ДБЭТ-ын гаднах хоёр арсланг хогон дээр хаяжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ын гаднах хоёр арсланг хогон дээр хаяжээ

ДБЭТ-ын гаднах хоёр арсланг хогон дээр хаяжээ

Соёлын яамнаас энэ онд хоёр театр, хоёр музейн барилгад их засвар хийх болон сэргээн засварлахаар болсон. Үүний нэг нь Дуурь, бүжгийн эрдмийн театрын их засварын ажил. Үүнд нийт 1.9 тэрбум төгрөгийн төсөвлөж, энэ оны хоёрдугаар сард тендер нь зарласан. Одоо ч засварын ажил үргэлжилж буй.

Театрын гадна багана, хана, дам нуруунууд, дээврийн будгийг бүрэн хусч, архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн эмелентүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээх ажлуудыг гүйцэтгэхээр болсон. Гэвч тендерт сонгон шалгарсан "Марвел хаус" компани болон туслан гүйцэтгэгч компани аль аль талдаа асуудал үүсчээ. Энэ нь барилгын салбарт үүсээд байгаа материалын хомсдол болон үнийн хөөрөгдөл зэргээс шалтгаалж, анхны тохирсон ажил үүргийн хуваарь алдагдснаас болсныг зарим эх сурвалж мэдээлсэн.

Энэ байдлаараа уг барилгын засварын ажил зогсох эрсдэлтэй аж. Эх сурвалжийн мэдээлснээр театрын засварын ажил шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлсэн юм. Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдэнд байрлах хоёр арсланг засахад өндөр өртөгтэй гэх шалтгаанаар хог дээр хаясан байна.

Туслан гүйцэтгэгч компанийн инженер  С.Ербол:

-Дуурь, бүжгийн эрдмийн театрыг "Марвел хаус" гэдэг компани засварлахаар тендерийг нь авсан. Гэвч хэрэглэж байгаа материал чанарын шаардлага хангахгүй нүд хуурч байгааг шууд хэлнэ. Дээврийн будаг гэхэд 30 саяар хийж буй. Бид цалин хөлсөө авч чадахгүй байна. Тухайн компанитай өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй.

Уг барилгын засварын чанарын тухайд шаардлагад нийцэхүйц байдлаар хийхгүй байгаа. Уг нь бол хар замаск түрхэж байж чулуун замаскыг татдаг. Гэтэл энэ бүх ажлыг хийгээгүй. Театрын нүүр талын пасат гэхэд шаардлага хангахгүй. Барилгад шаардагдах материалын хөрөнгө мөнгийг олгохгүй байгаа гэж ойлгож болно. Ажил анх тохирсон графикийн дагуу явахгүй  хэд хэдэн удаа өөрчлөгдсөн хүндрэлүүд гарсан.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдэнд байрлах хоёр  арсланг шөнийн цагаар авах хэрэгтэй гэсэн шаардлага бидэнд удаа дараа тавьсан. Уг ажлыг бид сунжруулаад авахгүй явсан. Сүүлдээ өөрсдөө шөнийн 02.00 цагт хүрч ирээд /2022.09.30/ ачаад явсан. Уг нь тэр арсланг засах гэж байсан боловч төсөв нь өндөр байсан. Тэгээд засуулахгүй шууд хаясан дээр гэсэн юм шиг байна лээ. Бид хоёр арсланг хаашаа авч явсныг нь мэдэхгүй" гэв.

Туслан гүйцэтгэгч компанийн инженер Х.Ербол 

-Бидэнд Дуурийн театрыг засварласан ажлын хөлс чухал биш. Энэ компанийн хийж байгаа хариуцлагагүй ажлыг илчилмээр байна. Уг "Марвел хаус" гэдэг компани дандаа Соёлын яамнаас тендер авдаг. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд тендерийн ажил аваад сая буцаагдсан. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын театрыг хоёр жил гацаасан. Гэвч  барилгын ажилд шаардлагатай мөнгөө авчихдаг. Үүнийг хуулийн байгууллага нь шалгах хэрэгтэй" гэдгийг хэлж байв.

"ХОЁР АРСЛАНГИЙН БАРИМЛЫГ АКТАЛЖ, АШИГЛАГЧ  БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН"

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын засварын  асуудлаар  "Марвел хаус" компанийн захирлаас тодруулллаа.

"Марвел хаус" компанийн ерөнхий захирал Ч.Эрдэнэпүрэв:

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын  үүдэнд байрлах хоёр арслангийн баримлыг акталж, ашиглагч  байгууллагын хүсэлтээр хогийн цэг дээр хаясан.  Хоёр баримал нь соёлын өвийн бүртгэлд байхгүй, хандиваар боссон юм байна лээ.  Тэгэхээр түүхийн дурсгал болохгүй болов уу.  Ингэхдээ төв талбайд өдрийн цагаар том машин орох боломжгүй тул шөнийн цагаар ажлаа гүйцэтгэсэн.

Түүнчлэн цементэн арслангуудыг засварлахад 80 сая төгрөгний зардал гарахаар тооцсон. Цаашлаад  засвар авахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнийг нь нотолсон зураг баримт ДБЭТ-ын  албаны хүмүүст бий. Манайх ашиглагч байгуулагын хүсэлтийн дагуу ажлаа хийсэн гэдэг хариултыг өглөө.

-Танай компани ДБЭТ-ын засварын ажилд хэрэгцээтэй барилгын материалаар хангаагүй гэх асуудлыг ярьж байна? 

-Бид энэ талаар холбогдох байгуулага Мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор бичиг баримтаар өгөхөөр болсон. Тухайн гүйцэтгэгч компанийн хувьд ажилчдын цалинг тавихгүй байна гэсэн гомдол манай компанид тавьсан. Бид ажлын хөлсөнд нь 200 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Энэ нь  ажлын 80 хувийн санхүүжилт ажлаа дуусгасны дараа үлдсэн мөнгөө авах ёстой. Бид удаа дараа албан бичгээр ажлаа явуул гэсэн шаардлага тавьсан. Бид ашиглагч байгуулагын  (ДБЭТ ) хүсэлтийн дагуу ажлаа хийнэ.

Харин Соёлын яамнаас зүгээс ДБЭТ-ын хоёр арслангийн тухайд нэмэлтээр гаднаа хийж байсан теграц гэхэд болно. Энэ асуудлаар яамны Хөрөнгө оруулалтын албанаас тодруулья гэсэн юм.

"АРСЛАНГИЙН БАРИМЛЫГ ЗАСАХ ГЭЖ УДАА ДАРАА ОРОЛДСОН БОЛОВЧ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН"

ДБЭТ-ын ерөнхий захирал Ц. Түвшинтөгс:

-Манай ДБЭТ-ын гадаад фасатыг янзлахдаа хуучин төрхөөр сэргээн засварлахаар зураг төсөл гарсан. Үүнд нь үүдний хэсэгт байрлуулсан хоёр арслангийн баримал бас багтана. Анх 2003 оны үед хандиваар уг хоёр арсланг бүтээсэн гэсэн. Бид уг нь засах гэж удаа дараа оролдсон боловч цагийн уртад элэгдэлд ороод сэргээх боломжгүй болсон. Бүр сүүлдээ хэсэг хэсгээрээ тасарч унаад байсан. Энэ талаар зураг төслийг нь хийсэн архитектор нь сайн мэдэж байгаа гэв.

Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чиглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан Монголын ахмад уран бүтээлчид буюу Төрийн хошой шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибазар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар бүтээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж