АНУ, Герман улс Украинд дэвшилтэт зэвсэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

АНУ, Герман улс Украинд дэвшилтэт зэвсэг нийлүүлнэ

АНУ, Герман улс Украинд дэвшилтэт зэвсэг нийлүүлнэ

Оросын арми Украины 10 орчим хотод пуужингийн цохилт өгсөн нь барууны холбоотнуудыг хөдөлгөөнд оруулав. Герман улс өчигдөр /2022.10.10/ дөрвөн шинэ IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд нийлүүлэх болсноо мэдэгдлээ. Эхний ээлжийн системийг ойрын хэд хоногтоо багтааж нийлүүлэх аж. Энэ систем нь 40 км хүртэл тусгалтай бөгөөд 250 км зайд байгаа байг илрүүлэх чадвартай.

“Киев болон бусад хотыг пуужингаар харвасан нь Украиныг агаарын довтолгооноос хамгаалах системээр хурдан хангах хэчнээн чухал болохыг харуулж байна. Пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолж байгаа нь энгийн иргэдийг айлгаж байна. Тийм ч учраас бид онцгойлон агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээр дэмжлэг үзүүлж байна” гэж Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт мэдэгдлээ. Эстонийн ерөнхий сайд ч бас Украиныг дэмжих хамгийн сайн арга бол агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэл явдал гэдгийг хэлж байна.

“Оросын терроризмд өгөх хамгийн сайн хариу арга хэмжээ бол Украинд агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн систем нийлүүлэх явдал юм. Украины тэнгэрийг хамгаалаач. Энэ нь манай хотууд болон хүмүүсийг, цаашлаад Европын ирээдүйг хамгаалж байна гэсэн үг” гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников хэлжээ.

АНУ ойрын хоёр сарын дотор Украинд агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем илгээнэ гэж өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Тус улсын ерөнхийлөгч Жо Байден өчигдрийн довтолгооны дараа Зеленскийтэй утсаар ярьж, зэвсгийн тусламжийн талаар ярьжээ. АНУ-аас илгээхээр тохирсон “NASAMS”  систем нь Оросын далавчит пуужингуудтай харьцах чадвартай аж. АНУ өнөөдрийг хүртэл Украинд багагүй зэвсгийн тусламж үзүүлсэн. Үүнд 1400 гаруй “Stinger” агаарын довтолгооноос хамгаалах систем, агаарын ажиглалтын болон олон үүрэгт радарууд багтана. Мөн “NASAMS” систем наймыг илгээхээр наймдугаар сард тохирсон. Батлан хамгаалах яамны есдүгээр сарын сүүлээр хийсэн мэдэгдлээс үзэхэд “NASAMS” системүүд хараахан ирээгүй байгаа аж. Найман системийн хоёрыг нь ойрын хоёр сард багтаан нийлүүлнэ гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн өчигдөр Украины талтай холбогдсон. Тэрбээр Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар холбогдож, АНУ дэмжлэг үзүүлнэ гэсэн байр сууриа дахин бататгажээ.

Дашрамд дурдахад, пуужингийн цохилтын хариу болгож “Их-7”-ийн бүлгийн удирдагчид өнөөдөр /2022.10.11/ виртуал дээд хэмжээний уулзалт хийхээр болсон.

Эх сурвалж: CNN, NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж