Сэрүүхэн өдрүүдийн тэнгэр сэтгэл шиг гүн цэнхэр, сэвэлзээд эхлэхээр хөндүүрлэх шиг бүүдгэр. Ийм нэгэн урсгал дунд ээлжлэн буй хорвоогийн гоо улирал. Хотын гэрэлтүүлэг дор өрнөх, хайрын түүхийг гэрчлэх мэт гэгээн шувууд ниснэ. Энд, цаг хугацааны хамгийн амттай хуудас эргэж хаа нэгтээ улиран одсоор. Хөгшдийн харцнаас он жилүүдийн хайр харуусал гэрэлтэж, бодлогошрон алхахдаа хорвоогийн илчийг мэдэрнэ. Ийм намуухан хотод улирч буй намрын тухай энгийн нэгэн ч шүлэг хэлмээр яруу юм.
Их сургуулийн гудмаар гэрэлт ирээдүй ба өнгөрсөн холхилдож, эмээгийнхээ нүдийг харсан шиг баярлаж нэгэн рүүгээ тэмүүлэх энэ олон сэтгэл навчтай адилхан гэдэгт хүн бүхэн итгэнэм. Энгийн, хорвоогийн хамгийн энгийн өдрүүд үлгэр шиг бичигддэг, дотоод ахуйдаа амьсгал, амьдралыг мэдрэх нь гоо сайхан юм, намар цаг юм.
Навчнаас харж болох гуниг, цаг хугацаа, мөн ганцаардал. Хөл хөдөлгөөн дундах хуучин сандлууд, тэдэнд хааяа нэг хань болдог энэ навчсын тухай дуулаагүй найрагч, дурлаагүй шүлэгч үгүй биз.
Ц. Дэлгэрмаа “Зүрхэнд агч Намур” номын шүлгээс
Өглөө сэрэхэд л навчис уначихсан байдаг
Шөнө нь бороо шивэрч байдаг
Өнөөдрийх шиг есдүгээр сарын өдрүүдэд дуртай
Навчсын сүнс амилаад хаа сайгүй нисэлдэхдээ
Намрын хотыг улам үзэсгэлэнтэй болгодогт
Хаа нэгтээ алхаж буй намуухан дүртэй нэгнийг
Хайрладгаа мэдрэхэд сэтгэл улам тунгалаг болдогт
Үнэндээ үүнийг л мэдрэхээс илүү хүсэл төрдөггүйд
Өөрийнхөө зүрхийг зовлонгоос ингэж бодоод л чөлөөлөхөд
Харамсал шаналал гэдэг ердөө л хааяа намайг эргэдэг
Хаа эртийн танил шиг минь тийм эгэл болчихдогт
Хачин их дуртай би, ийм л бүдэгхэн өдрүүдэд.
Номын хуудас адил эргүүлж болдог дурсамжийн их орон зайд амьдарч, намрын ийм л өдрүүдэд баясч чаддаг, бас гуниглаж чаддаг.
А. Сайханбаяр
Холбоотой мэдээ