Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр Беларусийн баруун хил дээр ч хурцадмал байдал үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор Беларусь, Орос хоёр хамтарч цэргээ байрлуулах болжээ. Тодруулбал, хоёр улс хамтарч бүс нутгийн бүлэглэл байгуулна гэж Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр /2022.10.10/ хэлэв. Цэргүүдийг хаана байрлуулахыг Лукашенко тодорхой хэлээгүй байна.
Лукашенкогийн хэлснээр Орос, Беларусь улсууд Крымийн гүүр дэлбэрсний дараа хүчээ нэгтгэж эхэлжээ. Тэрбээр Украины армийг Беларусийн нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр төлөвлөж буй гэж үзэж байна. “Беларусийг дайнд татан оруулахыг оролдож буй хэн бүхний эсрэг тэмцэх төлөвлөгөөтэй байх ёстой. Манай нутаг дэвсгэр дээр дайн байх ёсгүй” гэж Лукашенко хэлэв.
Беларусь улс санхүү болоод улс төрийн гол холбоотон Орост найдаж буй. Оросын арми хоёрдугаар сарын 24-нд дайн эхлүүлэхдээ Беларусийг байлдааны цэг болгон ашиглаж байв.
Тэгвэл Беларусийн сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская твиттер хуудсаараа дамжуулан Украин улс Беларусьт аюул занал учруулахгүй гэж мэдэгдлээ. “Би Беларусийн цэргүүдэд уриалж байна. Гэмт хэргийн тушаалыг бүү дагаарай. Хөршүүдийнхээ эсрэг Путины дайнд оролцохоос татгалзаарай” гэж тэр бичжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ