Төсөв-2023: Өрийн хэмжээ нь биш зарцуулалт нь чухал!

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Төсөв-2023: Өрийн хэмжээ нь биш зарцуулалт нь чухал!

Төсөв-2023: Өрийн хэмжээ нь биш зарцуулалт нь чухал!

Хэдэн жилийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “гадаад өрийг өглөх нэрээр солих” санаачилга гаргаж байсан юм. Тухайн үед өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар түүнийг шүүмжилж байсан билээ. Үнэндээ өр ч гэнэ үү, өглөг ч гэнэ үү чухал биш. Гадаад өр нэмэгдлээ гээд шууд Шри Ланкын араас гулсана гэсэн үг ч бас биш юм.  Дэлхийн бүх улс орон, томоохон компаниуд гадаадад бонд босгож, хөрөнгө оруулалт татсаар ирсэн, татсаар ч байгаа. Мэдээж, гурван сая хүнд 33.3 тэрбумын гадаад өр ногдож байгаа нь санаа зовох асуудал мөн.

Хамгийн гол нь өрийн бүтэц, мөн өр тавьж олж ирсэн мөнгөө юунд зарцуулж байгаа нь чухал. Тиймээс эхлээд хэдэн статистик сонирхуулъя.  Монгол Улсын  нийт гадаад өрийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллар.  Үүний 36.5 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг.  Энэ бол “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг Монголын том компаниудын гадаанаас зээлсэн мөнгө. “Оюутолгой” компани гэхэд л далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхи йн тулд дэлхийн 15 банкнаас зээл авсан байдаг. Мөн 27.6 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар Монголын  аж ахуйн нэгжүүдийн зээл. Энэ өрийг компаниуд өөрсдөө л хариуцана. Монгол Улсын 3.3 сая иргэнд хамаагүй.  Харин Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 9.2 тэрбум ам.доллар. Төв банкных нь 2.5 тэрбум. Энэ мөнгөнд л бид санаа зовох ёстой.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өрийн дефолт" гэж аливаа улс орны Засгийн газар өөрийн хүлээсэн өрийн төлбөрийг төлөх чадамжгүй болох тохиолдлыг хэлдэг. Монгол Улсын нийт өрийн хэмжээ 2021 оны байдлаар 33.3 тэрбум ам.доллар байгаа. Үүний 25 хувь буюу 8.5 тэрбум ам доллар нь Засгийн газрын өр байна. Энэ өрний  дийлэнх буюу 66 хувь нь 1991 оноос хойш хуримтлагдсан өр. Засгийн газраас өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа"-гаа дурдаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувь болтол бууруулсан байна. Тодруулбал, дундаж хүүгийн хэмжээ 2016 онд 5.3 хувь байсныг 2021 онд гурван хувь болтол бууруулжээ. Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн төлбөрөө төлөх чадваргүй болох хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүйг Сангийн сайд Б.Жавхлан нэгэнтээ мэдээлж байсан юм.  Засгийн газраас цаашид төсвийн сахилга бат, өрийн удирдлагын стратегиа баримтлаад явна, өрийн дефолтод орно гэсэн ойлголт байхгүй гэж мэдэгдэх болсон. Үнэндээ, ирэх оны төсвийн  гол эрсдэл нь Хөгжлийн банкны асуудал байлаа. Хөгжлийн банкны 1.6 их наядын найдваргүй   зээлээс болж ирэх онд дефольт бол болзошгүй бодит эрсдэл байсан нь худлаа ч юм биш.

Гэхдээ Засгийн газар, Сангийн яам Хөгжлийн банкийг тонож идсэн асуудлын олон нийтэд ил тод зарлаж, чанаргүй зээлдэгч нартай хариуцлага тооцсоны улмаас улсын төсөвт ирэх өрийн дарамт буурсан.  Өөрөөр хэлбэл, 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх чадахаар болжээ.

Монгол Улс хөгжиж яваа улс орны нэг. Хүссэн ч эс хүссэн ч гадаадаас хөрөнгө оруулалт татах, өр зээл тавьж том төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй. Улсын төсөв маань ердөө 19 их наядын орлоготой. Тэгэхээр том төслүүдээ хөдөлгөхөд гадаадаас хөрөнгө мөнгө татахаас аргагүй. Өр гэж айж ичихээсээ илүү өрөө яаж зөв “өглөг” болгох вэ гэдгээ л бодох ёстой юм. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээнээс илүү зарцуулалтыг нь хянах хэрэгтэй гэсэн үг.

Б.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж