Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр (2022.10.11) "Хүнд суртлын индекс" судалгааны дүнг танилцуулав. Тус танхимын Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар "Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлага хэлбэрээр 2021 оны арваннэгдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сарыг дуустал явуулсан. Түүврийн шаардлага хангасан Улаанбаатар хотын 507, 21 аймгийн 244, нийт 751 аж ахуйн нэгжийн судалгааны үр дүнг нэгтгэсэн" гэж мэдээлэв.
Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан бөгөөд бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзжээ.
Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн. Харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу. Нарийвчилсан үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж буй бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр, илүү сайн үнэлгээтэй гарчээ.
2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан байна. Эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа анхаарах шаардлагатай аж.
Судалгаагаар бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэж үзжээ. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ.
Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн байна. Тодруулбал, судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдээс 41 орчим хувь нь төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим систем ашигласан, цахим үйлчилгээ авах системд 3.46 үнэлгээ өгчээ. Төрийн үйлчилгээний дундаж үнэлгээ (3.01), дэд үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээтэй гарсан байна.
Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээний үндсэн дөрвөн төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэйн зэрэгцээ хамгийн их хүнд сурталтай байна гэж үзжээ. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдсэн байна.
Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргажээ. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна.
Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь ба нийт 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журмын зөрчил гарсан гэж үзжээ. Улмаар гурван байгууллага тутмын нэг нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээр гомдлын наймыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.