Шри-Ланка улс дампуурлаа зарлаж, 51 тэрбум ам.долларын гадаад өрөө төлж чадахгүйд хүрээд буй. Үүнээс 28 тэрбумыг нь 2027 он гэхэд төлж барагдуулах ёстой.
Тэгвэл тус улс өрийн бүтцийн өөрчлөлт хийх талаар Хятадтай хэлэлцээ хийж эхэлснийг ерөнхийлөгч Ранил Викремесингхэ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Энэ нь Шри-Ланкыг эдийн засгийн хямралаас аврах Олон улсын валютын сангийн ажлыг эцэслэх чухал алхам болж байна. Өрийн бүтцийн өөрчлөлтийн талаарх хэлэлцээг Хятадын Коммунист намын ХХ их хурлын дараа хийхээр төлөвлөжээ. “Хятад улс эртнээс биднийг дэмжсээр ирсэн. Энэ хүнд цаг үед ч бас тусламжийн гараа сунгана гэдэгт бид найдаж байна” гэж Викремесингхэ хэллээ.
Шри-Ланкын ерөнхийлөгч Ранил Викремесингхэ Токиод айлчлаад саяхан эргэж ирсэн. Японы засгийн газар Хятадтай хийх яриа хэлэлцээг зуучилж өгөхийг зөвшөөрчээ.
Тус улс Олон улсын валютын сантай дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын тусламжийн багцын урьдчилсан хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хэрхэн шийдэгдэх нь өрийн бүтцийн өөрчлөлтийн баталгаанаас шалтгаалах аж. Шри-Ланкын Төв банкны ерөнхийлөгч Нандалал Верасингхэ өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд өрийн бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхдөө тодорхой алхам хийсэн гэж хэлжээ.
Шри-Ланка улс дэлхийн зээлдүүлэгчдэд хандан илтгэл тавьсан бөгөөд санхүүгийн зөвлөхүүд, хандивлагч орнууд, арилжааны зээлдэгчидтэй уулзалт зохион байгуулсан.
Яриа хэлэлцээ ахицтай байгааг Төв банкны ерөнхийлөгч онцолсон. Гэхдээ зах зээлд нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд чимээгүй байхыг илүүд үзэж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хэлэлцээр албан ёсоор дууссаны дараа л мэдээлэл өгөх аж.
Далайн боомт, онгоцны буудал, нөхөн сэргээсэн газарт баригдаж буй хот гээд дэд бүтцийн төсөлд зориулж өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадаас зээлсэн мөнгө тоймгүй. Харамсалтай нь энэ төслүүд зээл төлөхүйц хэмжээний хангалттай орлого олоогүй нь Шри-Ланкын эдийн засгийн хямралын гол хүчин зүйлсийн нэг боллоо.
Гэхдээ Хятад улс Шри-Ланкын хамгийн том зээлдэгч биш юм. Тус улс нь Шри-Ланкын нийт зээлийн 10 хувийг эзэлдэг буюу Япон, Азийн хөгжлийн банкны араас удаалдаг. Өрийн бүтцийн өөрчлөлтийн хэлэлцээр хийх санааг Хятад зөвшөөрсөн нь нэн чухал юм. Угтаа бол Хятад улс нэмэлт зээл санал болгосон хэдий ч бүтцийн өөрчлөлт хийх үүрэг хүлээгээгүй.
Шри-Ланкын эдийн засаг 2022 оны эхний хагасын байдлаар 4.8 хувиар буурсан гэсэн тооцооллыг Төв банкнаас гаргасан. Харамсалтай нь мөнгө, төсвийн нөхцөл чангарсан, шатахуун, хоол хүнс, эм тариа зэрэг өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн хомсдсон, гадаадын валютын хүртээмжгүй байдлаас үүдэн бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал үүссэн зэргээс шалтгаалаад 2022 оны хоёрдугаар хагаст ч энэ үзүүлэлт буурах төлөвтэй байна.
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТУСЛАМЖ
Шри-Ланка улс Олон улсын валютын сангаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд орсон. Үргэлжилж буй нөхцөл байдал нь сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ажиглагдсан хамгийн аймшигтай хямралд тооцогдож байна.
Энэ оны есдүгээр сард инфляци 69.08 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Шри-Ланкын хямралд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг дурдвал, 2019 оны сонгуулиас үүдэлтэй татварыг бууруулсан, 2021 онд органик хөдөө аж ахуйд гэнэт шилжсэн, төлбөрийн тэнцлийн хямралыг бууруулахын тулд гадаад зээлийг удаа дараа ашигласан, цар тахлаас үүдэлтэйгээр аялал жуулчлалын салбар нуран унасан зэрэг олон шалтгаан бий.
Эдгээрийг эрх баригчид буруу удирдсан нь өнөөдрийн томоохон хямралд хүргэжээ. Бидний нүдэнд харагдаж буй иргэдийн эсэргүүцэл, шатахуун түгээх станцын урт дараалал, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг нь асар их эмх замбараагүй байдлын зөвхөн өнгөцхөн тал юм.
Одоогийн байдлаар Энэтхэг, Бангладеш, Япон, Хятад зэрэг улс Шри-Ланкад тусламжийн гараа сунгаад байна. Харин Олон улсын валютын сангийн зээл нь макро эдийн засгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг сэргээх, эдийн засгийн өсөлтийн боломжийг нээх зэрэг илүү алсыг харсан зорилготой.
Шри-Ланкын санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж, бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэн, эмзэг бүлгийнхэнд туслахыг тус сан зорьж байна.
Олон улсын валютын сангийн тусламжийн хөтөлбөр нь долоон чухал зүйлтэй.
- Төсвийн нэгдсэн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварын томоохон шинэчлэл хийх
- Аж ахуйн нэгжүүдээс үүдэлтэй төсвийн эрсдэлийг бууруулах зорилгоор түлш, цахилгаан эрчим хүчний зардлыг нөхөхөд үндэслэн үнийг тогтоох
- Эмзэг бүлгийнхэнд туслах нийгмийн хамгааллын сүлжээний хамрах хүрээ, зорилтот түвшинг сайжруулах
- Үнийн тогтвортой байдлыг сэргээж, инфляцийн уян хатан горимыг бий болгохын тулд өгөгдөлд суурилсан мөнгөний бодлого, төсвийн нэгдмэл байдал, мөнгөний санхүүжилтийг үе шаттайгаар зогсоох
- Валютын нөөцийг сэргээхийн тулд зах зээлээс тогтсон уян хатан ханшийг сэргээнэ
- Санхүүгийн салбарын зохицуулалтын стандарт, аюулгүй байдлын сүлжээг боловсронгуй болгохын зэрэгцээ банкны эрүүл тогтолцоог хангах
- Төсвийн ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, авлигын эмзэг байдлыг бууруулах бодлого.
Олон улсын валютын 2000 оноос хойш Шри-Ланкад 4.9 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан. Гэхдээ эцсийн дүндээ энэ мөнгийг бүгдийг нь Шри-Ланкад олгож чадаагүй. Тус сангийн тусламжийг эдийн засгийн хувьд хамгийн таагүй хувилбар гэж үздэг аж. Учир нь Олон улсын валютын сангийн нөхцлийг дагаж мөрдөхөд хэцүү байдаг бөгөөд сүүлийн арван жилд ажиглагдсантай ижил нэмэлт дарамтыг Шри-Ланкын дотоодын эдийн засагт учруулж болзошгүй юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ