Тэтгэврийн мөнгөөрөө хөнгөлөлттэй эм ч авч чадахгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн мөнгөөрөө хөнгөлөлттэй эм ч авч чадахгүйд хүрчээ

Тэтгэврийн мөнгөөрөө хөнгөлөлттэй эм ч авч чадахгүйд хүрчээ

 Ам.долларын ханш өссөнөөр эм, эмийн хэрэгслийн үнэ эрс өсчээ. Монголбанкнаас зарласан албан ханш энэ сарын 10-ны байдлаар 3359 төгрөг байна. Харин хар зах буюу “Найман шарга” төвд ам.долларын ханш 3500 төгрөг хүрсэн юм. Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн 90 гаруй хувийг импортоор авдаг. Тухайлбал, эм импортлогч компаниуд долоо хоног бүр гаднаас татан авалтаа хийхэд эмийн үнэ багадаа 10 хувиар өсч буй талаар онцолж байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас  Улаанбаатар хотод ирж эмчлүүлж буй иргэн Б.Эрдэнэчулуун өдөртөө өвчин намдаах, даралтын, хорт хавдрын гээд олон эм уух шаардлагатай. Тэрбээр 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч тэтгэврийн мөнгөөрөө шаардлагатай эм тариагаа авахад хүрэлцдэггүй аж.  Сүүлийн үед эмийн үнэ өдрөөс өсч байгаа нь түүнд багагүй бэрхшээлтэй с анагдаж буйг нуусангүй.

 “Ах нь байнга эмнэлгээр явж, эмээ бичүүлэн авч уудаг. Зарим нь олдохгүй байна. Хавдрын эм 100 мянган төгрөг давчихдаг. Зарим эм нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь амьдрахад хэцүү болж. “Парацетамол” саяхан 500 төгрөг байсан бол одоо 1000 төгрөг болчихлоо.

Өвчин намдаах эм байнга уудаг хүмүүст хэцүү байна.  Үнийн өсөлт монголчуудыг элгээр нь мөлхүүлж байна даа. Хөнгөлөлттэй эм өнгөрсөн сард 18 мянган төгрөгөөр бичүүлж авсан. Гэтэл энэ сард 38 мянган төгрөгөөр авлаа. Хөнгөлөөд ийм үнэтэй байна. Би цусны хорт хавдартай, байнга эм уудаг. Эм авахад тэтгэврийн мөнгө хүрэлцдэггүй.  Ганц томографи авахуулахад хэдэн зуу мянган төгрөг нэхдэг.  Эмнээс өөр хоол иднэ, хувцас өмсөнө. Яаж амьдарна даа л гэж бодож байна” гэж тэрбээр гомдонгуй ярилаа.

ИМПОРТЫН БҮХ ЭМИЙН ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

Сүхбаатар дүүргийн нэгэн эмийн сангаар оров. Эмийн санч "Эмийн үнэ татан авалт хийх бүрт нэмэгдэж ирж байна. Өнөөдрийн байдлаар үнэ нь 10-60 хувьтай нэмэгдсэн байна. Антиботек эмэгтэйчүүдийн лаа, зүрх судасны эм гээд импортын бүх эмийн үнэ багагүй өссөн. Үүнээс гадна эрэлт хэрэгцээтэй байдаг антибиотекууд тасарчхаад ирэхгүй байна.  “Племоксин солютаб” тасалдаад ирэхгүй байгаа. “Септолет”, хүүхдийн байнга хэрэглэдэг сироп тасарчихсан байна. Жишээ нь 31 мянган төгрөгөөр худалдаалж байсан эм дуусаад дахиад захиалахад 39 мянган төгрөгөөр зарж байна. Мөн хөнгөлөлттэй эмийн хувь буурснаар, өндөр настнууд тэтгэвэр нэмэгдэхгүй байхад үнэ өслөө гэж бухимдаж байна" гэлээ.

ДОЛЛАР ӨСЧ БУЙ УЧРААС ӨДӨР ИРЭХ БҮР ЭМИЙН ҮНЭ ӨСЧ БАЙНА

Чингэлтэй дүүргийн эмийн санч Б.ЖАРГАЛСҮРЭН:

-Эмийн үнэ байнга нэмэгдэж байна. Өдөр өдрөөр ам.доллар өсч буй учраас эм, тарианы үнэд нөлөөлж байгаа байх.  Нийгмийн даатгалаар олгодог эмүүдийн үнэ нэмэгдсэн тул даатгалаар олгох боломжгүй болоод байна. Ханган нийлүүлэх байгууллагад хомсдол үүсч байгаа байх. Ам.доллар өсөөд байгаа учраас үнийнхээ өөрчлөлтийг дор дор нь хийж байна. Импортоор ирж буй бүх эм үнэтэй байна. Иргэдийн зүгээс “Эм үнэтэй, хэцүү байна” гэдэг. Би ганцхан эм биш бүх юмны үнэ нэмэгдэж байна гэх тайлбарыг хэлж сууна даа.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН 30 ХУВИЙГ ХӨНГӨЛСНӨӨР, АХМАДУУД ЭМЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Хөнгөлөлттэй эмийг ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түгээмэл хэрэглэдэг. Энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн  хөнгөлөлттэй эмийн хувийг бууруулж, үнийг шинэчилжээ. Ингэснээр байнгын эм уудаг иргэдэд эмийн үнэ хүндрэлтэй тусч байгаагаа хэллээ.

Өнгөрөгч жилүүдэд төрөөс 540 гаруй нэр төрлийн эмийг 50-70 хүртэлх хувь хөнгөлдөг байсан бол өнгөрөгч сараас эхлэн 30 хувийг нь төр хөнгөлөхөөр болсон байна.

Энэ талаар иргэн  А.Цэнд-Аюуш “Эмийн үнэ их нэмэгдсэн байна. Хуучин авч байсан зарим эмээс гол эмчилгээнд хэрэглэдэг эмнүүд хасагдсан байна. Үүнийг анхаарч үзээсэй.

Зүрх судасны эм, түрий булчирхайн эм нэмэгдсэн байна. Тэтгэвэр эм авахад хүрэлцэхгүй байна. Тогтмол эм уудаг учраас зүрх судас, бөөрний чиглэлийн эм авч ууж байна. Эмнээс гадна амьдралд хэрэглэх зүйл өчнөөн бий” гэлээ.

Тэгвэл ирэх оны төсөвт хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг нэмээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эмийн бүтээгдэхүүний үнэ ханш өнөөдрийн байдлаар 40-60 хувийн инфляцитай, үнэ нэмэгдэлтэй байна. 2020 онд хөнгөлөлттэй эмийн асуудлыг зөв шийдэж чадсан. Хөнгөлөлттэй эмийн журамд өөрчлөлт оруулахад, иргэд баяртай байсан. Ингэхдээ, 30, 70 хувь буюу 70 хувийг нь төрөөс даадаг байсан бол одоо 30 хувийг нь төр хариуцахаар болж байна. ЭМЯ, Сангийн яам иргэдээ сонсдог байх хэрэгтэй. Маш олон архаг хууч өвчтэй өндөр настнууд өнөөх эмээ өдөр бүр уудаг. Гэтэл одоо эмээ авч чадахаа байж байна. Гишүүддээ уриалахад, эрүүл мэндийн салбар, 3.5 сая хүний эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.

ЭМИЙН ҮНЭ ӨСӨХӨД ВАЛЮТЫН ХАНШИЙН ЗӨРҮҮ ШУУД НӨЛӨӨЛСӨН ГЭВ

Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмийн талаарх шийдвэрийг эргэн харахыг хүсч байгаа бол албаныхны мэдээлснээр эмийн үнэ өсөхөд валютын ханшийн зөрүү нөлөөлсөн гэдгийг онцлов.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагийн мэдээлснээр “2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4310 бүртгэлтэй байна. Нийт эмийн 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх гэдгийг тодотгоод импортын 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338 буюу 98 хувь, уламжлалт эм 69 буюу хоёр хувийг эзэлж байна гэлээ.

Мөн эмийн үнэд шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлст “Түүхий эдийн шууд өсөлт, сав баглаа боодлын үнийн өсөлт, валютын ханшийн зөрүү, эрэлт ихэссэнээс үүдэлтэй нөөцийн хомсдол, тээвэрлэлт хадгалалт зэрэг багтсан бол шууд бус хүчин зүйлст экспортын хориг, хилийн хязгаарлалт нөлөөлсөн гэж үзжээ.

ИРГЭДИЙН ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ ЭМИЙН ҮНЭ ДАРААХ БАЙДЛААР НЭМЭГДЖЭЭ

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж