"Улаанбаатар кино наадмаа өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар кино наадмаа өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн"

"Улаанбаатар кино наадмаа өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн"

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа. 


-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаанбаатар” олон улсын кино наадмаар гадаадын зочин хүлээж аваагүй. Энэ жилийн наадмыг ямар  онцлогтой зохион байгуулах вэ?

-“Улаанбаатар” олон улсын кино наадмыг хоёр жил гадаадын ямар ч зочингүй зохион байгуулсан. Гэхдээ зочид, төлөөлөгчид маань онлайнаар холбогдон оролцсон. Азаар наадмыг зохион байгуулах үеэр хөл хорионы үе тааралгүй, наадмаа завсарлахгүйгээр амжилттай зохион байгуулж чадсан. Энэ жилийн хувьд олон улсын кино наадмаа нэлээн өргөн хүрээнд хийхээр төлөвлөж буй.

Монголын урлагийн зөвлөл ерөнхий зохион байгуулагч хэдий ч энэ наадмыг маш олон байгууллага хамтран зохион байгуулдаг. Бид энэ жилээс дотооддоо Уран сайхны зөвлөлтэй болсон.

Энэ зөвлөл маань гадаадын кино хөтөлбөр боловсруулагчтай хамтран энэ жилийн хөтөлбөрөө гаргасан. Мөн наадмын Уран сайхны зөвлөл маань олон улсын кино наадмуудаар явж, хүрээгээ тэлэх боломжтой болсон.

-Дэлхийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголынхоо үзэгчдэд хүргэхэд ямар үе шат дамждаг нь сонирхол татаж байна?

-“Улаанбаатар” олон улсын кино наадам хоёр франц хөтөлбөр боловсруулагчтай. Эдгээр хүмүүсийн үндсэн ажил нь кино салбарыг судлах, олон найруулагчийн киног үзэх, санал зөвлөмж өгөх, кино наадмын хөтөлбөр боловсруулж, олон улсын фестивалиудад хамтран ажилладаг. Энэ үүднээс “Улаанбаатар” кино фестивалийг сүүлийн 10 жил дэмжин ажиллаж байна.

Энэ хоёр хүн дэлхий  даяар болж буй олон улсын кино фестивалиудад юу болж буйг судалгаа шинжилгээг байнга хийдэг гэсэн үг. Цаашдаа Монголдоо хөтөлбөр боловсруулагчтай болъё гэсэн бодлогоор өөрсдийгөө бэлтгэж байгаа.

Ер нь наадмыг зохион байгуулахад мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд гурав дахь жилдээ “Улаанбаатар” олон улсын кино наадмыг дэмжин ажиллаж буй.

-Энэ жил дэлхийн шилдэг хэдэн киног үзүүлэхээр бэлдсэн бол?

-Тийм ээ. Бүрэн хэмжээний 18 уран сайхны кино, нэг богино хэмжээний киног “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа үзүүлэхээр бэлдсэн. Хөтөлбөр маань нэлээд баялаг. Энэ наадам нь дэлхийн А зэрэглэлийн шилдэг фестивалиудын үндсэн хөтөлбөрт шалгарсан болон шагнал авсан олон улсын шилдэг кинонуудыг монголынхоо үзэгчдэд толилуулах зорилготой.

Эдгээр кино нь “Канн”, “Берлин”, “Венец”, “Торонто” зэрэг олон улсын кино наадмын үндсэн хөтөлбөрт багтсан эсвэл шагнал хүртсэн олон улсын бүтээлүүд байгаа. Хамгийн сүүлчийн өдөр Шведийн найруулагчийн “Гунигийн гурвалжин” нэртэй кино гарна.

Энэ жилийн хувьд кино урлагийн салбарт ургац арвинтай байлаа. Тодруулбал, “Венец” болон “Торонто” кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагнал хүртсэн залуу найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” кино Монголдоо албан ёсны нээлтээ хийнэ. Мөн “Трио” уран сайхны кино монгол киноны уралдаант хэсэгт өрсөлдөж, шалгарсан.

-Харин гадаадын зочдын хувьд?

-Бид “Локарно” олон улсын кино наадамтай гурван жил хамтарч ажилласан. Энэ наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрөөс хоёр зочин ирнэ. Уг наадмын дэргэд залуу найруулагч, продюсеруудыг бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.

Энэхүү сургалтад Монголын залуу найруулагч П.Лхагвадулам, С.Уран, П.Золжаргал, Л.Бат-Амгалан нар уг наадмаар дамжин, олон улсад гарах үүд хаалгаа нээсэн гэж хэлж болно.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагаас энэ наадмыг санхүүжүүлдэг. Тэр ч утгаараа “Локарно” наадмаас хоёр уран бүтээлч ирж, “Ирж яваа цаг” хөтөлбөрийн форумд оролцоно. Тэднээс гадна БНСУ, Непаль, Пакистан улсаас гурван найруулагчаас гадна Францаас хоёр уран бүтээлч урилгаар ирнэ.

-Монголын уран бүтээлчид “Хангарьд” шагналын төлөө өрсөлддөг. Энэ жил хэдэн кино шалгарч, өрсөлдөх вэ?

-“Улаанбаатар” олон улсын кино наадмын нэг хэсэг нь монгол киноны уралдаант хэсэг. Энэ хэсгээ наймдугаар сард зарлаж, хүлээж авсан кинонуудаас шилдэг гурвыг нь шалгаруулж, кино хөтөлбөртөө оруулдаг.

Энэ жилийн хувьд найруулагч Н.Ган-Очирын “Дасгалжуулагч”, найруулагч Б.Баатарын “Этгээд”, найруулагч Д.Баттөмөрийн “Трио” гэсэн гурван кино хөтөлбөрт орсон байгаа.

-“Улаанбаатар” кино наадмын бас нэгэн сонирхолтой хэсэг бол “Үзэхийн хязгаар” шүү дээ. Энэ жил “Хань” киног үзэгчдийн хүртээл болгоно гэж дуулсан?

-Манай наадмын “Үзэхийн хязгаар” хэсэгт XX зуунд бүтээсэн Монголын шилдэг найруулагчдын бүтээлүүдээс танилцуулдаг. Өнгөрсөн жилүүдэд “Говийн зэрэглээ”, “Ардын элч” уран сайхны киног хүргэж байсан бол энэ удаа “Хань” уран сайхны киног үзүүлэхээр бэлдсэн. “Номадиа пикчерс” болон Архивын ерөнхий газрын хамтарсан “Монгол кино HD” төслийн хүрээнд олон монгол киног шинэчилж,  дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэх боломжтой болсон ч “Хань” кино хараахан шинэчлэгдээгүй байсан.

Энэ фестивалийн хүрээнд бас нэг монгол киног HD болгож, хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж байна. “Үзэхийн хязгаар” хэсгийн дараагийн бэлэг бол “Есдүгээр сарын цас” киноны Монгол дахь нээлт юм.

-Соёлын яамны дэргэд Монголын кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл байгуулагдсанаар уран бүтээлчдэд хэр өгөөжтэй байна вэ?

-Тэгэлгүй яахав. Уран бүтээлийн санхүүжилтын асуудлыг тэр дор нь шийдэж, өгч буй. Монголын кино урлагийн салбар Кино урлагийн тухай хуультай болсноор маш том эерэг талуудыг авч ирж байгаа. Монголд “Улаанбаатар” болон “Алтан өргөө” гэсэн хоёрхон олон улсын кино наадмыг зохион байгуулдаг. Хуультай болсноор олон улсын кино наадмын зардлын 80 хүртэлх хувийг Монголын кино урлагийн зөвлөлөөс гаргадаг болсон.

Дэлхийн зарим улс оронд олон улсын кино наадмыг хот даяараа зохион байгуулж, бүх кино театраар наадмын кинонуудаа гаргаж, кино урлагаар “амьсгалдаг”.

Кино нь дотроо арилжааны болон  арт хаус индепендент гэсэн төрөлтэй. Арилжааны бус кинонуудыг гаргадаг кино театр ховор. Бид ирээдүйд хүрээгээ тэлэхийг хүсч буй. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал юм шиг байна. Арилжааны бус кино гэдэг үгнээс “айдаггүй” хамтрагчид бидэнд хэрэгтэй. Энийг бага багаар ойлгуулж, хөгжүүлэх нь наадмын гол зорилго юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж