Нүүрсээ цахимжуулах нь эдийн засагт ашигтай

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Нүүрсээ цахимжуулах нь эдийн засагт ашигтай

Нүүрсээ цахимжуулах нь эдийн засагт ашигтай

Эдийн засаг, хөгжлийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн Засгийн газар болон УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Монголд орж ирэх валютыг нэмэгдүүлэх, нүүрсний экспортод хийж буй дараагийн зохицуулалт нь бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу хилээр экспортод гаргахаар болсон тухай. Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд 2023 онд нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн байхаар төсөөлөөд буй. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар танилцуулахдаа "Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш яах бол, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарсан. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй.

Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий.

Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа. Уурхайн аман дээрээс нэг тонн нүүрс 71 ам.доллароор, харин хил дээрх үнэ нь 129 ам.доллараар зарагдаж байна. Энэ хоёрын хооронд 58 ам.долларын зөрүү гарч байгаа. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой.

НҮҮРСЭЭ УУРХАЙН АМНААС ОГТ ЗАРАХГҮЙ

Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд:

  • Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийх,
  • Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортлох,
  • Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулах. Үүнтэй холбоотой бүх гэрээг цахимжуулах.

Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн ирэх оны нэгдүгээр сараас нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжиж байгаа. Яагаад гэвэл нүүрс авах хүсэлт олон талаас ирдэг. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. Элдэв хардлага ч алга болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана.

Валютын урсгалыг сайжруулах зорилгоор өмнө нь хийсэн гэрээ, валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийх замаар валютын урсгалаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

Ямартай ч ийнхүү нүүрсийг цахимжуулах тухай шийдвэрлэсэн нь бүртгэлгүй олон тонн нүүрсийг хянахад тустай. Ингэснээр гол орлогоор валютын нөөцийг нэмэх юм.

Тиймдээ ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Монголд оруулж ирэх ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийг үүрэг болгож байгаа. Энэ жил 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй дүр зураг харагдаж байгааг албаныхан мэдээлсэн.

Хэдий тооцоолсон хэмжээнд хүрэхгүй ч 2021 оны экспортын хэмжээнд хүрнэ гэдгийг мөн онцолсон.

Мэдээж нүүрсний экспорт бага байгаа ч үнийн хувьд түрүү жилийнхээс өндөр  байгаа учраас экспортын орлого өнгөрсөн оныхоос илүү байх магадлалтай. Өнгөрсөн оны эхний хагас жилд  цар тахлын шалтгаанаар нүүрсний экспорт их хэмжээний алдагдалтай байсан. 2021 оны төсөвт улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна гэсэн. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүй гэдгээ тухайн үед  Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу 2020 оныхоос (15.9 сая тонн) даруй хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохыг зорьсон. Харин энэ удаад 2023 оны төсвийн орлогыг бүр ч өөдрөгөөр харж буй юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засагчид, судлаачид, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж байгаа.

 ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРСЭЭ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ НЬ НЭЭГДСЭН

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал одоогоос хоёр сарын өмнө дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр, өндөр түвшинд тогтвортой хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах асуудлыг олон жил тавьж байсан. Бидний хүсч байсан зүйлийн эхлэл тавигдаж, Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлэхээр болсон нь чухал ач холбогдолтой. Ингэснээр Монгол Улсаас Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нь нээгдэж байгаа юм. Нүүрсний гарцыг харвал сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт 700-900 нүүрс тээврийн автомашин хилээр гарч байгаа нь сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн байгаа. Энэ нь гадаад худалдааны тэнцэл өсөхөд чухал нөлөө үзүүлсэн. Барууны орнууд нүүрснээс татгалзсаны улмаас хэсэг хугацаанд хөрөнгө, санхүүжилт нь багассан. Гэхдээ буцаад өссөн нь страктурын өөрчлөлт явагдаж байгааг илтгэж байна. Энэ нь өөрөө цаг хугацаа шаарддаг буюу 10-20 жил зарцуулна. Тухайн хугацаанд нүүрсний хэрэглээ огцом буурах боломжгүй. Тухайн орон зайг бид маш оновчтой ашиглах шаардлагатай.

Төмөр зам ашиглалтад орж байгаа нь манай улсад давуу талыг үүсгэж байна.

Тэгэхээр төмөр замын асуудал дээр улс төржиж болохгүй, таван жилийн хугацаанд 10 тэрбумын боломж алдсаныг ойлголоо. Эрчим хүчний хэрэглээ байгаа цагт бид нийлүүлэхээс өөр гарцгүй. Альтернатив нь бэлэн биш учраас үнэ өсөх эсвэл буцаад олборлолт руугаа шилжинэ гэдгийг онцолж байв.
Ямартай ч ирэх жилээс экспортод гаргах нүүрсийг цахимжуулснаар эдийн засгийн хувьд ч эрэлт нийлүүлэлтийн тухайд ч эерэг үзүүлэлт олон болох юм. Өнгөрсөн жилүүдийн хэт өөдрөг төсөөлөл цар тахлаас шалтгаалж унасан бол 2023 оноос валютын урсгал нэмэгдэх нь гарцаагүй. Гол нь зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүүгийн асуудал арилах нь чухал. Хэрэв энэ зөрүү арилбал Монгол Улсын эдийн засаг, орлого цаашид өсөх зураглалд шилжих боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж