"Өлзий энд Ко Капитал "ҮЦК компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны түрүүнд өнөөдөр манай улсын макро эдийн засгийн байдал ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Монгол улсын эдийн засаг 2022 оны эхний хагас жилд 1.9%-ийн өсөлттэй гарч, эдийн засаг аажмаар сэргэж буй дохио өгч байгаа хэдий ч эдийн засаг маань эмзэг хэвээр байна. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулрал хамгийн их татаж байна. Хэдий он гарснаас хойш төгрөгийн ханш ам долларын эсрэг 17.7% унасан хэдий ч үүнд хэд хэдэн суурь шалтгаан байсан гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, Монголбанкны валютын албан нөөц 2019 оноос хойш гурван жил гаруй хугацаанд түүхэн доод түвшиндээ хүрсэн нь Төв банкнаас интервенц хийх, ханшийн савлагааг зөөлрүүлэх боломжийг улам бүр хумьж байна. Хоёрдугаарт, БНХАУ-ын “тэг ковид” бодлого нь манай улсын гадаад худалдааны эргэлтийг сааруулж, Монгол улсын экспортын биет хэмжээг бууруулснаар валютын орох урсгал саарч байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр таваарын үнэ өсөж, Монгол улс уул уурхайн экспортын орлогоо үнийн өсөлтөөр нөхөж чадсан хэдий ч энэ байдал цаашид удаан үргэлжлэхгүй гэдэг нь дэлхийн хамгийн том хэрэглэгч орон Хятадын эдийн засгийн удаашрал, ковидын тодорхой бус байдал харуулж байна.
Гуравдугаарт, АНУ-ын Холбооны нөөцийн сан 0 орчимд байсан бодлогын хүүгээ энэ онд 4 удаа нэмэгдүүлж 3.00-3.25 хувьд хүргэсэн нь бусад валютууд ам.долларын эсрэг сулрах суурь шалтгаан болсон. Манай Монгол улсын хувьд ч Төв банкнаас энэ онд бодлогын хүүгээ 6 нэгжээр өсгөж 12 хувьд хүргэсэн нь төгрөгийн ханшийн сулралыг тогтоон барих бодлогын нэг чухал хэрэгсэл гэж харж байна.
Мөн Үнийн өсөлтөд хил гаалийн хаалттай байдал нөлөөлж нийт инфляцын 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байна. Гэхдээ дэлхий даяар шатахуун, эрчим хүч, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй нүүр тулж байгаа бөгөөд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, Украйны хямрал үнийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлсэн хэвээр байна.
-Эдийн засгийн уналттай, тогтворгүй байдал нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
– Эдийн засаг уналттай, тогтворгүй үед компаниудын үйл ажиллагаа хумигдаж, ажлын байраа хадгалахад хэцүү болсноор нөгөө талдаа иргэдийн орлого буурна. Инфляц хоёр оронтой тоотой болчихсон, мөнгөний үнэ цэнэ алдагдаад байгаа үед мэдээж иргэдийн худалдан авах чадвар, амьдралд нь шууд сөргөөр нөлөөлж байгаа.
Бараа, үйлчилгээний үнэ хэт хурдтай өсөж байгаа, нөгөө талаас бидний цалин хөлсний орлого инфляцын өсөлтийг нөхөх хэмжээнд өсөж чадахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ингэснээр эрэлт унаж, аж ахуй нэгж, компаниудын орлого буурч, эцсийн дүндээ эдийн засаг бүхэлдээ үнийн өсөлтөөс шалтгаалж мууддаг сөрөг тал байдаг.
-Тэгвэл эдийн засгийн энэ хүнд үед иргэд санхүүгээ хэрхэн зохистой удирдах хэрэгтэй вэ?
– Өнөөдөр инфляц 14.4%-тай байна. Иргэд төгрөгөөр цалингаа авч байна. Тиймээс иргэд ямар хөрөнгө оруулалт хийх вэ? Инфляцаас орлогоо, хөрөнгийн үнэ цэнээ хэрхэн хамгаалах вэ? гэдэг дээр зайлшгүй анхаарах ёстой болж байна. Тэгэхээр бид цалин орлогоо инфляцад идүүлэхгүй байхын тулд хамгийн түрүүнд мөнгөний үнэ цэнээ өсгөх хөрөнгө оруулалт хийхийг зорих хэрэгтэй. Монгол улсын эдийн засаг өнөөдөр ийм тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихсэн үед цаашид хэрхэх талаар таамаглаж, төлөвлөхөд бэршээлтэй. Тиймээс хамгийн оновчтой хөрөнгө оруулалт бол маш тодорхой санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах хэрэгтэй.
Нэгдүгээрт, инфляцын түвшнээс өндөр өгөөжтэй байх ёстой, хоёрдугаарт тодорхой буюу та хэзээ, ямар хугацаанд, хэр хэмжээний өгөөж авах вэ гэдэг нь анхнаасаа ойлгомжтой, тодорхой байх ёстой. Мөн цаашлаад бид эдийн засгийн байдал хүнд, эрсдэлтэй ийм цаг үед хөрөнгө оруулж байгаа учраас хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийхээ эрсдэлийг үнэлж, тооцох хэрэгтэй юм. Иймээс эрсдэлийг нь хэр зэрэг удирдаж, хаасан бүтээгдэхүүн байна вэ? гэдгийг анхаарч хөрөнгө оруулах ёстой болж байна.
– Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр иргэдэд ямар ямар боломжууд бий болж байна вэ?
– Өмнө нь иргэд хуримтлал хийнэ, хөрөнгө оруулна гэхээр зөвхөн банканд мөнгөө хадгалах л гэж ойлгодог байсан бол одоо хөрөнгийн зах зээл гэж маш их сонсогддог болсон. Хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, мөн хамтын хөрөнгө оруулалтын сангууд гээд шинэ шинэ хөрөнгө оруулах боломжууд хөрөнгийн зах зээл дээр бий болоод байна л даа. Иймээс харьцангуй бага эрсдэлээр өндөр өгөөж хүртэхийн тулд та хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн банканд мөнгөө хадгалах биш, зөвхөн нэг компанийн хувьцаанд хөрөнгө оруулах биш, хамгийн түрүүнд өөрт тохирсон хөрөнгө оруулалтын багцаа тодорхойлох хэрэгтэй. Харин эдийн засгийн яг одоогийн нөхцөл байдалд энэхүү багц дотроо ямар бүтээгдэхүүнийг илүү давуу байлгах вэ? гэдэг зохистой харьцаагаа зөв тодорхойлох ёстой гэсэн үг юм. Жишээлбэл, одоогийн нөхцөлд багцынхаа 50-70%-д нь тодорхой нөхцөлтэй, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн байвал эрсдэлээс хамгаалж чадна.
Үлдсэн хэсэгт нь хувьцаа эсвэл банкны хадгаламжид мөнгөө байршуулж болно. Яагаад вэ гэхээр өнөөдөр бид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ханш яаж унаж байна гэдгийг харж байна. Тиймээс тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар бид энэхүү уналтаас өөрсдийгөө хамгаална гэж ойлгож болно. Манай хөрөнгийн зах зээл дээр ч гэсэн яг ийм тогтмол орлоготой бүтээгдэхүүнүүд бий болж байна. Он гарснаас хойш хэд хэдэн компанийн бонд, хэд хэдэн ХБҮЦ гарлаа. Энэ удаад бид хөрөнгө оруулагч нарт бидний сайн мэдэх аппликэйшнээр барьцаагүй зээл олгодог шинэ үйлчилгээг анхлан Монголд нэвтрүүлсэн ЛэндМН ББСБ ХК-ийн бүтээгдэхүүнийг гаргаж байна.
– Лэнд ХБҮЦ-ийн бусад санхүүгийн хэрэгслээс ялгарах давуу тал нь юу вэ?
– Нэгдүгээрт, хамгийн чухал давуу тал бол та LendMN ХБҮЦ-д хөрөнгө оруулсан мөнгөн дүнгийнхээ хүүг сар бүр хувааж авна. Өнөөдрийг хүртэл гарч байсан ХБҮЦ, бондууд жилийн эцэст эсвэл улирал тутамд хүүгээ төлдөг байсан бол энэ удаагийн ЛЭНД ХБҮЦ сар бүр танд хүүгийн төлбөрөө хийнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулагч нартаа хүүгээ удирдах боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл сар бүр хүүгээ аваад түүнийгээ хадгаламжид хийх эсвэл хоёрдогч зах зээлээс 17%-ийн өгөөжтэй ХБҮЦ-аа дахин аваад явах боломжтой. Хэдийгээр жилийн 17%-ийн хүүгийн өгөөжтэй гэж байгаа боловч, сар бүрийн хүүгээ удирдаад жилийн 12%-ийн хүүтэй хадгаламжид хийгээд явах юм бол яг бодит өгөөж нь 19.8% болж байгаа юм. Эргээд ХБҮЦ-ээ авбал бүр илүү өгөөж хүртэх боломжтой.
Тиймээс хөрөнгө оруулагч нар сар бүр өгөөжөө авах боломжтой ийм шинэлэг бүтээгдэхүүнийг их сонирхох болов уу гэсэн хүлээлттэй байна. Мөн олон нийтэд санал болгож байгаа гэдгээрээ татварын хувьд давуу талтай. Учир нь хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10% байдаг бол ЛЭНД ХБҮЦ-ийн хүүгийн орлогын татвар 5% байх юм. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг https://lend.mn/investment.html эндээс авах боломжтой. Мөн мөнгөний үнэ цэнээ өсгөх зөв сонголтоо хийж Лэнд ХБҮЦ-ийг захиалаарай гэж зөвлөж байна. Баярлалаа.