Загварын акулуудын стратеги

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Загварын акулуудын стратеги

Загварын акулуудын стратеги

Тансаг зэрэглэлийн загварын гол төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Парист хуран чууллаа. Парисын загварын долоо хоногт “Dior”, “Balenciaga”, “Givenchy”, “Victoria Beckham” зэрэг томоохон брэнд өөр өөрсдийн ноу-хау, бүтээлч санаа, гайхамшигтай хувцаснуудаа танилцуулав. Тэгвэл томоохон брэндүүд энэ удаагийн шоугаар ямар стратеги баримталсныг “Fashion united” хуудас онцолжээ.

“Dior” брэндийн захирлаар Мариа Гразиа Чиури ажилладаг. Тэр 2016 онд энэ ажлыг хүлээж авснаас хойш тус брэнд Парисын загварын салбарт хамгийн амжилттай гялалзах болсон. Бизнес тооцоолол сөхвөл тус брэнд 2017 онд 2.2 тэрбум еврогийн борлуулалттай ажиллажээ. Тэгвэл 2021 онд тэдний борлуулалт 6.6 тэрбум буюу даруй гурав дахин өссөн байна. Энэ удаагийн Парисын загварын долоо хоногт “Dior” брэнд эмэгтэйлэг хүчийг илэрхийлэхийг оролдлоо. Бэлгийн хүчирхийлэл, дарамтын эсрэг “MeToo” хөдөлгөөн 2017 онд эхэлж байв. “Dior”  брэнд энэ үеэс л феминизмийг загвартаа шингээж эхэлсэн. Мариа Гразиа Чиури ажлаа хүлээж авсныхаа дараа л “Бид бүгд феминист байх ёстой” гэж танилцуулж байв. Тус брэнд одоо хүртэл феминизмийн сэдвээ орхилгүй, баримталсаар л байна.

Энэ удаагийн Парисын загварын долоо хоногийн хамгийн анхаарал татсан үзүүлбэр бол яах аргагүй Белла Хадидын өмссөн шүршдэг даашинз байлаа. Белла Хадидыг тайзнаа нүцгэн гарч ирж зогсоход цагаан өнгийн шүршдэг даавууг түүн рүү шүршиж, өнөөх нь хормын төдийд өмсөж, тайлж болдог хувцас болон хувирсан юм. Энэ бичлэг цахим ертөнцийг шуугиулж, “Coperni” брэндийг таниуллаа. Гэхдээ энэ нь тус брэндийн анхны галзуу санаа байсангүй. 2021 онд тус брэнд автомашины зогсоол мэт орчинг бүрдүүлж, тун сонирхолтой “Drive show” үзүүлж байлаа. Шоуг үзэхээр ирсэн зочид автомашин дотроосоо үзэж сонирхсон гэсэг үг юм. Сонирхолтой санаануудаараа “Coperni” брэнд “Z” үеийнхний анхаарлыг илүүтэй татжээ. Бусдаас ялгагдах футурист хэв маяг бол тэдний стратеги.

 

“Balmain” брэндийн үзүүлбэрээр шоу хаасан. Арга хэмжээг тусгай зочин дуучин Шер хааж, үзэгчдийг баярлуулсан. Тэрбээр “Balmain” брэндийн шинэ савхин цүнхний нээлтэд оролцох аж. Тэдний загваруудын онцлог нь гар урлалыг сүүлийн үеийн загварт шингээсэн явдал байв. Сэргэн мандалтын үеийн шилдэг бүтээлүүдээс сэдэвлэсэн уран баримал мэт загваруудыг та тус брэндээс харж болно. Мөн хэвлэмэл материал, ширмэл, сүлжмэл зэрэг анхаарал татахуйц бусад элемент байсан.

“Balenciaga” брэнд энэ оныг дуулиан шуугиантай эхлүүлсэн. Хуучирч, нохойд хазуулсан мэт загвартай 1000 гаруй еврогийн үнэтэй пүүз, хогийн хар уутны загвартай цүнх зэрэг сонирхолтой бүтээлүүдийг нь та санаж буй биз ээ. Энэхүү бүтээлч хийгээд сонирхолтой санаанууд “Balenciaga”-ийн бүтээлч захирал Демна Гвасалиагийн хувьд ердийн л зүйл юм. “Balenciaga”-ийн хуучин эд зүйлс хүртэл шинэ бүтээгдэхүүний дайтай үнэ цэнтэй аж.

Парисын загварын долоо хоногт тус брэнд харьцангуй чөлөөт загварыг танилцууллаа. Энгийн өдөр тутмын хувцас, юүдэнтэй цамц, гүйлтийн хувцас, бомбер хүрэм зэргийг энд дурдаж болно. Мэдээж хуучирсан мэт загвар, өдөр тутмын хувцаснаас гадна гялалзсан үдшийн даашинз ч бас байсан. Тус брэндийн шоуг реппер Канье Уэст нээсэн нь бас л нэгэн гэнэтийн бэлэг болов. Сонирхуулахад, “Balenciaga” 2021 онд 17.6 тэрбум еврогийн борлуулалт хийжээ.

ИРЭЭДҮЙН АКУЛУУД

Парисын загварын долоо хоногт туршлагатай акулуудаас гадна цоо шинээр цойлогсод бас байлаа. Эндээс “Ludovic de Saint Sernin”, “Ester Manas”, “Botter” брэндийг онцолж байна.

“Ludovic de Saint Sernin” брэндийн гол стратеги бол эмэгтэйлэг, гоёмсог дүр төрх. Энэ удаагийн шоунд тус брэндийн талстаар бүрсэн гоёмсог дотуур хувцас анхаарал татав. Энэ нь “Swarovski” брэндтэй олон жил хамтран ажиллаж буйтай нь салшгүй холбоотой.

Харин “Ester Manas” брэндийн хувьд махлаг биетэй бүсгүйчүүдэд зориулсан том размерын хувцас үйлдвэрлэдэгээрээ онцлог. Тус брэнд 2019 онд буюу цар тахлын өмнөхөн үүссэн. Ихэнх тансаг зэрэглэлийн брэндүүд бие махбодийн асуудлыг бүхэлд нь үл тоомсорлодог. Тэгвэл “Ester Manas” брэнд Парисын загварын долоо хоногт тарган, туранхай бүх төрлийн моделуудад хувцасаа өмсүүллээ.

“Botter” брэндийн энэ жилийн гол стратеги бол далай хамгаалал байв. Тодруулбал тэд 2023 оны хавар зуны цуглуулгад зориулж загварын тайзнаа далайн усыг авчрахыг хүсчээ. Бэлгэвчээр хийсэн аквариум загварын бээлий, мөсөн шоо хэлбэрт уут зэрэг анхаарал татсан олон бүтээл байв. Мөн далайн замагнаас гаргаж авсан утас, хуванцраар хийсэн хувцас ч тэдний цуглуулгад багтжээ. Тус брэнд нь биологийн судлаачидтай хамтран замаг ургуулж утас гаргаж авах боломжийг судлахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: FASHION UNITED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж