"Татаас олгох байдлаар орон нутгийн нислэгийг сэргээнэ"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Татаас олгох байдлаар орон нутгийн нислэгийг сэргээнэ"

"Татаас олгох байдлаар орон нутгийн нислэгийг сэргээнэ"

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын тээвэрлэгчдийг дэмжих, нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийн тарифыг бууруулах талаар агаарын тээврийн компаниудын удирдлагуудтай хамтран мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, "МИАТ" компанийн захирал Б.Мөнхтамир, "Аэро Монголиа" компанийн захирал н.Билэгсайхан, "Хүннү эйр" компанийн захирал П.Мөнхжаргал, "Изинис эйрвэйз" компанийн захирал Д.Оюундэлгэр, "Монголиан эйрвэйз карго" компанийн захирал н.Сүх-Очир нар оролцов.

Зам, тээврийн сайд С.Бямбацогт өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлага, хамт олон болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр анхаарах шаардлагатайг хэлсэн юм.

Юуны түрүүнд агаарын тээврийн салбар улс орны нэн чухал салбарын хувьд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дээд зэргээр анхаарч ажиллахыг ИНЕГ болон агаарын тээвэрлэгчдэд сануулсан. Хоёрдугаарт, агаарын тээврийн либералчлалд анхаарах, хэрхэн олон чиглэлд, хямд үнээр, тав тухтай шууд нислэг үйлдэх вэ гэдэг дээр агаарын тээвэрлэгчид нэгдэж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдуулан ажиллах хэрэгтэйг хэлсэн билээ.

С.Бямбацогт сайдын мэдээлснээр, агаарын тээвэрлэгч таван компанийн удирдлагууд хоорондоо ойлголцож, харилцан ашигтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байна. Үүний үр дүнд тийзний үнийг хямдруулах бололцоо бүрдүүлэх, нислэг үйлдэж буй чиглэлийн тоог олон болгох зэрэг өөрчлөлт шинэчлэлтүүд гарна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар "МИАТ" компаниас Новосибирскт томилгоо хүссэнийг хүлээн зөвшөөрсөн байна. "Аэро Монголиа" компани Бээжинд, "Хүннү эйр" компани Сөүлд томилгоо тус тус хүсчээ.

"НИСЛЭГИЙН ТОМИЛГООНЫ АСУУДАЛ ДЭЭР ЯМАР НЭГЭН ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ, ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛСОН"

Зам, тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газрын ээлжит хуралдаан болж, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд агаарын тээврийн авиа компаниудыг дэмжих тодорхой шийдвэр гарсан. 145 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох, түүнд тодорхой дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого"-д агаарын тээврийн транзит болоод эцсийн чиглэлтэй агаарын тээвэрлэгчдийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд карго тээврийн зангилаа үүсгэх, ачаа тээврийн гарц нэмэгдүүлэх бодлого, зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэ чиглэлээр өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр Иргэний нисэхийн Ерөнхий газар дээр агаарын тээврийн таван компанийнхан болон ИНЕГ-ынхан уулзсан.

Уулзалтаар бид тодорхой үүрэг, чиглэл, даалгавар өгсөн. Манай агаарын тээврийн компаниуд хоорондоо өрсөлдөхгүй. Тийзийн үнээ хямдруулах, нислэгийн томилгоо дээр хоорондоо ярилцаж, ойлголцох чиглэлүүд өгсөн. Ингэсэн тохиолдолд дотооддоо бид үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах юм. Нислэгийн тийзийн үнэ буурах, мөн томилгоо булаацалдах, түүний төлөө өрсөлдөх байдал бий болохгүй юм гэдэг чиглэлээр үүрэг өгсөн.

Агаарын тээвэрлэгч таван компанийнхан аравдугаар сарын 7-ны өдөр хоорондоо ойлголцоод, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад, тодорхой саналуудыг бидэнд ирүүлсэн. Үндэсний агаарын тээврийн компаниуд хоорондоо ойлголцож, нислэгийн томилгоо болон бусад асуудал дээр хамтарч ажиллахаар санал гаргасанд талархалтай байна. Урд нь хоорондоо өрсөлддөг, хоорондоо хамтарч ажиллаж чаддаггүй байсан бол анх удаа харилцан ашигтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, тодорхой ажлууд хамтран хийгээд явах нь.

Энэ хүрээнд юу хийх вэ гэхээр, харилцан үр ашигтай шийдэлд хүрье, хамтарч ажиллая, ойлголцъё гэдэг асуудал, нэгдүгээрт. Нислэгийн сүлжээг хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлье. Спа тариф зэрэг яригддаг. Харилцан, алдагдсан нислэгийг хийх, үүний дүнд тийзийн үнийг бууруулах, үйл ажиллагааны зардлуудыг бууруулах бололцоо боломж бүрдүүлэх. Тус тусдаа зардал гаргадаг биш, зардлаа дундаа хувааж, газрын үйлчилгээнээс эхлээд тодорхой зардлуудыг дундаа гаргадаг болсноор үйл ажиллагааны зардал буурна, ингэснээр эргээд нислэгийн тийз буурах боломжууд бүрдэх юм. Мөн нислэг үйлдэх чиглэлийн тоог олон болгох бодлогын зорилт тавьсан.

Агаарын тээвэрлэгч компанийхантай уулзаад агаарын тээврлэгчид Монгол Улсаас аль болох олон чиглэлд хямд үнээр, хол, шууд нислэг хиймээр байна. Ингэхдээ зорчигчид аятай тухтай нисэх бололцоо боломжийг бүрдүүлэх шаардлага тавьсан.

Үе үеийн Зам, тээврийн сайд нарын толгой, шүдний өвчин болсон асуудал бол нислэгийн томилгоо байдаг юм билээ. Сайд томилогдсоны дараа агаарын тээвэрлэгч компаниуд хамгийн ашигтай нислэгүүдээ булаацалддаг. Өөрөөр хэлбэл, Сөүл, Туркийн Стамбулын томилгоонд бүгдээрээ нисмээр байна. Бээжин рүү бүгдээрээ нисмээр байна гэсэн асуудал тавьдаг. Үүнийг дагаад ил, далд маш олон ашиг сонирхлын зөрчил үүсдэг байсан. Тиймээс агаарын тээвэрлэгч нарт хоорондоо ойлголцоод, асуудлаа шийдээд ороод ирвэл томилгоог чинь та бүгдийн тохиролцсон хүрээнд хийж өгнө гэсэн санал тавьсан. Агаарын тээвэрлэгч компанийнхан хоорондоо ойлголцоод, үндсэндээ томилгооны асуудал дээр ямар нэгэн зөрчил байхгүй, хамтарч ажиллахаар болсон.

“МИАТ” компани Новосибирскт нислэгийн томилгоо хүссэнийг өгөхөөр болж байна. Хөх хот руу нисэх томилгооны хүсэлтээс татгалзсан. Одоо нислэг үйлдэж буй авиа компанитайгаа барьцах асуудалгүй болж байна. “Аэро Монголиа” компани Бээжин чиглэлд томилгооны хүсэлт өгсөн. “МИАТ” компанитайгаа хамтарч, тусгай тарифын гэрээг өргөжүүлж ажиллахаар тохиролцож, хоорондоо өрсөлдөж, алдагдалтай нислэг хийхгүй байх бололцоо боломж бүрдэж байна.

"Хүннү эйр" компани Сөүлийн чиглэлд томилгоо хүссэн. Түүнээсээ татгалзаад, "МИАТ" компанитай хамтарсан тусгай тарифын нислэг хийхээр болж байна. Мөн Чинду руу нислэг үйлдэх хүсэлт байсан, "Изинес Эйрвэйз" компанитай зөвшилцөөд, хамтарч ажиллахаа болсон байна. "Изинес Эйрвэйз" компани Гуанжу, Красноярск, Сингапур чиглэл рүү нислэх үйлдэх томилгоо хүссэн байсан. Энэ томилгооноос татгалзсан. Одоо нисч буй Хонконг, Стамбул, Макао, Чинду, Праг болон Бусан гэсэн чиглэлүүд рүү нисэхээр болсон. "Монголиан эйрвэйз" компани шинээр олон томилгоо хүссэн. Шинэ онгоц орж ирж байгаатай холбогдуулаад өгөхөөр болж байна. Тус кмопани Москва, Шанхай, Сингапур, Өрөмч, Екатеринбург, Эдмунтон гэсэн чиглэлүүдэд шинээр томилгоо өгч болох юм гэсэн саналаа агаарын тээвэрлэгч компаниуд ирүүлсэн. Үүний дагуу томилгоонуудыг нээлттэй, ил тод хэрэгжүүлнэ.

Өөрөөр авиа компаниудыг дэмжиж, хэн нэгнийг дэмждэг, ялгаварлах бодлого байхгүй. Үндсэндээ хоорондоо ойлголцож, харилцан ашигтай хамтран ажиллаж, зорчигчдыг ая тухтай, олон чиглэлд шууд нисэх бололцоо боломжийг бүрдүүлж буй хамгийн эхний томоохон алхам хийгдэж байна гэж та бүхэн ойлгож болно.

"МИАТ" КОМПАНИ АНХ УДАА БОИНГ 767 ОНГОЦООР КАРГО НИСЛЭГ ХИЙЖ ЭХЛЭЭД БАЙНА"

Ачаа тээврийн нислэгийн томилгоонд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байя гэсэн саналыг манай авиа компаниуд гаргаж байна. Өнөөдөр "МИАТ" компани анх удаа БОИНГ 767 онгоцоор карго нислэг хийдэг болж эхэлсэн. Урд нь суудлын онгоцны суудлыг авч, хааяа карго нислэг хийдэг байсан бол одоо тогтмол ачаа тээврийн каргоны онгоцтой болсон. Өөрөөр хэлбэл, бид хүссэн чиглэлдээ карго тээвэр хийх бололцоо боломж бүрдсэн. Үүнээс гадна "Изинес эйрвэйз" компани, "Монголиан эйрвэйз карго" компаниуд ачаа тээврийн карго нислэг хийх хүсэлт тавьж байна. Үүнд ямар нэгэн хаалт, хязгаарлалт байхгүй. Хоорондоо өрсөлдөөд, Монгол руу аль болох хямд үнээр ачаа бараа тээвэрлэх, Монголоос ачаа барааг бусад улс орон руу илгээх бололцоо боломж бүрдэж байна. Агаарын тээвэрлэгч компаниудын ойлголцол хэвээр байх байх. Эцсийн зорилго бол Монголын тээврийн компани хамгийн хямд тийзээр,  хамгийн олон чиглэлд шууд нислэг үйлдэх юм. Бид "Туркиш эйрлайн" компани зэрэг компаниудтай нислэгийн тийзийг хямдруулж хамтран ажиллахаар болсон.

Дараагийн бодлогын томоохон шийдвэр нь онгоцны шатахууны үнийг хямдруулах зорилт тавьж байна. Өнөөдөр манай агаарын тээвэрлэгч компаниудын билетийн үнэ өндөр байгаа гол шалтгаан нь эдгээр компаниуд маань дэлхийн зах зээлийн үнээс 500 гаруй ам.доллараар илүү өндөр үнээр шатахуунаа худалдан авч, нисч байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам онгоцны шатахууны үнийг буулгах тал дээр онцгой анхаарч ажиллана. УИХ дээр батлагдах хууль дээр анхаарч, шатахууны үнийг буулгах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллана. "Эрчис ойл" компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх байдлаар нийт зардлынх нь 40 гаруй хувийг шатахууны зардал эзэлж байна. Үүнийг буулгавал билетийн үнэ 8-10 орчим хувиар буурах боломж бүрдэнэ гэж бодож байна.

"ТАТААС ОЛГОХ БАЙДЛААР ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭНЭ"

Авто тээврийнхэн, нийтийн тээврийн автобусууд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлдөггүй. Төмбөр замаар зорчигчид НӨАТ төлдөггүй бол дотоодын нислэгийн компаниуд НӨАТ төлдөг. Татвар төлж буй байдлыг ижил тэгш байлгах үүднээс НӨАТ төлөхгүй байх бодлогын асуудлыг шийдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн ИНЕГ-ын навигацын орлого болон бусад байдлаар орон нутгийн нислэг дээр тодорхой татаас олгох байдлаар орон нутгийн нислэгийг сэргээх бодлого барьж ажиллах гэж байна.

2012 онд дотоодын нислэгээр 250 гаруй мянган зорчигч нисч байсан бол 2021 онд 25 мянга болж, дотоодын нислэгийн тоо 10 дахин буурсан. Мөн 2012 онд дотооддоо 10 гаруй чиглэлд нисдэг байсан бол өнөөдөр хоёрхон чиглэлд нисдэг болсон. Өөрөөр хэлбэл, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд байнгын нислэгтэй. Өмнөговь руу уул уурхайн компаниудын чиглэлд нислэгтэй. Бусад нислэг үндсэндээ тасарсан байдалтай. Тийм учраас дотоодын нислэгээ нэмэгдүүлэх чиглэлд шинэ бодлого дэвшүүлж ажиллахаар болж байна.

Тодорхой дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийг 50 хувийн хямралтай нислэгээр зорчих боломж бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж ажиллахаар тодорхой ажлууд хийгдэж байна. УИХ дээр төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг тодорхой хэмжээнд ярилцахаар болж байна. Өөрөөр хэлбэл, төвлөрлийг сааруулах, орон нутагт амьдарч буй ард иргэдийн аятай тухтай амьдрах бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн нислэгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд тодорхой дэмжлэгүүд үзүүлэхгүй бол орон нутаг руу иргэд өндөр үнээр нисдэг, үнэтэйгээс болоод цөөн нислэг хийгддэг, үүнээс болж алдагдалтай явсаар хоёрхон нислэг болж цөөрсөн.

Энэ хүрээнд компаниудад арилжааны банкуудаас зээл авахад нь 7 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, авсан зээлийнх нь 7 хувийг төр хариуцна. Шатахуунтай холбоотой асуудал дээр "Роснефть" компанитай тодорхой гэрээ хийгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т тодорхой өөрчлөлт орвол "Роснефть" компаниас бидэнд Сингапурын биржийн үнээс 200-300 орчим ам.доллар хямд онгоцны түлш нийлүүлэх санал тавьж байна. 7.2-т өөрчлөлт орчихвол 500 ам.доллараар бага үнээр шатахуун авах бололцоо бүрдэх юм.

Өнөөдөр гадаадын авиа компаниудын нэг тонн шатахууны үнэ 1150-1280 ам.долларын хооронд байна. Улаанбаатарт 1660 ам.доллар. Орон нутагт онгоцыг Улаанбаатарын үнэ дээр нэмэх нь 500-700 мянган төгрөгөөр илүү үнээр сумалж байна. Энэ нь тээврийн үнэ нэмэгдээд буй гол шалтгаан.

Дотоодын нислэг дээр бид орон нутгийн зорчигчдыг 50 хувийн хямдралтай үнийн тарифаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор шийдэгдээгүй байна. УИХ дээр ярьж шийднэ. Өнөөдрийн байдлаар Ховд, Баян-Өлгийн чиглэлд үндсэндээ дотоодын нислэг хийж, хоёр талдаа 1-1.5 сая төгрөгийн үнээр нисч байна.
Энэ тал дээр бид тодорхой бодлого бариад, нэг талдаа 700-750 мянган төгрөгөөр нисэх бодлогыг хэрэгжүүлж чадвал орон нутгийн иргэд 250 мянган төгрөгөөр зорчих бололцоотой болно. Энд нийслэлийн болон гадаадын зорчигч нар хамаарахгүй. Зөвхөн алс хол, машинаар явах боломжгүй, хөгшид, хүүхдүүд орон нутгийн иргэдээ дэмжсэн ийм бодлого барихаар төлөвлөж байна.

"ИРЭХ ОНД 110 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦООЛООД БАЙНА"

ИНЕГ-ын дарга С.МӨНХНАСАН:

-2019 онд Монгол Улсын дээгүүр 133 мянган агаарын хөлөг онгоц нисэн өнгөрч, түүнээс 320 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. 2020 онд 75 мянга, 2021 онд 60 мянган агаарын хөлөг өнгөрсөн. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 27 мянга орчим агаарын хөлөг нисэн өнгөрч, 80 орчим тэрбум төгрөг орж ирсэн байна. Ирэх онд хоногт 88 нислэг явах болов уу гэсэн тооцоолол хийж байна. Covid-ийн өмнөх үед хоногт 400-450 нислэг өнгөрдөг байсан. Олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж хоногт 70 орчим нислэг өнгөрч байна. Ирэх онд бид нислэг харьцангуй өсөх болов уу гэж үзээд, 88 нислэгээр тооцож, жилдээ 110 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх болов уу гэсэн тооцоололтой төсөөлөөд байна.

Өнөөдрийн байдлаар үндэсний агаарын тээвэрлэгчид том оврын 11 орчим тээврийн хөлөгтэй байна. МИАТ компани өөрийн өмчлөлийн БОИНГ 767 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна. Бусад нь түрээсийн агаарын хөлгүүд. Дэлхийн жишгээр, олон улсын агаарын тээврийн компаниуд түрээсийн буюу лизингийн агаарын хөлгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Шууд худалдан авалтын тухайд эдийн засгийн утгаар үр ашиг муутай гэж үздэг. "Изинес Эйрвэйз", "Монголиан эйрвэйз" компаниуд "Аэробус 330" агаарын хөлгийг, "Аэро Монголиа" компани "Аэробус 320" агаарын хөлгийг түрээсээр ашиглахаар бэлтгэл ажлаа хангаж байна. МИАТ компани 2023 онд БОИНГ 787 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс агаарын орон зайгаа харж, хянаж, удирдах бололцоо хуучин 75 хувьтай байсан бол өдгөө 98 хувь болжээ. Баян-Өлгий аймгийн Алтай таван богд орчим, Говь-Алтайн гээд хоёрхон хувьд хяналт байхгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж