Ц.Цогтбаатар, Рафаэла Силва – Япончуудыг зогсоосон Ташкентын баатрууд

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар, Рафаэла Силва – Япончуудыг зогсоосон Ташкентын баатрууд

Ц.Цогтбаатар, Рафаэла Силва – Япончуудыг зогсоосон Ташкентын баатрууд

Монголын жүдочид 2022 оны дэлхийн аваргад өндөр амжилттай, медалийн хуртай наадаж байна. Эрэгтэй, эмэгтэй нийт 10 жингийн барилдаан болсон бөгөөд манай тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, нэг шагналт тавдугаар байр тус тус хүртээд буй. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар алт, -60 кг-д Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн -57 кг-д А.Энхрийлэн хүрэл, -52 кг-д Б.Хорлоодой шагналт байрт оржээ.

Дээрх амжилтаараа багийн дүнгээр Японы ард хоёрдугаар байрт бичигдэж байна. Жүдог үндэслэгчид таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай итгэл төгс 82 орныг тэргүүлсээр тэмцээний зургаа дахь өдөртэй золголоо.

Өнөөдөр/2022.10.11/ эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын барилдаанууд болно.

Эрэгтэйчүүдийн -100 кг

  • Б.Гончигсүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, удаах тойрогтоо Израилийн Петр Палчиктай учраа таарчээ.

Ямар ч эргэлзээгүй энэ жингийн “эзэн” нь дэлхийн хоёр удаагийн аварга Хорхе Фонсега. Тэрбээр энэ жил ердөө гуравхан ялагдсан гэх бардам үзүүлэлттэй.

Харин түүнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх Майкл Коррел, Шади Эль Нахас, Илья Суламанидзе, Петр Палчик, Тома Никифоров, Николоз Шеразадишвили, Александр Куклой, Ида Кентаро зэрэг шилдгүүд энэ ДАШТ-д өрсөлдөнө.

Дээрх бөхчүүдээс гадна Гүржийн Варлам Липартелиани анхаарал татаж байна. Олимп, дэлхийн мөнгөн медальтай тэрбээр угтаа зодог тайлсан ч татамидаа эргэн ирсэн. Дэлхийн аваргад гурав финалдсан ч алтан медаль зүүж үзээгүй түүнийг энэ жил эцсийн сумаа эрчлэн тавина гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ жиндээ хүчирхэгт тооцогддог Оросын тамирчид оролцох боломжгүй болсон нь бусад бөхчүүдэд багахан ч гэсэн боломж олгов.

Эмэгтэйчүүдийн -78 кг

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Словенийн Патрициа Бролитой учраа таарчээ.

Энэ жингийн дэлхийн чансааг Германы Анна-Мариа Вагнер тэргүүлж байгаа. Токиогийн олимпийн хагас шигшээд Шори Хамадад ялагдсанаасаа хойш тэрбээр хоёр ч Гранд Сламд оролцож, түрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэлжилт өндөртэй буй.

Мөн дэлхийн аварга Францын Маделейн Малонга бий. Гэхдээ олимпийн финалд Хамадад ялагдсанаасаа хойш Малонгагийн форм муу байгаа. Гурван ч Гранд Сламд оролцсон ч нэг ч финалдаагүй гэсэн үзүүлэлттэй явна. Европын аваргаар хүртэл Алис Белланди гэх Италийн шинэ залуу тамирчинд ялагдсан юм.

Мэдээж, олимп, дэлхийн аварга Шори Хамада энэ жингийнхээ гол фаворит. Олимпоос хойш ердөө ганцхан Унгарын Гранд Сламд оролцсон ч түүнийг дутуу үнэлэх хэрэггүй. Дээрх томчуудаас гадна Майра Агуйар, Инбар Ланир, Гууше Стенхуйс, Алис Белланди гэх битүү морьд байна.

Өнөөдрийн байдлаар Ташкентын дэлхийн аваргын гол баатруудаар Монголын Ц.Цогтбаатар, Бразилын Рафаэла Силва нар нэрлэгдэж байна. Учир нь тэмцээний эхний хоёр өдөр Япончууд дөрвөн жинд түрүүлж, наран улсын төрийн дуулал Хумо аренад тасралтгүй эгшиглэсэн. Гэтэл тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын финалд Монголын Ц.Цогтбаатар Японы Соичи Хашимотог, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Бразилын Рафаэла Силва Японы Харүка Фүнакүбог тус тус ялж, алтан медаль хүртсэн юм.

Рафаэла Силваг монголчууд эчнээ мэднэ. Тодруулбал, 2016 оны Риогийн олимпод Д.Сумъяа, Рафаэла Силва хоёр финалд үлдэж, Силва нутаг дээрээ олимпийн аварга болсон түүхтэй. Өдгөө 30 настай тэрбээр 2019 онд сэргээшийн шинжилгээнд бүдэрч, хоёр жил барилдах эрхээ хасуулаад байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж