Ойрхи-Дорнодоос Европт танигдсан генерал Сергей Суровикинийг Украинд явуулж буй Оросын дайны ерөнхий командлагчаар томилсноор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг ашиглах санаархалдаа алхам ойртлоо гэж ажиглагчид дүгнэж байна. Суровикин томилогдсоноор Украинд тулалдаж буй оросын цэргүүд нэгдсэн нэг командлалтай болсон. Ингэснээр Украинд тактикийн цөмийн зэвсэг ашиглахдаа Путин алхам ойртсон гэж барууны тагнуулын албад анхааруулж байна. "Цөмийн зэвсэг ашиглах нь ОХУ-д асар том үр дагавар, хариуцлагыг авчирна. Тиймээс Путинд зарлигын дагуу гүйцэтгэх командлагч хэрэгтэй байсан" гэж тагнуулын мэргэжилтнүүд мэдэгджээ.
"Суровикин бол Украины энгийн иргэдийн эсрэг цөмийн зэвсэг ашиглаж зүрхлэх харгис командлагч. Тэгээд ч түүнд химийн зэвсэг ашигласан туршлага бий" гэж цэргийн шинжээч МакКейнзи тайлбарласан байна.
Мөн "Путины тоглоомын дүрэм" гэх номын зохиолч, стратегийн тагнуулын мэргэжилтэн Ребека Коффлерын анхааруулж буйгаар ОХУ нь удаан хугацаанд тогтвортойгоор пуужингийн дайралт хийх хангалттай нөөцгүй учраас цөмийн зэвсэг ашиглах шийдвэрт хурдан хүрч болзошгүй гэв.
Суровикин томилогдмогц ОХУ-ын арми Даваа гаригт Украины нийслэл Киев болон бусад 10 орчим хотыг пуужингаар харвасан. Пуужингийн довтолгооны улмаас дор хаяж 11 хүн нас барж, 64 хүн шархджээ. Оросын арми Украины хэд хэдэн байрлал руу 83 удаа пуужин харвасан ба хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны барилга, албан газрууд, паркууд дэлбэрэлтэд өрстөн. Мөн Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх онгоцуудаар Украинд довтолсон юм.
“Оросын зэвсэгт хүчин хамгийн их хохирол учруулахын тулд эрчим хүчний байгууламжууд болон энгийн иргэдийг зориудаар онилсон. Орос биднийг устгаж, дэлхийн хөрснөөс арчихыг оролдож байна” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн.
Түүнчлэн энэ нь Крымийн хойгийг ОХУ-тай холбосон Керчийн гүүрэн дээр дэлбэрэлт болсон хэрэгт Москвагаас хариу цохилт өгсөн үйлдэл гэж дүгнэж байна. Керч гүүрэн дээр өнгөрсөн амралтын өдрөөр ачааны автомашин дэлбэрч, араас нь явсан шатахуун ачсан галт тэрэг дэлбэрснээр гүүрийн зарим хэсэг нурсан. Энэ хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг "террорист ажиллагаа" явуулсан гэж буруутгасан юм.
Суровикиний хувьд Украинд сүүлийн хэдэн долоо хоногт ялагдал хүлээж, ухарч эхэлсэн Оросын армийг ялалтад хөтөлсөн үр дүнг нэн даруй Путинд харуулахыг зорьж байгаа гэж ажиглагчид дүгнэжээ. Тиймдээ ч тэрбээр Украины дэд бүтэц, тэр дундаа иргэний дэд бүтцийг онилж, пуужингаар харвасан аж.
Суровикин цэргийн довтолгоог ерөнхийлөн удирдах болсноор Украинд хийж буй дайн харгис, бурангуй үе шатандаа орно гэж үзэж байна.
"Вагнер" хөлсний цэргийн бүлэглэлийг үндэслэгч Евгений Пригожин өчигдөр Суровикинийг ерөнхий командлагчаар томилсон Путины шийдвэрийг магтжээ. Тэрбээр "Суровикин бол Оросын арми дахь хамгийн чадварлаг командлагч. Тэр эх орондоо үнэнчээр зүтгэхээр төрсөн. 1991 онд тушаал аваад Суровикин танкандаа суугаад эх орноо хамгаалахаар эргэлзэлгүй давшсан офицер байсан" гэж мэдэгджээ.
Сергей Суровикин 1991 онд Зөвлөлт холбоот улс задрах сүүлчийн саруудад Москва хотноо жагссан энгийн иргэд рүү гал нээх тушаалыг цэргүүдэд өгснөөрөө харгис, шийдэмгий гэж алдаршсан генерал. Тэрбээр 2017 онд Путины томилгоогоор Сирид ажиллахдаа Алеппо хот болон сөрөг хүчний хяналтдаа оруулсан бусад газруудыг хайр найргүйгээр агаараас бөмбөгдөх тушаал өгсөн. Түүнийг Сири улсад химийн зэвсэг ашигласан хэрэгт хамтарч оролцсон гэх хардлага байдаг. Тэрбээр карьерынхаа туршид хоёр удаа хорих ялаар шийтгэгдэж байв.
Тодруулбал, Москвад энгийн иргэдийг буудах тушаал өгсөн болон зэвсгийн наймаа хийсэн гэх хэргээр шоронд хорих ял эдэлсэн гэж "the Guardian" сайтад мэдээлжээ.
Москвад болсон хэргийн үед тэрбээр ахмад цолтой байсан ба ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михайл Горбачевын эсрэг төрийн эргэлт хийхээр оролдсон коммунистуудын талд тулалдаж явсан аж. Тэрбээр нийслэл хотноо ардчиллын төлөө жагссан иргэдийг автомашинаараа дайрч, цэргүүддээ гал нээх тушаал өгснөөр гурван хүнийг амийг хөнөөсөн байв.
Холбоотой мэдээ