Коммунист намын тунхаг Монголд…   

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Коммунист намын тунхаг Монголд…   

Коммунист намын тунхаг Монголд…   

Өөх ч биш, булчирхай ч биш, өрнийн ч бус, дорных ч биш. Хачин янзын зам мөрөөр бид бэдэрч явна. Өнөөдрөө үгүйсгэж, хуучнаа санагалзах маягтай. Монгол бол ардчилсан улс гэх… Гэтэл ардчилсан социализм гээч ойлголт аль хэзээний гарчээ.

Намаар дамжуулан эрх мэдэлд хүрээд аль болох багыг гаргаж, ихийг олдог болсон өнөөгийн тогтолцоо хуучны дарга нарын илүү хангамжтай нийгмээс юугаараа ялгаатай гэж. Татвараа шударгаар төлсөн нь дампуурч, төлөөгүй нь завшдаг, хөнгөлүүлдэг, хождог ийм нийгмийг юу гэдэг вэ? Хуурамч ардчиллын гай юм уу, хуучнаасаа салаагүй зовлон хэрэг үү? Гэхдээ энэ ганцхан Монголын зовлон биш аж.

Бидний ардчиллын чиг баримжаа болгон ярьдаг АНУ-д ч, өрнийн хөгжингүй орнууд ийм уналт руу оржээ. Хувь хүний эрх чөлөөг аажмаар хумиж, халамжид дулдуйдсан үзэл суртлыг өөгшүүлснээр төрийн засаглах хүч, улс төрийн эрх мэдэл илүү нэмэгдэж, түүнийг сурталчилдаг зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар ардчилсан гэгддэг улс аажмаар коммунизмаар халдварлажээ.

Коммунистууд ч зүсээ хувиргасан бөгөөд тэднийг ялгаж салгахад ч бэрх болсон талаар судлаачид сэрэмжлүүлж байна.

Тэдний зүтгэлээр бүх дэлхийг коммунизмаар халдварлуулах Маркс, Энгельс хоёрын онол ч дэлхий ертөнцийг “ногооруулжээ”. Харин бид аливаа албадлага зэргийг ярихдаа “ардчилал хөгжсөн АНУ-д чинь…” гэж жишээ авах авай. Гэтэл АНУ ч  Коммунист намын тунхагаар халдварласан нь тэр юмсанж.

Маркс, Энгельс нарын  "Коммунист намын тунхаг" бүтээлдээ аж үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгаа бий. Зуун жилийн дараа тэдгээр арван зааварчилгааны хэд нь өнөөгийн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад, хэд нь Монголд бодит биелэлээ олов?!

1.ХУВИЙН ӨМЧЛӨЛИЙН ГАЗРЫГ ХУРААН АВЧ, ГАЗРЫГ ТҮРЭЭСЭЛЖ, УЛСЫН ТӨСӨВТ ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ

 Бүрэн утгаараа биелэлээ олсон. Элдэв шалтаг тоочин хувийн өмчлөлийн газрыг хуулиар дээрэмддэг, өмчлөх эрхийг нь хүчингүй болгох наад захын жишээ. Эсвэл газрын албаныхан өөрийн давуу байдлаа ашиглан өмчилж, өндөр үнээр зардаг. Газар эзэмшиж буй хураамж, татвар төлнө. Өнөөдөр таны амьдарч буй нийтийн байрны нэг тоот таны өмч бол таны байрыг барьсан газар төрийн өмч. Хэдийгээр та өмчилж авсан газартай мэт боловч үнэн хэрэгтээ үгүй билээ.

2. ПРОГРЕССИВ ТАТВАР НООГДУУЛАХ /ШАТАЛСАН ТАТВАР/

Монгол Улсын 2023 оны төсөвт Хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. Эдийн засгийн либертари онолоор бол “Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль”. Эцсийн дүндээ хоёулаа л ижилхэн хуулийн нэрээр төрийн хийж буй дээрэм билээ.

3. ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ

Сүүлийн үед улстөрчдийн дунд хамгийн их яригдах болсон сэдэв. Хуулийн төсөл санаачилж, өв залгамжлалаас тодорхой хэмжээний татвар авахаар тусгасан ч батлагдаагүй. Өв залгамжлалын хууль батлагддаггүй шалтгаан нь иргэдээс илүүтэй Монголын чинээлэг давхаргыг бүрдүүлэх болсон улстөрчид хөрөнгөө өвлүүлэхдээ татвар төлөхгүй байх санаархалтай холбоотой. Нөгөөтэйгүүр ахмад настны тэтгэврийг үлдэгсдэд нь өвлүүлдэг болвол нэгнээ цааш нь харуулна гэж боддог улстөрчидтэй билээ, бид.

4. ЦАГААЧИД БОЛОН БОСОГЧДЫН ӨМЧИЙГ ХУРААХ

Монголд хууль ёсоор хэрэгжээгүй. Гэхдээ эрх баригчдын эсрэг дуугардаг бизнесийнхэн Монголд байдаггүй нь өмчийг нь дээрэмдэхгүй гэсэн баталгаа байхгүй төдийгүй бодит заналхийлэл байгаагийн шинж. "Өмчийг нь хураа", "төрийн мэдэлд ав" гэж ямар олон хүн хашгирч байна вэ?

5. ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН ГАРТ ТӨВЛӨРҮҮЛСЭН, ТӨРИЙН КАПИТАЛ БҮХИЙ ОНЦГОЙ МОНОПОЛЬ БҮХИЙ УЛСЫН БАНК БАЙГУУЛАХ /ТӨВ БАНК/

Монголбанк зах зээлд интервенц хийх замаар валютын зах зээлд оролцдог. Хувийн банкуудын дампуурлыг ээлж дарааллан зарладаг төр өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гэсэн банкуудтай. Хөгжлийн банкны их наядаар яригдсан мөнгөний хэрэгт  яллуулаад байгаа нь хувийн хэвшил мэт боловч ялзарсан төрийн үнэн нүүр царай нь тэр.

6.ТЭЭВРИЙН САЛБАРЫГ БҮХЭЛД НЬ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ

Төмөр зам 100 хувь төрийн мэдэлд байдаг. Агаарын тээврийн салбарт МИАТ ноёрхдог. Ашигтай гэж үзвэл автозамд хяналтаа тогтоохгүй гэх газаргүйг Замын-Үүдэд хийсэн "тусгай ажиллагаа"-наас бид харсан.

7. УЛСЫН ҮЙЛДВЭР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХАМТАЧ ТӨЛӨВЛӨГӨӨ ЁСООР ГАЗРЫН ҮР ШИМИЙГ САЙЖРУУЛЖ, ДЭЛ СУЛ ГАЗРЫГ ТАРИАЛАНД АШИГЛАХ

Салхитын мөнгөний ордоос эхлээд “Эрдэнэт” үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг хувийн хэвшлээс төрийн мэдэлд төвлөрүүлсэн. "Эрдэнэс-Тавантолгой"-гоос эхлээд цааш тоолорой… Тэд бүгдээрээ аж ахуйтай байхыг үгүйсгэхгүй.

8. БҮХ ХҮНИЙГ ХӨДӨЛМӨРТ ДАЙЧИЛЖ, АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙД ЗОРИУЛАГДСАН ХӨДӨЛМӨРИЙН АРМИ БАЙГУУЛАХ

Хуучны Барилгын цэргийг Монголд буцаан сэргээх үйл явц өрнөсөн бөгөөд төмөр зам барих ажлаар эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд төлбөрөө төлсөн атлаа оюутнууд ургац хураалтад дайчлагддаг болсон. "Монгол цэрэг" гэх мачо улс төр маш хүчтэй явах болсон агаад төрийн бүхий л дарга цэргийн цолтой, эрээн хувцастай яваа зургийг хаанаас ч үзэх боломжтой энэ цаг дор төрийн алба өөрөө "хөдөлмөрийн арми" болчихсон.

9. ГАЗАР ТАРИАЛАНГ АЖ ҮЙЛДВЭРТЭЙ ХОСЛУУЛЖ, ХОТ ХӨДӨӨГИЙН ХООРОНДЫН ЯЛГААГ ААЖМААР АРИЛГАХ

“Атрын III аян”-аас эхлээд төрийн албан байгууллагууд чиг үүргээсээ үл хамааран төмс, хүнсний ногоо тарьдаг. Чөлөөт зах зээлийн хуулиараа шийдэгдэх ёстой асуудалд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” гэх мэт сангуудаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг үрдэг. Монголд хүнээс илүү ямаа үнэ цэнэтэй билээ.

10. БҮХ ХҮҮХДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, НИЙГМИЙН БУЮУ УЛСЫН БОЛОВСРОЛООР ХАНГАХ. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮГҮЙ ХИЙХ. БОЛОВСРОЛЫГ АЖ ҮЙЛДВЭРТЭЙ ХОСЛУУЛАХ

Бүрэн утгаараа хэрэгжиж буй ч сургуулийн хүрэлцээ тааруу, боловсролын систем нь хоцрогдсон.


К.Маркс, Ф.Энгельсийн үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгаа 174 жилийн дараа Монголыг үйлдвэржихээс өмнө биелэлээ олсон гэлтэй.

Ийнхүү эдийн засагт интервенц хийх байдлаар капитализмыг социализм болгож хувиргах оролдлогууд Монголд төдийгүй дэлхий дахинд амжилттай хэрэгжээд байх шиг. Улаан өнгө, дарангуйлагч төр, нийтийн нэгхэн өмчийн хэлбэр, үр ашиггүй үйлдвэрлэлээр төсөөлөгддөг асан социализм ийнхүү төрөл арилжжээ. Тэднийг “Орос, Хятад, Хойд Солонгос”-оор төсөөлвөл туйлын гэнэн хэрэг болмой.

Тэд улаан, ногоон, бүр цэнхэр өнгөтэй. Ардчилсан, барууны хэв шинжтэй. Олон өмчийн хэлбэртэй. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай болон хувирчээ. Тэд бүгдийг нийлүүлэн, солонгорсоор эцэстээ төр бүх асуудлыг шийддэг эрх мэдэлтэй болохыг ч туйлын зорилгоо болгожээ. Жилээс жилд төр данхайж, бүгд төрийн алба руу хошуурсаар Монголын хүн амын аравны нэг нь төрийн албанд ажиллаж байна. Бизнесийнхэн бүх хөрөнгөөрөө дэнчин тавиад хамаагүй төр рүү зүтгэдэг болсон нь хаашаа хазайсныг хэлээд өгөх шиг. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултайг сануулаад явсан эмэгтэйн үгийг эргэн бодмоор. Монголд төрийг шүтэх, сурвалчилах үзэл эрчээ авч байна.

Капитализмын мөн чанарыг алдагдуулж, төрийн эрх мэдэл улам бүр нэмэгдсээр газар сайгүй эдийн засгийн уналт, үнийн өсөлт нүүрлэж эцэстээ дэлхийн даяараа эдийн засаг зогсонги байдалд оров. Ковидизмаар далимдуулан хувь хүн, бизнесийн эрх чөлөөнд халдах таатай хөрс суурь бий болсон агаад айдаст нь дөрөөлөн аажмаар төр данхайн томорсоор…

АНУ-д гэхэд инфляци сүүлийн 40 жилийн рекордоо эвдсэн бол Монголд 1990-ээд оны хэмжээнд очтол эдийн засаг агшиж, хасах таван хувьтай болтлоо буурсан билээ. Эдийн засаг хумигдаж, үнийн өсөлт, төгрөгийн уналт үргэлжилсээр буй ч төр засгийн зүгээс иргэдийг татвар, торгуулиар дарамтлаж, зарлага, алдагдал, өрийн таазаа өндөрлөсөн бодлого барих ажээ.

Зорьсон зүгээсээ аажмаар холдож, хуучин зам руугаа дөхсөөр. Энэ чигтээ давхисаар хүрэх газраа хүрэхэд хүн өөрийн амьдрал, асуудлыг шийдэх эрх чөлөөгүй, дур мэдэн амьдрах боломжгүй болох агаад тэр цагт Социализм гэгээн дүрээ харуулах болой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж