ОХУ өнөөдөр /2022.10.10/ Украины хэд хэдэн байрлал руу 83 пуужин харвасныг Украины Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Үүний 43-ыг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чаджээ. Энэ тухай Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар телеграм хуудсаар дамжуулан мэдэгдэв. "Өнөөдөр 11:43 цагийн байдлаар 83 пуужин харваж, 43-ыг нь няцааж чадлаа. Мэдээллийг шалгаж байна" гэж тэр хэлжээ. Пуужингийн цохилтод Киев, Хмельницкий, Львов, Житомир, Днепр, Харьков, Кривой Рог болон бусад хот өртжээ.
"Террорист улс Орос нь Украины нутаг дэвсгэрт их хэмжээний агаарын цохилт өгч, нисгэгчгүй нисэх онгоцоор довтолж байна. Зэвсэгт хүчнийхэн иргэдээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байна" гэж Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный хэлэв.
Оросын арми Беларусь болон Крымийн нутаг дэвсгэрээс 17 нисгэгчгүй нисэх онгоц ашиглан цохилт өгч байгааг Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Украины ерөнхийлөгч Зеленский дээрх үйл явдалтай холбогдуулан "Их-7"-ийн бүлгийг яаралтай хуралдуулахыг хүсч буйгаа хэлэв. "Их-7"-ийн бүлгийг Герман улс даргалж буй. Тиймээс Германы канцлер Олаф Шольцтой бүлгийг яаралтай хуралдуулахаар тохиролцсон гэв.
Эх сурвалж: UKRINFORM, PRAVDA