Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "өндөг тансаг хэрэглээ, идэхээ больчих" гэж хэлсэн "алдарт" үг бий. Өнөөдөр тэгвэл өндөг байтугай нь "тансаг" хэрэглээнд орох дөхөж байна. Дэлхийн улс төрийн нөхцөл, Орос-Украины дайнаас болж өргөн хэрэглээний үнэ Монголд өдрөөс өдөрт өссөөр. Иргэдийн худалдан авах чадвар буурч, хэрэглээгээ хумиж эхэлжээ. Ингээд "Бөмбөгөр", "Барс" болон бусад бөөний худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт хэр өссөн, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сурвалжилсанаа хүргэе.
Нойлын цаас, ахуйн хэрэглээний саван, бок ачсан тэрэг түрэх хэдэн залуус лангуу руу бараа сөөлжлөн зөөнө. Харин худалдан авагчдын хувьд талх, сүү, ногооны тасагт холхих аж. Гэхдээ хүмүүс бараа худалдаж аваа нь ховор. Өөрт хэрэгтэй зүйлсээ /талх, гурил, будаа гэх мэт өдөр тутмын хүнс/аваад бусад зүйлсийн тухайд үнэ асууж шогшроно. Худалдаачид ч энэ хэмнэлд дасчээ. Энэ бол "Бөмбөгөр" худалдааны төв. 2022 оны аравдугаар сарын 11, өглөөний 10.30 цаг.
УРГАМЛЫН ТОС, АМТЛАГЧ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ УЧИР ТАТАН АВАЛТ ХИЙХЭЭ БОЛЬСОН
Нарийн ногооны худалдаачин бүсгүй сүүлийн зургаан жил лангуу түрээсэлжээ. Тэр энэ жил шиг хямралтай байж үзээгүй болохоо шогшров. Хүнсний ногоотой харьцуулбал, өөрийнх нь борлуулдаг бараа хил гаалиас шууд хамааралтай учир тээврийн зардал, хорогдох, түрээсийн зардал зэргийг тооцвол хоногийн хоолоо авахад л хүрэлцэх ашиг олдог гэдгээ хэлэв. Түүний лангуунд нарийн ногооноос гадна ургамлын тос, амтлагч зэрэг зүйлсийг өржээ.
Гэхдээ эдгээр барааны ихэнх нь Оросоос ирдэг учир есдүгээр сард татан авалт огт хийгээгүй гэв.
Өнгөрсөн наймдугаар сард ургамлын тос литрийг нь 7500-8500 төгрөгөөр бөөндөж, 9000-9500 төгрөгөөр зардаг байжээ. Харин есдүгээр сарын 17-нд бөөний татан авалт хийх гэтэл ургамлын тос литр тутамдаа дахин 800-1200 төгрөгөөр нэмжээ. Тиймээс иргэд авах нь багассан учраас татан авалтыг хоёр сар тутамд хийхэд хүрсэн байна. Бүсгүй хажуугийн лангуунд зогсдог ахимаг насны худалдагчийн хэлснээр ургамлын тос, амтлагч тансаг хэрэглээнд ордог болжээ. Иргэд аль болох жижиг савлагаатайг тос, амлагч авч байгааг ажигласнаа хэллээ.
ИРГЭД: САРЫН ТЭТГЭВЭР ХҮРЭХГҮЙ БОЛОХООР АЖИЛ ХАЙСАН Ч ОЛДООГҮЙ
"Барс" худалдааны төвийнхөн ч мөн адил орлого нь буурчээ.
Зах худалдааны төвөөр сүү, талх авах хүмүүсээс бодит нөхцөл байдал, үнэ иргэдэд хэр дарамт үзүүлж байгааг асуулаа. Өглөө зах нээж байсан учраас худалдан авагчдын дийлэнх нь тэтгэврийн насныхан байв. Нийт дөрвөн хүнээс асуухад “Тэтгэвэр хүрэлцэхгүй байна. Атар талх үйлдвэрийн лангуун дээрээ 2100 төгрөг болсон. Өдөрт нэгийг авдаг байсан талхаа өнжиж авч байна. Иргэд улам л цөхөрч байна.
Энэ нөхцөл байдлыг эрх баригчид анхаармаар. Улаанбуудай дагаад гурил, гурилыг дагаад талх, боорцог, шатахуун тээвэр гээд бүх хэрэглээний үнэ өслөө.
Ямар сайндаа тэтгэврийн мөнгө хүрэхгүй учраас ажил хүртэл хайж үзсэн. Ажил ч олдохгүй байна. Сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч мах, гурил, будаа аваад л дуусч байна” гэлээ.
ГУРИЛЫН ҮНЭ КИЛОГРАММ НЬ 300-650 ТӨГРӨГӨӨР ӨССӨН НЬ ХУДАЛДАГЧДЫН БУРУУ БИШ
Гурилан бүтээгдэхүүний гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн үнэ өссөнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэгчид бүгд гурилын үнээ килограмм тутамд 300-650 төгрөгөөр нэмсэн байна. Гэвч иргэд үнийг худалдагчид нэмж байгаа мэтээр ойлгож байгааг худалдаачид учирлалаа.
Угтаа бол тонн улаанбуудайн үнэ өнгөрсөн жилийнхээс 180-250 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гурилын үнэ өсөх шалтгаан болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санал гаргаж байна" хэмээн УИХ, Засгийн газрын гишүүдийн өмнө уриалсан. Гэвч эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалаад хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай улаанбуудай зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт зах зээл дээр нөлөөлж эхэллээ.
Цаашид ч ургац хураалт, үнээс шалтгаалж гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай болохыг худалдаа эрхлэгчид хэлэв.
ХӨРШ ОРНУУДААС ШАЛТГААЛЖ ИМПОРТЫН ХҮНСНИЙ ҮНЭ ӨСЧ БАЙНА
Улсын ургацын комиссын хуралдааны үеэр өнгөрсөн наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнэ тогтоосон.
Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, Covid-19-ийн цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн.
Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнийг тогтоосон гэж онцолсон.
Хөдөө аж ахуйг дэмжих санд:
- 1-р ангиллын улаанбуудай 1 тонн- Нэг сая төгрөг
- 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970 мянган төгрөг
- 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940 мянган төгрөг
- 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880 мянган төгрөгөөр тооцож хүлээн авч буй аж.
Түүнээс гадна нарийн ногоо, ургамлын тос зэрэг хөрш орнуудаас шууд хамааралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ.
ҮНЭ ӨССӨН Ч АШИГ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Харин будааны хувьд:
- Цагаан будаа-3500-5000
- Шар будаа 4000-6500
- Хар будаа- 9500-10500
- Гурвалжин будаа-5500-7000 төгрөг байна.
Харин ургамлын тос төрлөөс шалтгаалж литр нь 8500-13500 төгрөгийн хооронд байна.
Эдгээр бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт килограмм, литр тутамдаа 200-500 төгрөгөөр өсчээ.
Ийнхүү өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь иргэдийн амьдралд төдийгүй худалдаа эрхлэгчдэд ч нөлөөлж эхэллээ. Харин Засгийн газраас үнэ тогтворжуулах, барихтай холбоотой шийдвэрүүдийг судалж гаргана гэдгээ энэ долоо хоногт мэдэгдсэн. Хэзээ шийдвэрээ гаргаж, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? гэдгийг иргэд хүлээж байна.
Холбоотой мэдээ