Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.10.11/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Х.Баделхан, Г.Амартүвшин нар асуулт асууж санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх оны төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн атлаа зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их алдагдалтай төсөл боловсруулсан шалтгааныг тодруулав. Мөн төсвийн орлогын эх үүсвэрийг дайчлахдаа далд эдийн засгийг ил болгох, хүн болгон орлогоо шударгаар тайлагнах нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд арга хэмжээ авч буй талаар тодруулав.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлуудаа тэвчиж, 2022 оны төсвийн тодотголуудтай харьцуулахад ирэх оны төсвийн төсөлд зарлага бууруулсныг онцлов. Тэрбээр, төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд 228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн.
Мөн далд эдийн засгийг бууруулахад татварын бааз суурийг нэмэгдүүлэх, бүртгэл, мэдээллийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал, эрдэс баялгийн салбарт гэхэд эрдэс баялгийн биржийг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дагасан далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэв.
Холбоотой мэдээ