“ОПЕК+”-ийн шийдвэр Жо Байденыг хилэгнүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

“ОПЕК+”-ийн шийдвэр Жо Байденыг хилэгнүүлэв

“ОПЕК+”-ийн шийдвэр Жо Байденыг хилэгнүүлэв

“ОПЕК+”-ийн гишүүн орнууд өнгөрсөн долоо хоногт газрын тосны олборлолтоо ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдөрт 2 сая торхоор бууруулах шийдвэр гаргасан. Үүний улмаас Цагаан ордон болон Саудын Арабын харилцаа өмнөхөөсөө дордоод буй юм. “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын шийдвэр Жо Байдены засаг захиргаанд дипломат цохилт болжээ. Энэ нь Жо Байдены АНУ-ын завсрын сонгуулийн өмнө ОХУ-ыг тусгаарлаж, шатахууны үнийг бууруулахыг оролдож буйтай холбоотой гэж шинжээчид дүгнэж байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын шийдвэр, АНУ-ын засаг захиргааны бодлогын тухай мэдээллийг онцоллоо.

АНУ-ын тэргүүн Жо Байден “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын шийдвэрийн улмаас урам нь хугарчээ. Тэрбээр “ОПЕК+”-ийн гишүүн орнууд энэхүү шийдвэрээрээ Оросыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж үзэж, аравдугаар сарын 6-нд эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх өөр боломж эрэлхийлэхээ мэдэгдэв.

АНУ “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын ашиг сонирхлыг үл ойшоосон, Эр Риядад нөлөөлөх боломжоо алдсантай эвлэрэхийг хүсэхгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан-Пьер Карин “ОПЕК+”-ийн гишүүн орнууд өөрсдийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөнийг үгүйсгээгүй байна. Тэрбээр “Тэд алдаа гаргасан. АНУ газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрийн гол хариуцлагыг Саудын Араб болон Ойрхи Дорнодын газрын тос экспортлогч орнуудад тохож байна. Вашингтон тэдэнд хариу барина” гэж мэдэгдэв. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын шийдвэрийг “үр дүнгүй” гэж тодорхойлжээ.

Шинжээчдийн таамаглаж буйгаар, Саудын Арабтай сөргөлдөх нь АНУ-ын эдийн засаг болон улс төрийн хувьд ихээхэн сөрөг үр дагавартай бөгөөд асар их алдагдал хүлээх эрсдэлтэй. ШХАБ-д нэгдэх хаалга нь нээгдсэн гэж хэлж болох Саудын Арабын хувьд АНУ-ын зэвсэглэл худалдан авахаас татгалзаж, эрчим хүчний нийлүүлэлтээ бууруулж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, Вашингтон зэвсгийн томоохон гэрээгээ цуцлах, Конгрессын завсрын сонгуулийн өмнө газрын тосны үнийн хөөрөгдөл үүсэхийг хүсэхгүй гэх мэт олон шалтгааны улмаас Байдены засаг захиргаа Саудын Арабын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй бололтой.

АНУ-ын газрын тосны стратегийн нөөц сүүлийн 40 жилд байгаагүй доод хэмжээнд хүрчээ.

“The New York Times” дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлыг Иран, Венесуэлийн эсрэг тавьсан хоригийг сулруулах замаар сайжруулах боломжтойг тэмдэглэсэн байна. Гэвч Ирантай хийх цөмийн гэрээг сэргээх яриа хэлэлцээ мухардалд орж, Венесуэлтэй тохиролцоонд хүрэх найдвар бүрхэг хэвээр байгааг онцолжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн Ням гаригт “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын олборлолтоо бууруулах төлөвлөгөө, шийдвэр АНУ-ын эсрэг маш зөв алхам боллоо. Энэ нь дор хаяж АНУ-ын үүсгэсэн эмх замбараагүй байдлыг тэнцвэржүүлнэ. “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын төлөвлөгөөт ажил зах зээлд хар алт цутгах замаар газрын тосны нөөцөөрөө нөлөөлөхийг хичээдэг АНУ-ын бодлогыг сөрөхөд чиглэсэн” гэж онцолжээ.

Америкийн засаг захиргааны бодлого “гажуудаж” буйг шинжээчид шүүмжилж байна.

“ОПЕК+”-ийн гишүүн орнуудын шийдвэрийн улмаас газрын тос, бензин, дизель түлшний үнэ өснө гэсэн үг. Цагаан ордон инфляци, цахилгаан, бензиний үнэ өссөнтэй холбоотой ийм хувилбараас зайлсхийхийг оролдож байгаа аж.

Шинжээчид "Эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол, Оросын газрын тосны экспортод өрнөдийн тавьсан хязгаарлалт, Оросын хар алтад үнийн тааз тогтоох эрмэлзэл, Вашингтон “ОПЕК”-ийн гишүүн орнуудтай харилцан хүндэтгэлтэй харилцааг дэмжих чадваргүй байдлаас үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Учир нь газрын тос экспортлогчдын хувьд Вашингтон үнийн тааз зэрэг зах зээлийн бус механизмын аргаар газрын тосны үнэд бүдүүлгээр нөлөөлөхийг эрмэлзэж буй нь таалагдахгүй байгаа бөгөөд түүнээс залхжээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-ын сүүлийн тайланд "АНУ-ын Төв банк инфляцийг тогтоон барихын тулд мөнгөний бодлогоо чангаруулж буй нь 2008 оны санхүүгийн хямрал, Covid-19 цар тахлаас ч илүү их хохирол учруулж болзошгүй" гэж дурджээ.

Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ гурван удаа дараалан өсгөж, хамгийн сүүлд есдүгээр сарын 21-нд 75 суурь нэгжээр нэмэгдүүлснээр 3-3.25 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Энэ нь 2008 оны хямралаас хойшхи хамгийн өндөр төвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

Германы DWN портал “АНУ-ын алхмууд дэлхийн эдийн засагт 2008 оны хямралаас ч илүү хүндрэл учруулж байна” гэж онцолжээ. Тоймч Андрей Яш “Холбооны нөөцийн сангийн барьж буй бодлого ам.долларын ханшийг сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд түвшинд хүргэж, санхүүгийн зах зээлд үймээн самуун үүсгэж байна. Стагфляци болон дэлхийн эдийн засгийн хямралын улмаас нөхцөл байдал улам хүндэрч байна гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпассын хэлсэн үгийг нийтлэлдээ иш татжээ. Мөн тэрбээр хямралаас үүдэн дэлхийн эдийн засгийн уналт ойртож буй бөгөөд энэ нь ХНС-гийн цаашдын үйл ажиллагаанд ч хүнд тусч болзошгүйг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AFP, TASS, DWN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж