал татсан нь тэд 184.4 тэрбум төгрөгийн орлого олж, 105.8 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Үйлчлүүлэгч их байгаа учир үүнийг дагаад хүүгийн орлого болон үйлчилгээний хураам шимтгэлийн орлого нь 72.8 болон 91.7 хувиар тус тус өссөн гэнэ. Гэхдээ энэ зөвхөн нэгдүгээр улирлын үзүүлэлт гэдгийг сануулах нь зүйтэй.

Жилийн өмнө бодлогын хүү 6.0 хувь байсан бол энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар 12.0 хувь болж өсчээ. Монголбанк бодлогын хүүг тогтоодог. Бодлогын хүү нь өөрөө арилжааны банк, ББСБ-уудын суурь хүү болж өгдөг гэж ойлгож болохоор. Үүнээс шалтгаалан банк, санхүүгийн бүх төрлийн байгууллагын зээлийн хүү, хадгаламжийн хүү нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн л бол үүнийг дагаад банкууд, ББСБ-ууд хүүгээ өсгөхөөс өөр сонголтгүй гэнэ.

Нөгөө талд ломбардууд мөн үйлчлүүлэгч ихтэй байна. Хоногийн хоол, хэрэглээний зардлаа таслахгүйн тулд иргэд тавьж болох зүйлсээ тавьж, талх, бензинийхээ мөнгийг олж байх шиг.

Эрх мэдэлтнүүдийн амлаад буй сайн цаг хурдхан шиг л ирж, банк, санхүүгийн салбар эргэн хэвийн байдалдаа ороосой гэж ард иргэд хүсч байна. Тэр үед ББСБ-ын янз бүрийн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, элдэв хураамж, хүүнд дарлуулахгүйгээр цалин, тэтгэврийн зээлээ банкнаасаа авах нөхцөл бүрдэх буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж