Уулын модыг тайрч Улаанбаатарт таривал торгоно

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Уулын модыг тайрч Улаанбаатарт таривал торгоно

Уулын модыг тайрч Улаанбаатарт таривал торгоно

Хотыг ойжуулах ажлын хүрээнд уулын модыг тайрч тарьдаг жишиг тогтоод олон жил болж буй. Харин сүүлийн жилүүдэд эко систем, нөхөн сэргэлт зэргийг харгалзаж энэ ажлыг хязгаарладаг болсон. Хэдийгээр хотын ногоон байгууламжийг нэмэх хүрээнд төсөв тусгаж өгдөг ч тэр хүрээнд бодит ажил хэрэг өрнөдөггүй болохыг ч  иргэд хэлдэг.

Тиймээс ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилгоор байгалийн ойгоос зулзаган мод шилжүүлэн суулгахыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хоригложээ.

Тодруулбал, түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгахыг 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хориглосон байна.

Хэрэв энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хуулиудын дагуу торгох ял оноох аж.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны аравдугаар сарын 4-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгсөн. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем юм. 2020 оны байдлаар ойн сан бүхий газар 18321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байгаа.

Үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэхэд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай.

Мөн “Тэрбум мод”-ыг тарьж ургуулах ажлын хүрээнд сэрүүн бүсийн ойн нөхөн сэргээх зорилгоор 667.2 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 272.3 сая, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 229.8 сая, хамгаалалтын зурваст 209.4 сая, төв, суурин газрын ногоон байгууламж 130.8 сая буюу нийт 842.4 сая навчит үүлдрийн модыг тарьж нийтдээ 1.5 тэрбум модыг тарьж, ургуулах тооцоолол гараад байна. 2021-2022 оны намар, хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан. Үүнд мод тайрч, шилжүүлсэн статистик мэдээлэл байхгүй гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж